Жолоочийн даатгалын тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Жолоочийн даатгалын тухай хэлэлцэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагт зарлагдсан бөгөөд Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн албан татварын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм байна.

УИХ-ын  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас эхэлж, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Туул голын усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдал болон түүний урсацын бүсээс түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй байдалд Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцсан Байнгын хорооны Ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох аж.

Үдээс хойш буюу 14.30 цагт Эдийн засаг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг авч хэлэлцэх юм байна. Дараа нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж,  Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл түүнтэй холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэллэцүүлгийг хийнэ. Мөн Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл, Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан мөн болж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж