Монголчуудын үндэсний их баяр сар шинэ болоход ганцхан хоног үлдсэн байна. Энэ өдрүүдэд иргэд хөдөлмөрчид сар шинийн идээ, бэлтгэлээ базаахаар зах, худалдааны төв чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгджээ. Тэгвэл иргэдийн эрэлт өндөр байгаа энэ үеийг ашиглан хуурамч хаяг, шошготой, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдах зөрчил илрэх болжээ.
Үүнээс гадна ОХУ-д үйлдвэрлэсэн хуурамч архи Монголд худалдаалагдаж байж болзошгүй гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагынхан анхааруулсан. Ялангуяа захуудад ОХУ-аас оруулсан хуурамч архи худалдаалах магадлал өндөр гэдгийг сануулж байна. Учир нь оны өмнө урд хөршид хуурамч архины улмаас долоон хүн хордож нас барсан. Харин 35 хүн хордлогод орсон юм. ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуурамч архи Улаан-Үд, Эрхүү хотуудад, ялангуяа Монгол Улстай хиллэдэг бүсэд тархсан гэж тайлбарласан.
Тиймээс иргэд хөл хөдөлгөөн ихтэй энэ үед яарч сандран, хайхрамжгүйгээр хуурамч бүтээгдэхүүн авч хохирохгүйн тулд хаяг шошго, үйлдвэрлэсэн газрыг хянаж, баталгаатай газраас худалдан авалт хийхийг сануулж байна.
Б.ЗАЯА