Кесоны орлогын 70 хувийг хураан авдаг

Хуучирсан мэдээ: 2016.02.14-нд нийтлэгдсэн

Кесоны орлогын 70 хувийг хураан авдаг

 

Хойд Солонгосын засгийн газар Кесоны аж үйлдвэрийн цогцолборын ажилчдын цалин хөлс болон татварын бусад орлогын 70 хувийг хураан авдаг хэмээн Сөүлийн албаныхан мэдээлж байна. Кесоны аж үйлдвэрийн цогцолбороос орж ирсэн ам.долларын орлогын ихэнх хувийг удирдагч Ким Чен Уны тансаглал болон зэвсгийн хөтөлбөрт зарцуулдаг гэнэ. Кесоны аж үйлдвэрийн цогцолборт ажилладаг Хойд Солонгосын ажилчид сард дунджаар 160 ам.долларын цалин авдаг боловч багахан хэсгийг гар дээрээ авдаг аж. Хойд Солонгосын ажилчид сард ойролцоогоор 70 ам.долларын үндсэн цалинтай боловч илүү цаг болон бусад бонус нэмэгдээд бараг хоёр дахин өсдөг гэнэ.

 

Пхеньян дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, холын тусгалын пуужин хөөргөсний дараа Өмнөд Солонгосын талаас Кесоны аж үйлдвэрийн төслийг бүрэн зогсоож, ус цахилгааны хангамжийг тасалсан юм. Харин Пхеньяны талаас үүнийг “дайн зарлалаа” хэмээн нэрлэж, Өмнөд Солонгосын 280 ажилтныг хөөн гаргажээ. Түүнчлэн Кесоны аж үйлдвэрийн цогцолбор дахь Өмнөд Солонгосын компаниудын хөрөнгийг царцаан авч үлдсэн байна.

 

Кесоны аж үйлдвэрийн цогцолборт 2004 оноос эхлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд Хойд Солонгос аж үйлдвэрийн цогцолбороос 616 тэрбум вон /560 сая ам.доллар/ бэлэн мөнгөний орлого олжээ.

 

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж