Хуучирсан мэдээ: 2016.02.12-нд нийтлэгдсэн

Путиныг шүүхэд өгчээ

Алексей Навальный

 

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный ерөнхийлөгч Владимир Путиныг Москва хотын Тверской шүүхэд өгчээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг “Сибур Холдинг” компанийн санхүүжилтийн хэрэгт ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх болон авлигын эсрэг хуулийг зөрчсөн хэмээн буруутган шүүхэд өгсөн байна.

 

Путины хүргэн Кирилл Шамаловын хувьцаа эзэмшдэг “Сибур Холдинг” нефть, химийн компани өнгөрсөн жил Оросын төрийн хөрөнгө оруулалтын сангаас маш бага хүүтэйгээр 1.75 тэрбум ам.долларыг авсан аж. Энэ хэрэгт ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин хувийн харилцаагаар санхүүжилт олгохыг зөвшөөрсөн гэж Алексей Навальный мэдэгджээ. Харин “Сибур Холдинг” компанийн зүгээс төрийн сангийн зээлийг инфра-дэд бүтцийн төсөлд олгох дүрэм журмын дагуу авсан хэмээн өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдэгдэж байв.

 

Кирилл Шамалов нь Путины бага охин Катерина Тихоноватай 2013 оны эхээр гэрлэсэн аж. Удалгүй тэрбээр “Сибур Холдинг” компанийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг болжээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж