Өдийг хүртэл тайлагдаагүй 9 нууц

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Өдийг хүртэл тайлагдаагүй 9 нууц

1. W32 Nimda вирус ямар учиртай байв?

2001 оны 9 сарын 11-ний өдрөөс сар гаруйн өмнө АНУ кибер халдлагад өртсөн байдаг. 2001 оны 7 сард Майкрософтын IIS (Internet Information Services) веб сервер ажиллаж буй компьютерууд нэгэн ворм (worm)-оор халдварлажээ. Энэхүү ворм нь “N” тэмдэгтийн цуваагаар буфферыг дүүргэн buffer overflow хийж машин дээр ямар нэгэн код ажиллуулах боломжийг бий болгодог байсан байна. 7-р сарын 19 гэхэд нийт 350000 орчим компьютер энэхүү вормд өртсөн байв. Удалгүй энэ нь АНУ-ын Засгийн газрын серверүүд рүү довтлох зорилго бүхий тусгайлан төлөвлөгдсөн халдлага болох нь илэрчээ. Ворм халдварласан бүх компьютерууд тодорхой хугацаанд Засгийн газрын серверүүд рүү нэгэн зэрэг маш олон ping мессеж илгээж байсан ба энэ нь маш их хохирол учруулж байв. Төлөвлөгөө нэгэнт тодорхой болж серверүүд ч халдлагын үеэр үйл ажиллагаа нь зогссон байна. Харин 2001 оны 8 сард бас нэгэн компьютерийн ворм илэрчээ. Судлаачид үүнийг Code Red II гэж нэрлэсэн байна. Code Red II- нь өмнөх вормоосоо ч илүү цар хүрээг хамран тархсан байдаг. Эдгээр вирусуудын хаанаас үүсэлтэйг хэн ч одоогоор мэдээгүй байна.

Эдгээрийн дараа Nimda гарч ирсэн. Энэ вирус нь 9-р сарын 11-ний үйл явдлаас яг 7 хоногийн дараа буюу 2001 оны 9-р сарын 18-ны өдөр АНУ-ийн засгийн газрын серверүүд рүү халджээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг Аль Каедатай холбон тайлбарлаж байв. Маш олон замаар тархах чадвартай байсан ба ингэснээрээ интернэтэд хамгийн бага хугацаанд (22 минут) хамгийн их тархсан вирус/ворм боллоо. Цаашлаад Америкийн санхүү, эдийн засгийн секторт 3 тэрбум долларын хохирол учруулснаараа түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй вирусаар тодорсон юм.

Nimda нь өмнөх вормуудаа бодвол илүү үр дүнтэй, таван өөр замаар тархаж байсан байна. Э-мэйлээр, нээлттэй сүлжээний share-ээр, вэбсайтуудаар, эксплойтуудаар дамжин тархаж байснаас гадна Cod Red II вормын үлдээсэн back door-уудаар эрчтэй тархсан байна. Мөн 9 сарын 11-ний дараах үймээн, шуугиантай байдал ч ихээр нөлөөлсөн аж. Үүнээс үзэхэд Code Red ворм нь Nimda-г тархаах зориулалтаар гарч ирсэн ба маш нарийн төлөвлөгдсөн энэхүү халдлага нь АНУ-ийн түүхэн дэх хамгийн том кибер халдлага юм.

2. Анхны компьютер Антикитера Механизм

Грекийн Антикитера нэрт арлаас 1901 онд шумбагчид нэгэн сонирхолтой олдвор олжээ. Энэ нь арлын эрэг дээрх сүйрсэн далайн хөлгийн үлдэгдлүүдээс олдсон механизм бүхий төхөөрөмж юм. Үүнийг Антикитера механизм (Antikythera Mechanism) гэж нэрлэдэг. Энэхүү төхөөрөмжийг судлахаар шинжлэх ухааны Антикитера төхөөрөмжийг судлах төсөл (Antikythera Mechanism Research Project) хүртэл бий болсон ба бүрэн нууц нь өдийг хүртэл тайлагдаагүй байна.

Энэхүү механизм нь М.Э.Ө 2-р зууны сүүл үеэр хийгдсэн гэж үздэг бөгөөд түүнээс хойш илэрсэн механизм, төхөөрөмжүүд дундаас үүн шиг учрыг нь олоход хэцүү төвөгтэй нь байхгүй гэнэ. Гэхдээ Антикитера Механизм нь ерөнхийдөө астрономын байрлалуудыг тооцоолоход ашиглагддаг нь тодорхой болсон. Энэ нь нэгдмэл байдлаараа механик компьютер шиг ажилладаг ба нарны аймгийн мөчлөгийг тодорхойлдог байсан байж магадгүй юм. Тиймээс одоогийн байдлаар мэдэгдэж байгаа хамгийн анхны компьютер гэж хэлж болохуйц ажээ.

Эрдэмтэд энэ механизмыг судлан зарим нэг шинэ нээлтүүдийг хийсэн байна. Гэхдээ маш олон хэсгүүд нь нууц хэвээрээ үлджээ. Саяхан гэвэл механизмын арын хэсгүүдээс нэг эртний Грекийн дөрвөн жилд нэг болдог Олимпод зориулагдсан болохыг тогтоожээ. Мөн судалгааны баг механизмын 19 жилийн календарын бүх сарын учрыг олсон байна. Ямартай ч Антикитера механизм нь 20-р зууны хамгийн агуу археологийн олдворуудын нэг бөгөөд хэрвээ нууц нь бүрэн илэрвэл хүн төрөлхтний шинжлэх ухааны түүхийг хааш нь ч эргүүлж болох билээ.

3. The Bloop: Далайн ёроол дахь учир битүүлэг авиа

Bloop гэдэг нь NOAA (U.S. National Oceanic and Atmospheric Administration) –ийн усан доор илрүүлсэн ультра бага давтамж бүхий маш хүчтэй авиа юм. 1997 оны зун хэд хэдэн удаа энэ авиа баригдсан ба Номхон далайн өмнөд хэсгээс Өмнөд Америкийн өмнөд хэсэг хүртэл усан доор илэрчээ. Энэ авиа нь судлаачдын тависан мэдрэгчүүдэд сонсогдохоор хангалттай далайцтай байсан ба 5000 гаруй км-ийн хүрээнд мэдрэгдэж байсан байна.

NOAA-аас мэдээлж буйгаар бол энэ нь усан онгоц, тэсрэх бөмбөг мэт хүний үйл ажиллагаагаас үүдсэн дуу авиа биш гэнэ. Мөн газар хөдлөлт, галт уул зэрэг байгалийн үзэгдлүүдээс үүдсэн дуу ч биш аж. Харин Bloop-ийн шинж чанараас үзэхэд амьд амьтны дуутай илүү төстэй аж. Гэхдээ ямар амьтан гэдгийг нь тодорхойлох боломжгүй байгаа ба учир нь одоогоор мэдэгдэж байгаа биологийн дуу авианаас хэд дахин чанга байгаа юм.

Криптозоологичидын (Домгийн болон нууцлаг амьтдыг судалдаг судлаач нар) үзэж байгаагаар энэ нь одоо мэдэгдэж байгаа амьд амьтнаас хэд дахин том аварга далайн мангасын дуу байж магадгүй хэмээн таамаглаж байна. Гэвч одоогоор энэ учир битүүлэг авиа нууц хэвээрээ үлджээ.

Харин Bloop-ийг бичиж авсан станцууд нь далайн гадаргаас хэдэн зуун яардын гүнд даралт болон температурын тааламжтай нөхцлөөр ямар нэгэн сарнилт багатай дуу авиаг дамжуулдаг “Deep sound channel” хэмээх усны давхаргад байрладаг ба ихэнхдээ халим, усан онгоц, газар хөдлөлт зэрэг дуу чимээг илрүүлдэгээс гадна Bloop мэтийн нууцлагдмал дуу авиаг ч илрүүлдэг байна.

