Хуучирсан мэдээ: 2016.02.08-нд нийтлэгдсэн

Зөв нүүдэл

-Ардчилсан намын малгайн дор ИЗНН, МҮАН нэг субъект болон сонгуульд оролцох нь тодорхой болж байна-

Хаяанд ирээд байгаа бичин жил сонгуулийн жил гэдгээрээ онцлогтой. Сонгуулийн жилийг угтсан улс төрийн намуудын идэвх өнгөрсөн оноос сэргэсэн. Парламентад суудалтай намууд нь хууль тогтоох байгууллагаас гарч буй ард түмнээс оноо авч чадахуйц шийдвэрүүдийн “зохиогчийн эрх”-ийг булаацалдаж байгаа бол парламентаас гадуурх нь хорь гаран жил ээлжлэн эрх барьсан МАН-АН-аас сэтгэл буруулсан дэмжигчдийг өөртөө татах тактикийг ашиглаж байна.

Парламентын ээлжит сонгуулийн товыг энэ оны зургадугаар сарын 29-ний Лхагва гариг хэмээн зарласан. Улс төрийн намууд хүчний тэнцвэрээ ид цэгнэж байна. Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явцаас харахад Ардчилсан нам бутарсан үртсүүдээ буцаан нэг цул болгохоор шийджээ. Мягмар гаригт Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналыг хүргүүллээ. МҮАН нь одоогийн парламентын нэг субъект болох “Шударга ёс” эвслийг бүрдүүлж байгаа. Үйл явц хурдацтай өрнөж Баасан гаригт АН болон ИЗНН хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Улс төрийн намын хуулийн дагуу намууд нэгдэх асуудлыг гишүүдээрээ хэлэлцүүлэг явуулна хэмээн хоёр намын удирдалаг мэдэгдсэн ч АН-ын дарга З.Энхболд “энэ процесс сонгуулиас өмнө дуусах ёстой”-г сануулсан.

Харин МҮАН-ын тухайд Бямба гаригт Удирдах зөвлөл нь хуралдаж “МҮАН нь Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг урьтал болгож АН болон улс төрийн бусад нам, хүчинтэй хамтрах ажиллахад бэлэн байна” гэсэн шийдвэр гаргажээ.

Ийнхүү Ардчилсан намын малгайн дор ИЗНН, МҮАН нэг субъект болон сонгуульд оролцох нь тодорхой болж байна.

Түүхэндээ хоёр дахь удаа буюу 2012 онд засгийн эрхийг авсан Ардчилсан намын хувьд өнгөрсөн дөрвөн жил мэнгэ голлосон жилүүд байсан. Хамгийн их хөрөнгө оруулалттай байсан уул уурхайн салбарт өмнөх парламентын хийсэн хуулийн зохицуулалт энэ салбар дахь бараг бүх хөрөнгө оруулагчийг Монголоос дайжуулсан. Ардчилсан намын парламент энэ алдааг залруулсан ч Монголын эдийн засгийн экспортын гол орлого бүрдүүлдэг ашигт малтмалын түүхий эдийн үнийн уналтын цикл үргэлжилж, Монгол улс бэлэн мөнгөний гачаалд ороод байна. Ядаж байхад яр гэгчээр Ардчилсан намын доторх бүлэглэлийн зөрчил дээд цэгтээ хүрээд байгаа. Энэ бүхний дүнд Ардчилсан намын рейтинг ихээхэн унасан.

Чухам ийм үед үзэл баримтлал, угшил нэг намуудыг нэгтгэх нь Ардчилсан намын туйлын зөв нүүдэл байлаа.

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж