Хамтарсан мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Хамтарсан мэдэгдэл гаргав

2011-06-16. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Барак Обама нар Монгол Улс, АНУ хоёр нийтлэг сонирхолд суурилсан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийн төлөө байгааг баталгаажуулан нотлов. Тэд даян дэлхийд эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг хамгаалан бататгах ижил сонирхолтойгоо илэрхийлэхийн хамт худалдаа, хөрөнгө оруулалт, иргэд хоорондын харилцаа холбоог улам бэхжүүлснээр эдийн засгийн өсөлтийг хангаж, хоёр ард түмний хооронд найрамдалт харилцаа улам бэхжинэ гэдгийг тэмдэглэв. Талууд Ази, Номхон далайн бүс нутагт энх амгалан, тогтвортой хөгжил дэвшилд хүрэх зорилгоо нотолж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд хоёр улс бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. 

Монгол Улс, АНУ 2004, 2005, 2007 онуудад хамтран гаргасан мэдэгдлүүддээ дурдагдсан хамтын ажиллагааны зарчмуудыг дахин нотлов. Сүүлийн 22 жилийн турш залуу ардчиллынхаа үндэс суурийг бататгасаар буй монголын ард түмний ололт амжилтад болон 2011 оны 7 дугаар сараас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах гэж буйд АНУ баяр хүргэж, энэхүү хариуцлагатай үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсад бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлэв. 

АНУ Ази, Номхон далайн бүс нутгийн орны хувьд энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг тус бүс нутагт хангахад гол үүрэг гүйцэтгэж байгаад Монгол Улс талархаж, энэ чиглэлд байнга дэмжлэг үзүүлж байхаа илэрхийлэв. АНУ нь Монгол Улсын тогтвортой хөгжил, цэцэглэлийг цаашид ч дэмжиж байхаа нотлоод Монгол Улс нь бүс нутгийн үйл явцад идэвхтэй үүрэг гүйцэтгэж, хөрш орнуудтайгаа бат бэх, найрсаг, нээлттэй харилцаа хөгжүүлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Монгол Улс ба АНУ нь эдийн засаг, аюулгүй байдал, хөгжлийн талаарх нэгдмэл байр сууриа Ази, Номхон далай, НҮБ болон олон талт хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах хэлбэрээр баталгаажуулах болно гэж тохиров.  

Хоёр тал цаашдын хамтын ажиллагаагаа эдийн засгийн чиглэлд ч түлхүү хөгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв. Монгол Улс эдийн засгаа бүс нутгийн болон олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагуудтай холбоход АНУ дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. АНУ-ын зүгээс байнга дэмжиж, эдийн засгийн тусламж үзүүлсээр байгаад Монгол Улс талархал илэрхийлэв. Монгол орны нүүрс болон бусад эрдэс баялаг, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд АНУ-ын компаниудын гүйцэтгэх үүрэг чухал бөгөөд тэдгээрийн олон улсад тэргүүлэх менежмент, уул уурхайн салбар дахь техникийн аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй дадлага туршлагыг өндөр үнэлж байдгаа Монголын тал тэмдэглэв. МИАТ ХК нь Боинг компаниас нисэх онгоцууд худалдан авч, цаашид ч Боинг онгоц худалдан авч байх шийдвэр гаргасныг АНУ талархан хүлээж авав. Монгол Улс, АНУ аль алиныхаа компаниудад хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг бүрдүүлж өгөх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв. Энэ зорилгоор хоёр тал нэг нэгнийхээ нөөц бололцоо, чадавхи, хууль тогтоох журмыг сайтар харгалзан Ил тод байдлын хэлэлцээрийн талаарх яриа хэлэлцээг дуусгаж, 2011 онд багтаан уг хэлэлцээрт гарын үсэг зурахын чухлыг тэмдэглэв. Түүнчлэн эдийн засгийн цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилтын хүрээнд хоёр тал худалдааг дэмжих, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурав.  
АНУ Мянганы Сорилтын Корпорацийн шугамаар тусламж үзүүлж буйд Монгол Улс талархлаа илэрхийлсэн бөгөөд энэ хүрээнд амжилттай хэрэгжүүлж байгаа төслүүд нь Монгол Улсад ил тод байдлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах чиглэлд чухал үүрэг гүйцэтгэж буйг цохон тэмдэглэв. Монголын тал МСК-аас үзүүлэх тусламжийн хүрээний хоёр дахь сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаа бөгөөд үүнтэй уялдуулан шаардлагатай алхмуудыг хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улс нь олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд Афганистан дахь эвслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Иракт энхийг сахиулагчдыг дахин илгээх чиглэлээр ажиллаж, НҮБ-ын ивээл дор Африкт энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад АНУ талархал илэрхийлэв. Монголын батлан хамгаалах салбарын шинэчлэлийн хөтөлбөрт АНУ-ын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлсээр байгаад Монголын тал талархал илэрхийлэв. Энэ хүрээнд энхийг сахиулах болон хүмүүнлэгийн тусламжийн ажиллагааг дэмжих зорилгоор агаарын хөдөлгөөнт хүчний чадварыг бүрдүүлэхээр талууд хамтран ажиллаж байна. Талууд энхийг сахиулах үйл ажиллагааны сургалт, хамтын ажиллагааны дадлагын хүрээнд “Gobi Wolf”, “Khaan Quest”, “Pacific Angel” зэрэг хээрийн сургуулийг үргэлжлүүлж байхаар тогтов. 

Монгол Улс ба АНУ нь хоёр улсын хооронд 2010 оны 9 дүгээр сард байгуулсан Санамж бичигт үндэслэн цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлж, харилцан ашигтай байх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзэв. АНУ Монголын цөмийн санаачилгыг хүлээн зөвшөөрч дэмжихийн зэрэгцээ Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг сайшаав. Ерөнхийлөгч Обамагийн “Олон улсын шинэ бүтэц” бий болгох тухай Прагад хийсэн уриаг Монгол Улс дэмжиж байгаагаа нотлов.

Монгол Улс ба АНУ нь иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх зорилт тавьж байгаагаа илэрхийлэв. Өөрсдийн бүтээлч хүч, нөөцөд тулгуурлан боловсрол, соёлын солилцоог өргөтгөхийн чухлыг талууд онцлон тэмдэглэж, хоёр талын харилцааг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл шинэлэг үүрэг гүйцэтгэхийг нотлов.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж