Монгол түмний үндэсний их баяр цагаан сарын шинийн 4-ний билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Сар шинийн өдрүүдэд бүх нийтээрээ амарч, өнөөдрөөс ажил алба эхэлж байгаа ч нийслэл хот эл хульхан, хөл хөдөлгөөн бага байна. Харин цахим ертөнцөд аймаг, сумдын золголтын зар хэдийнэ тавигджээ. Тэр аймгийн энэ сумын иргэд энд тэнд цуглана уу гэсэн зар хаврын тэргүүн сарыг дуустал хөвөрдөг урьд жилүүдийн түүх энэ жил ч давтагдах нь бололтой. Ураг төрөл, удам судраа мэдэлцэж, бүл үеэлтэйгээ танилцан, ач үрсийнхээ өсөж торнисныг харж баясдаг ганц баяр цагаан сар яалт ч үгүй мөн. Гэвч аймаг, сум, баг бригадаараа ялгарсан, жалга довны үзэл үнэртүүлсэн нутаг орны золгуутыг энэ жилээс халчихвал яасан юм бэ. Яг үнэндээ нутаг орны золгуутын үеэр ахмад буурлуудаа хүндэтгэдэг гэхээсээ илүү өмссөн зүүсэн, унасан уяснаа гайхуулах бэлтнүүд, золгуут далимдуулж нэр хүндээ өргөх улстөрчид цугладаг гэхэд хилсдэхгүй. Энэ мэт гаж үзэгдэл сонгууль дагасан жилд илүүтэй дэлгэрдэг болохоор хөгшдөө баярлуулъя гэж байгаа бол аяга цайны сүү, алд цэнхэр хадаг л хангалттай гэдгийг дуулгачихъя. Түүнээс баяр дагаж хөөрцөглөсөн ааш аяг, улстөр нэвт шингэсэн далд сурталчилгаа хөөрхий ахмадуудыг чилээнэ үү гэхээс баярлуулахгүй. Аймаг, сумдын золголтыг арай өөр хэлбэрээр, уугуул нутагтаа үлдэцтэй, нутгийн олноо баясгасан зөв шийдлээр зохион байгуулахын тулд нутгийн зөвлөлийнхөн толгойгоо гашилгадаг болмоор юм. Нэгэн үеийг бодвол аймаг орон нутаг бүр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болсон. Увсын бор ааруул, Сэлэнгийн талх, загас, Өмнөговийн гоёо, Дорнодын мэхээртэй тос, Завханы сармай дээлт гээд тоочоод байвал бусад аймаг, сумдад ургадаггүй ургамал ногоо, ховор нандин бүхнээ нутгийн брэнд болгон бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Тэр бүхнээрээ уралдаж, түүгээрээ гайхуулах, улсдаа төдийгүй хөрш орнуудад таниулан түгээхэд нутгийн зөвлөлийнхөн санаа оноогоо уралдуулдаг болоосой.
Нутгаа гэсэн сэтгэл монгол хүн бүрт бий. Гэхдээ нутгархаг байна гэдэг аймаг, сумаараа, уугуул суугуулаараа талцана гэсэн үг биш. Гурван сая гаруйхан хүн амтай хэр нь гуч, дөчин нэгжид хуваагдаад бид хаачнам билээ. Тэгж талцах юм бол нийслэлчүүд хамгийн хүчирхэг нь байх биз ээ. Алтан тэвшийн хөндийд аж төрж буй уугуул иргэдийг нутаггүй гэвэл хилсдэх бус уу. Нийт хүн амын 40 хувь нь нийслэлд аж төрдөг ч “Би Улаанбаатарынх биш ээ, зүгээр л түр оршин суугч” гэх үү. Улаанбаатарынхан дотроо 40 мянгат, бага тойруу, хорооллынхоороо хуваагдаад золгоод, ялгаад унавал инээдэм биш гэж үү.
Аймаг сумаараа талцсан этгээд үзэгдлийг энэ жилээс халахгүй бол нам, фракцийн ялгамжаас ялгарахааргүй муу дагавартайг хэлэх нь илүүц биз ээ.
Д.ЦЭЭНЭ