-Нефтийн үнэ буурах нь нефть импортлогч орнуудын эдийн засагт эергээр тусч, өсөлт авчрах сайн талтай ч экспортлогч орнуудын хувьд энэ нь сүйрэл дагуулж болзошгүй боллоо-
Өнгөрсөн жилийн турш унасан, шинэ он гараад ч унасаар байгаа газрын тосны үнэ дэлхийн зарим улсыг санхүүгийн хувьд дампууруулж магадгүй байна. Нэн ялангуяа газрын тосны экспортоос эдийн засаг нь ихээхэн хамааралтай улсууд хүнд байдалд оржээ. Ийм шалтгаанаар хүнд байдалд байгаа Азербайжанд туслах яриа хэлэлцээг ОУВС эхлүүлээд байгаа юм. Латин Америкийн Венесуэль, Эквадор дараагийн ээлжинд жагсч байна. Хэрвээ нефтийн үнэ ойрын үед өсөхгүй бол том эдийн засагтай орнуудаас ОХУ, Саудын Араб хоёр санхүүгийн хямралд ороход ойрхон болжээ.
Евробүсийн орнуудын санхүүгийн хямралын асуудлыг зохицуулж дуусаагүй байтал түүхийн эдийн экспортлогч орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх шаардлага ОУВС-д тулгарч байна. Гэсэн ч нэг удаа тусаллаа гэхэд түүхий эдийн үнээс хамааралтай эдгээр улс цаашдын санхүүгийн шинэчлэлийг хийж чадах уу гэдэг гол асуулт болоод байна.
Нефтийн үнэ буурах нь нефть импортлогч орнуудын эдийн засагт эергээр тусч, өсөлт авчрах сайн талтай ч экспортлогч орнуудын хувьд энэ нь сүйрэл дагуулж болзошгүй боллоо.
Сүйрлийн шинж тэмдэг тодоор илэрч байгаа нь одоогоор Азербайжан байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд дундаас хамгийн их нефть олборлогч энэ улс нефтийн үнэ нэг баррель нь 100 ам.доллар давж байх үед хуримтлуулсан хөрөнгөө одоо бараг зарцуулаад дуусч байгаа. Тиймээс ОУВС-д хандан яаралтай санхүүгийн тусалцаа үзүүлэх хүсэлтийг тавиад байгаа юм. ОУВС-гийн тооцоогоор Азербайжан хуримтлуулсан хөрөнгийнхөө 60 хувийг үрчихээд байгаа бөгөөд ОУВС-гаас дөрвөн тэрбум ам.долларын тусалцаа хүсч байна. Азербайжаны араас Венесуэль, Эквадор орж байна. Мөн Африкийн Нигер. Нигер улс Дэлхийн банк болон Африкийн Хөгжлийн банкаас 3,5 тэрбум ам.долларын тусалцаа хүсээд байна.
Том экспортлогчдоос Саудын Араб хүнд байдалд байна. Санхүүгийн тайлан нь хэзээ ч ил тод байгаагаагүй Саудын Араб бол хамгийн хямд өртгөөр нефть олборлож байгаа улс. Гэсэн ч энэхүү хаант улсын зарлага маш их бөгөөд харамсалтай нь нефтээс өөр орлогын эх үүсвэр байхгүй. Санхүүгийн албан мэдээгээр Саудын Арабын төсвийн алдагдал өнгөрсөн жилийн дүнгээр 100 тэрбум ам.доллар хүрсэн. Энэ нь ДНБ-ий 15 хувь юм. Хэдийгээр зарлагаа ихээр танаж байгаа ч энэ жил Саудын Арабын төсвийн алдагдал үүнээс л илүү нэмэгдэх нь тодорхой. Саудын Арабын хажууд Грекийн санхүүгийн байдал өөдрөг харагдахаар байгаа. Энэ маягаар явах юм бол Саудын Арабын хуримтлуулсан хөрөнгө удахгүй дуусна.
ОХУ-ын хувьд Саудын Арабтай харьцуулахад төсвийн алдагдал нь арай бага. ОХУ-ын Сангийн яамны тооцоогоор энэ 2016 онд төсвийн алдагдал нь 20 тэрбум ам.доллар байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь ДНБ-ий гурван хувь гэсэн үг юм. Гэхдээ энэ таамаг нэр баррель нефтийн үнийг 40 ам.доллараар тооцсон тооцоо гэдгийг санах хэрэгтэй. ОХУ-ын ерөнхий эдийн засгийн төлөв байдал нь тийм ч сайнгүй байгаа. Эдийн засаг нь 3,7 хувиар унаж, рублийн ханш улам суларч байна. Үүний хажуугаар Сирийн ажиллагаатай холбоотойгоор батлан хамгаалах зардал нь улам өсөн нэмэгдэж, энэ ачаалал газрын тосны салбарт ирж байгаа.
Нефтийн үнийн бууралт дэлхийн банкны салбарыг араасаа чирч магадгүй байна. Европын Банкны индекс он гарсаар 30 хувь унаад байна. Банкны хөрөнгө оруулагчид сэтгэл зовинонгуй байдлыг ажиглаж байна. Энэ долоо хоногт Deutsche Bank “банкны үйл ажиллагаа хад мэт бат бөх” байгаа гэж мэдэгдсэн ч хөрөнгө оруулагчид тайвширч чадахгүй л байгаа.
Дэлхийн Банк болон ОУВС-гийн санхүүгийн нөөц өмнөх санхүүгийн хямралын улмаас ихээхэн багасчихсан байгаа. Нэг удаагийн томхон тусламжийн үзүүлэх нөөц байгаа ч эрчим хүчний түүхий эдээс хамааралтай байдлаа эцэслэж, өөр эх үүсвэр бий болгох шинэчлэлийн нөхцөл тийм ч амар биелэхгүй. Ингэж чадахгүй бол дампуурахаас өөр зам үлдэхгүй юм.
А.ШАРАВ