Өчигдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр сар шинийн баярын өдрүүдэд хэрхэн ажиллах талаар хэлэлцлээ. Энэ үеэр Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяраас баярын өдрүүдэд онцгой байдлынхан хэрхэн ажиллах талаар тодрууллаа.
-Онцгой байдлын албаныхан сар шинийн баярын өдрүүдэд хэрхэн ажиллах вэ?
-Монгол түмний уламжлалт цагаан сарын баярын өдрүүдэд онцгой байдлын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Баярын үеэр цаг агаарын нөхцөл сайнгүй байх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгсөн. Тиймээс нийслэлийн иргэд нэн тэргүүнд хөдөөг зорихдоо аюулгүй байдлаа хангах нь чухал. Тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангах, дулаан хувцас хунараа базаах хэрэгтэй. Хотын орчимд цас ихтэй байгаа учраас цасанд суух, осгох эрсдэл гарах магадлалтай гэдгийг сануулъя. Мөн баярын үеэр цахилгааны ачаалал ихэсдэг. Улмаар гал түймрийн аюул гарах магадлал өндөр. Тиймээс айл өрх бүр ахуйн аюулгүй байдлыг хангах хэрэгтэйг нэн тэргүүнд сануулмаар байна.
-Зудтай аймгуудад хэрхэн ажиллах вэ. Одоогоор орон нутагт өвөлжилт хэр байна вэ?
-Хөдөө орон нутгийн 80 гаруй хувь нь цастай, өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл үүссэн. Онцгой байдлын газраас тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. Нийслэлийн хувьд, эргэн тойронд 400 орчим мянган толгой мал өвөлждөг. Алслагдсан айл өрхүүдэд хүрэх зам, маршрутыг гаргах, зарим айлд улсын нөөцөөс өвс тэжээл хүргэх ажил сар шинийн өмнө гүйцэтгэсэн.
Д.Энхсайхан: Нийслэлээ эзэнгүй орхихгүй
"Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын дарга Д.Энхсайханаас тодрууллаа.
-“Улаанбаатар нэгтгэл”-ийнхэн сар шинийн өдрүүдэд хэрхэн ажиллах вэ?
-Сар шинийн өдрүүдээр “Улаанбаатар нэгтгэл”-ийнхэн хотоо эзэнгүй орхихгүй. Баярын гурван өдөр бүгдэд нь баруун зүүн салбарынхан бригадын зохион байгуулалтаар ажиллана. Есний өдрөөс эхлэн цас орох мэдээлэл байгаа учраас хүчитгэсэн байдлаар ажиллахаар төлөвлөсөн.
-Давсны нөөц хэр байгаа вэ?
-Давс, бодисын нөөц хангалттай байна. Одоогоор 400 гаруй тонн давс бодис бий. Энэ нь 4-5 удаагийн цасанд ашиглахад хангалттай.
-Сар шинийн өдрүүдэд ТҮК-ийн ажилчид ямар зохион байгуулалтаар ажиллах бол?
-Шинийн 1, 2, 3-ний өдрүүдэд 30 хувиар хуваагдан ажиллахаар төлөвлөсөн. Хэдий баярын өдөр ч гэсэн бид хотыг эзэнгүй орхихгүй.
-Улаанбаатар хот сар шинийн өмнө их цэвэрлэгээ хийдэг. Энэ ажил дууссан уу?
-Монголчууд сар шинийн өмнө их цэвэрлэгээ хийж, шинэхэн сартайгаа золгодог. Энэ дагуу Улаанбаатар хотдоо их цэвэрлэгээ хийсэн. Нийтийн эзэмшлийн хашаа, хайс гэх мэтчилэн арчилж болох бүх зүйлсийг цэвэрлэж, арчилж дуусгалаа. Одоо шинэ сартайгаа золгоход бэлэн.
Б.ЗАЯА