Он гарсаар долларын ханш 23 төгрөгөөр чангарч, төгрөгийн ханш сүүлийн дөрвөн жил дараалан уналаа. Одоогооро нэг ам.доллар 2023 төгрөгтэй тэнцээд байна. Цаашдаа ч төгрөгийн ханш буурахгүй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Дотоодод ам.долларын ханш улам бүр чангарч байгаа нөхцөлд эдийн засаг сайжрах болов уу гэсэн хүлээлт үргэжилсээр.
Хямралд туйлдсан эдийн засгийн бүх үзүүлэлт суларч, эерэг мэдээ ховордсон энэ үед инфляци хамгийн нам төвшинд хүрсэн нь сайн хэрэг ч, нөгөө талдаа төсвийн алдагдал бараг нэг их наяд хүрч, улсын данс улайснаас үзвэл лав энэ жилдээ эдийн засагт “үүр хаяарна” гэж итгэхэд хэцүү. Гэхдээ нөгөө талдаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн тохиолдолд, мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд эдийн засагт эерэг үр дүн гарах болов уу гэсэн горьдлого бий.
1. Ирэх жилээс эхлэн Монгол Улс “Чингис” болон “Самурай” бондын дөрвөн тэрбум ам.долларыг төлнө. Энэ хэрээр төсвийн ачаалал нэмэгдэнэ. Тиймээс төсөвт учрах ачааллыг буруулж, татвар төлөгчдийн нуруун дээр дарамтыг багасгахын тулд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан талаар Үндсэний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлж байсан удаатай.
Хуулийн хүрээнд одоогоор есөн их наяд төгрөгийн хөрөнгө, ажил үйлчилгээ илэрсэн нь ДНБ-ий бараг 45 хувьтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, сүүдрийн эдийн засагт манай улсын ДНБ-ий бараг тавин хувьтай тэнцэх хөрөнгө нуугдаж байжээ гэсэн үг. Энэ их хөрөнгийг ил болгосноор татварын бааз нэмэгдэнэ. Ингэснээр бондын мөнгөнд төлөх өрийн асуудал татвар төлөгчдөд ачаалал үүсгэхгүйгээр, төсөвт хүндрэл учрахгүйгээр шийдэгдэж чадна гэж тэрбээр үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хууль өрийн дарамтаас эдийн засагт учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх вакцин болох юм гэж ойлгоход буруудахгүй.
2. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталж, талууд биш санхүүжилтийн гэрээн гарын үсэг зурсан биш Ч.Сайханбилэгийг огцруулах улс төр өрнөж, АН-ынхан олон суудалтай “шид”-ээ анх удаа харуулж, тус намын бүлэг анх удаа 100 хувийн саналаар Засгийн газраа авч үлдсэн. Оюутолгойн бүтээн байгуулалт энэ оны хагас жилээс эхэлнэ гэвэл түүнээс өмнө эдийн засагт томоохон өөрчлөлт орно гэж хэлэхэд бэрх. Эдийн засагчдын зүгээс ганц Оюутолгойн төсөл хямралаас гаргахад хангалтгүй, Тавантолгойн төслөө давхар хөдөлгөх ёстой байсныг сануулж буй нь улстөрчид шиг зүгээр ч нэг сэтгэлийн хөөрөл, хувийн эрх ашгийн хүрээнд хэлсэн үг биш болов уу. Оюутолгойн төсөл хөдөлснөөр жилдээ нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх, далд уурхайн бүтээн байгуулалтад 3000 хүн ажлын байраар хангагдана гэвэл бас чиг эдийн засаг эерэг үр дүн үзэгдэж магадгүй юм.
Гэхдээ эдийн засагчид энэ жил долларын ханш буурахгүй гэснийг дахин сануулъя. Учир нь, Оюутолгойгоос өөрөөр уул уурхайн болон бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх найдвар бага байгааг тэд хэлж буй юм. Энэ тохиолдолд эдийн засаг дахь өвдөлтийн мэдрэмж үргэлжилсээр байх болов уу. Энэ өвдөлт сонгуулийн дараа илүү эмзгээр эдийн засагт илэрч магадгүй юм. Гэхдээ энэ бол эдийн засагчдын таамаглал. Гол нь Монголын улстөрчид, улс төрийн шийдвэр, төрийн бодлогоос эдийн засаг сэргэх эсэх нь шууд хамааралтай. Тэр утгаараа сонгуулиар бялууртлаа идчихээд дараа нь хоосон хоновол яана. Их санасан газар есөн шөнө юу гэдэг билээ дээ.
Ж.ЭРХЭС