Оросыг бөмбөгдөлтөө зогсоохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2016.02.11-нд нийтлэгдсэн

Оросыг бөмбөгдөлтөө зогсоохыг шаардав

 

ОХУ-ыг Сирийн Халеб хот орчимд агаараас бөмбөгдөлтөө зогсоохыг Барууныхан шаардаж байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Халеб хотод гал зогсоож, хүмүүнлэгийн тусламж оруулахын төлөө Оросыг агаараас бөмбөгдөлтөө зогсоохыг шаарджээ. Сирийн засгийн газрын арми Халеб хотыг босогчдоос чөлөөлөхөөр тулалдаж байгаа аж. Халеб хотноо хоёр сая орчим энгийн иргэн амьдарч байгаа гэнэ.

 

Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орон өчигдөр хаалттай хуралдах үеэр ОХУ-ыг Халеб хот орчимд агаараас бөмбөгдөлтөө гурван сарын 1-ээс өмнө зогсоохыг шаарджээ. ОХУ ирэх гуравдугаар сарын 1-ээс эхлэн Сирид гал зогсоох саналыг тавьсан гэнэ.

 

Түүнчлэн өнөөдөр /II.11/ Мюнхен хотноо ОХУ, АНУ, Саудын Араб, Иран болон бусад орнууд хуралдаж Сирийн энхийн хэлэлцээг дахин эхлүүлэх боломжийг хэлэлцэх гэнэ. Сирийн Засгийн газар болон босогчдын хооронд гал зогсоож, энхийн хэлэлцээг явуулахаар эхний алхмыг энэ сарын эхээр хийсэн билээ. Сирид тав дахь жилдээ үргэлжилж буй иргэний дайны улмаас 250 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн гэр орноо орхин дүрвэн, зарим бүслэгдсэн хотын оршин суугчид өлсөж үхэх болсон юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж