Монголын мянга мнган залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын залуучуудын холбооны тэргүүн цагаан сарын баярыг тохиолдуулан ахмад настнууддаа мэндчилгээ дэвшүүлжээ. МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат мэндчилгээндээ:
-Эрх чөлөөт Монголын өрхийг татсан азай буурлууд аа. Та бүхэндээ эргэлзээ тээнэгэлзлийн өтгөн мананд умбасан Монголын мянга мянган залуусын нэрийн өмнөөс сар шинийн мэндийг дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөн мэндчилье.
Сар шинийн билэгт сайн өдөр алдсан оносноо дүгнэн цэгнэж, ахиулах ажлаа төлөвлөн хангай дэлхийдээ хийморь сүлдээ сэргээж, тэнгэр бурхандаа мөргөж, тэр жилийн ажлаа даатган, бүтэн дэлгэрэхийн итгэлийг авч, сэтгэлийн хүч, ухаарлын гэгээгээр өөрийгөө ариусгадаг нь Монгол хүний гайхамшигт заншил билээ. Энэхүү мэргэн зөн билэг, уужим саруул ухаан нь Монгол үндэстнийг үеийн үед зориг төгөлдөр, омог бардам байлгаж, аливаа бэрхшээлийг өөрчлөлт шинэчлэл, өөдлөн дэвжих боломж болгон хувиргаж чаддаг сэтгэлийн тэнхээ, оюуны ундарга болж ирсэн гэдэгт залуус бид итгэдэг ээ. Чухам ийм л ерөөлт цагт хүмүүсийн хэлдгээр хийдгээ хийсэн, ухаарлаа олсон эрхэм буурлууд, удмын ахлаачид, ургийн гагнаачид та бүхнээс тусламж эрж, түүхэн цагийн өрхийг татаж, шударга үнэний шинэ цагийн үүдийг нээх их ажилд тусламж хүсэн мэндчилж байна.
2016 он бол Монголын төрийн өндөр босгыг улам өндөрсгөх, түүхэн хариуцлагатай сонголтын жил байгаасай гэж Монгол хүн бүр хүсэж байгаа. Монгол хүн бүх хоолоо төрөөр бэлдүүлэх гэсэнгүй. Ердөө шүүх бүгдийн өмнө тэгш үйлчилж, төрийн үйлчилгээг хахууль төлөхгүй авдаг байхыг, хөдөлмөрлөсөн хүн хөгждөг, болчимгүй нэгэнд нь боломж олдохооргүй, хулгайчид тохомоо дэвсэх зайгүй тийм Монголыг хүсэж байгаа. Тиймээс Хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг залуус бид зориглон санаачилж, түүчээлэн зүтгэж байна аа. Хар мөртэй хар үйл явдалд холбогдсон хүмүүсийг хар жагсаалтанд оруулж, төрийн босгыг алхуулахгүй байхыг залуус уриалж байна. Эх орноо гэсэн сэтгэлтэй, хариуцлагатай, шинэ үеийнхнийг цагаан жагсаалтанд оруулан дэмжиж, эх орноо хөгжүүлэх ачааг нуруунд нь үүрүүлэх цаг нэгэнт болжээ. Сар шинийн баярын ширээний тэргүүнд суугаа эрхэм ахмад хүн Та ам бүл, ахан дүүс, анд нөхдөө тойруулж суулгаад, зоог шүүсээ амталж, зорьсон гийчнээ дайлж, билэгтэй сайхныг хөөрөлдөхдөө хулгайч тохмоо дэвсэх зайгүй, тийм Монгол Улсыг байгуулах цагийг эхлүүлэх Монголын Залуучуудын Холбооны энэхүү санаачлагыг дэмжиж, удам нэгтнүүд, үр хүүхдүүдээ энэ үйлсэд нэгдэхийг сануулж, ариун хэргийг дэвжээхэд дэм болно уу хэмээн итгэж энэхүү мэндчилгээг хүргэж байна гэжээ.
Д.ЦЭЦ