&#34Хөөргөө үзэсгэлэнд тавих хүсэлт их ирдэг&#34

Хуучирсан мэдээ: 2016.02.10-нд нийтлэгдсэн

&#34Хөөргөө үзэсгэлэнд тавих хүсэлт их ирдэг&#34

Монгол түмний мэндлэх ёсны соёлд тооцогдох болсон хөөрөгний эрэлт цагаан сараар ихэсдэг. Харин жил ирэх тусам иргэд зүгээр нэг хөөрөг барьж, тамхилахдаа гол нь бус бэлгэдэл шингэсэн, түүхэнд үлдэхүйц, содон, чамин хөөргийг эрхэмлэх болжээ. Түүгээр ч зогсохгүй өөрийн хэрэглэдэг сонин, содон хөөргөө музейн үзэсгэлэнд тавьж, олон нийтэд сонирхуулах хүсэлтэй хүмүүс ч Үндэсний музейд ханддаг байна. Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Туулцэцэг "Иргэдийн хувьд өөрийн эдэлж буй хөөрөг, үнэт хэрэглэлүүдээ музейд тавьж, олон нийтэд сонирхуулмаар байна гэсэн хүсэлт их тавьдаг. Энэ тохиолдолд бид нэг удаагийн үзэсгэлэндээ багтааж, олонд хүргээд эргээд эзэнд нь буцааж өгдөг" гэв.

Монголын үндэсний музейн хувьд сан хөмрөгтөө багтах түүхэн, ховор, үнэт хөөрөгнөөс 86-г нь олонд дэлгэж, үзэсгэлэнгээ толилуулж байгаа юм. Музейн сан хөмрөгт багтах хөөрөгний хувьд 18 дугаар зууны дунд үе, 20 дугаар зууны эхэн үед холбогдох, монгол орны үнэт чулуу болох мана, гартаам цахиур чүнчигноров, болон харь орноос гаралтай тана, шүр, ундрам, хув, шил, шаазан, зааны соёо, модны үндэс зэрэг үнэт чулуу, ховор түүхий эдээр хийж, алт мөнгө, зэс, гууль, зэрэг үнэт төмөрлөгийн урлалыг шингээсэн олон хөөргүүд багтдаг юм.

Монголын үндэсний музей хөөрөгнийхөө сан хөмрөгийг хэрхэн бүрдүүлдэг вэ гэдэг ард иргэдэд сонин байдаг. Тэгвэл тус музейн хувьд дөрвөн янзаар музейн сан хөмрөгөө бүрдүүлдэг гэв.

  1. Хувь хүн, үзэгчдээс худалдаж авдаг

  2. Судалгаа явуулаад хөдөө орон нутгаар цуглуулга хийдэг

  3. Иргэд өөрт байдаг түүхийн дурсгалт зүйлсээ бэлэглэдэг

  4. Албан байгууллагууд салбарынхаа дурсгалт эд зүйлсийг цуглуулж, бэлэглэдэг

Харин сан хөмрөгөө баяжуулах төсвийг улсаас музей бүрд гаргаж өгдөг байдлыг өөрчилжээ. БСШУЯ-нд бүх музейд шаардлагатай үзмэрийн төсвийг нэгтгэдэг болсон байна. Ингээд музейнүүдээс ирүүлсэн шаардлагатай үзмэрийн жагсаалтад үнэлгээний хороо ажиллах замаар сан хөмрөгөө баяжуулдаг аж.

Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж