Хойд Солонгос холын тусгалын пуужин харвасныг олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Умардын “Kwangmyongsong-4” хиймэл дагуул амжилттай хөөрч сансрын тойрог замд орсныг Пхеньяны төв телевиз мэдээлж байна.
Хойд Солонгос баруун хойд хэсгийн Сохэ пуужин хөөргөх талбайгаас хиймэл дагуулаа хөөргөсөн байна. Пхеньяны пуужин Японы өмнөд хэсгийн Окинава арлын дээгүүр нисч өнгөрсөн аж. Пхеньян холын тусгалын пуужин харвасны дараа Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын зүгээс өнөөдөр /II.7/ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт тавьжээ.
Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөсөн нь энэ хоёрдугаар сарын 16-нд болох удирдагч Ким Чен Ирийн төрсөн өдөртэй холбоотой гэж БНСУ-ын ажиглагчид мэдээлж байна. Пхеньян өмнө нь 2012 онд хиймэл дагуул хөөргөсөн нь амжилттай болж байсан юм.
Хойд Солонгос нь сансрын хиймэл дагуул хөөргөх хөтөлбөр нь цэвэр шинжлэх ухааны зориулалттай гэж мэдээлсэн боловч олон улс үүнийг баллистик пуужин турших халхавч хэмээн хардаж байна. НҮБ нь Хойд Солонгосыг баллистик пуужин туршихын эсрэг хориг тавьсан байдаг.
Өмнө нь Хойд Солонгос нэгдүгээр сарын 6-нд дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсэн билээ. Пхеньян дөрөв дэх удаагийн цөмийн туршилтаар устөрөгчийн бөмбөг туршсан хэмээн мэдээлж олон улсыг шуугиулсан юм.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА