Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат маргааш Хэнтий аймагт ажиллахаар болжээ. Сар шинийн өмнө Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр болон дамжуулах хоолой барих шийдвэр гаргасан. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгийнхэн Хэнтий аймагт ажиллахаар болжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь жилд 2.5 сая тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд түүхий эдээ дотоодоосоо хангах юм.
Уг үйлдвэрийг барих шийдвэрийг Засгийн газраас гаргасны дараа Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Энэ үйлдвэр дотоодынхоо нөөцөд тулгуурласан үйлдвэр байна. Таван байршил сонгосон байснаас хамгийн ашигтай нь Бор-Өндөр сум. Усны нөөц, байршлынхаа хувьд ч Дорнодод боловсруулсан нефтиэ шугам хоолойгоороо татсан ч тэр ложистикийн хувьд хамгийн ашигтай байрлал болж буй учраас шийдвэр ингэж гарч байна. Боловсруулах үйлдвэрийн тухайд үйлдвэр нь хувийн хэвшлийн консерциум дээр тулгуурлагдсан хөрөнгө оруулалтаар явна. Үүнд төр оролцохгүй эсвэл оролцох нэг хувилбар байж болно. Оролцсон тохиолдолд хяналтын алтан хувьцаа байж болно гэж харж байна. Харин түүхий нефть дамжуулах хоолой нь төрийн мэдлийн байна. Өнгөрсөн хугацаанд төсөл ажил хэрэг болоогүй унаж байсан нь нэгдсэн бодлогогүйтэй холбоотой. Одоо бол нэгдсэн бодлоготой болсон. Нэгдсэн бодлогын хүрээнд бүх талууд ижил тэгш оролцох гарааны нөхцөлийг бий болгосон” гэдгээ мэдэгдэж байсан юм.
Г.ОЮУ