4. Багдадын баттерей

1936 онд Багдад хотын ойролцоо 2000 жилийн настай нэгэн тосгоны туурийг ухаж байх үед нэгэн сонирхолтой ваар олджээ. Энэ нь 6 инчийн өндөртэй шавар ваар бөгөөд дотроо ороохдоо гагнаж тогтоосон зэс ялтсан цилиндртэй. Цилиндрийн доод хэсэг нь мөн зэс ялтсаар таглагдсан бөгөөд асфальтаар бүрхэгдсэн байжээ. Мөн цилиндр дотор төв хэсэгт нь төмөр саваа байх ба дээд талаас нь асфальтаар тогтоож өгчээ. Олдворыг олох үед доторх төмөр саваа нь ихээхэн зэвэрсэн байсан байна.

1940 онд археологич Wilhelm Kцnig өөрийн судалгааны ажилдаа энэхүү ваарыг баттерей байсан байж магадгүй хэмээн мөнгийг алтаар бүрэх зэрэгт ашиглагддаг байж болох тухай дурджээ. Энэхүү таамаглал хэрвээ үнэн бол 19-р зуунд Алессандро Вольтийн нээсэн электрохимийн баттерейн нээлт 2000 жилээр урагшилах нь ээ.

Мөн тэр жилдээ инженер Виллярд Грэй энэхүү баттерейг дуурайлган хийгээд зэсийн сульфат ашиглан хагас вольтын цахилгаан гаргаж авсан байна. 1970 онд Арне Эггэбрэхт гэгч Египет судлаач мөн дуурайлгаж хийгээд туршилт хийжээ. Тэрбээр эрт дээр үед юу ашиглаж таарах вэ гэдгийг мөн бодолцсон ба усан үзмийн шүүсээр баттерейгаа дүүргэжээ. Ингэснээрээ 0.87 Вольтийн хүчдэл гаргаж авч чадсан ба түүнчлэн үүнийгээ ашиглаад мөнгийг алтаар бүрээд ч дөнгөсөн байна.

Хэдийгээр иймэрхүү баталгаанууд хангалттай байгаа боловч зарим нэг археологичид илүү нухацтай байр суурьтай байгаа юм байна. Учир нь туршилтын үр дүн магадгүй зөвхөн физик байдлаар боломжтой гэдгийг харуулж байна. Харин тэр үед яг энэ зорилгоороо ашигладаг байсан уу, үгүй юу гэдэг нь илүү чухал гээд цаашид сайтар судлах хэрэгтэй гэжээ. Ямартай ч Багдадын баттерей гэж нэрлэгдээд байгаа энэ олдвор маань халуухан маргааны дунд нууцлагдмал оньсого хэвээрээ үлджээ.

5. Байгоны хоолой

Байгоны хоолой гэдэг нь Хятадын Делинга хотоос баруун урагш 40-өөд км –т орших Байгон ууланд байдаг хоолойнууд юм. Энэхүү хоолойнууд нь 50-60 метрийн өндөртэй пирамид байдлаар холбогдосн гэж үздэг. Мөн уулын орой дээр хаанаас үүсэлтэй нь үл мэдэгдэх зэвтэй төмрүүдийг агуулсан гурвалжин хэлбэрийн гурван нүх байдаг.

Түүнчлэн зарим хоолойнууд уулын гүн рүү орсон байдаг бол зарим нь хажуугийн давстай нуур луу орсон байдаг аж. Хамгийн том хоолой нь л гэхэд тогтмол 40 см-ийн диаметртэй. Хоолойнуудаас олдсон зэвэрсэн биетүүд нь 30%-ийн төмрийн оксид болон их хэмжээний цахиурын диоксид, кальцийн оксидыг агуулдаг байна.
Архелогичид эдгээр хоолойнуудыг эрт дээр үед төмөр боловсруулахад ашигладаг байсан гэж таамагладаг. Гэхдээ өнөөг хүртэл эдгээр хоолойнууд яг ямар хэлбэртэй холбогдсон байгааг тогтоогоогүй байна. Зарим таамаглалаар бол эртний одон орны лаборатори байсан юм уу, эсвэл харийнхны сансрын хөлгийн үлдэгдэл байж болох гэнэ. Учир нь энэ хоолойнуудад байгаа төмрүүд цахиурын агууламжаараа ангараг гариг дээрээс авсан зарим нэг дээжтэй төстэй юм байна.
Анх энэхүү нууцлаг хоолойнуудыг Америкийн эрдэмтэд динозаврын чулуужсан яс хайж яваад нээж илрүүлжээ. Үүнийг нутгийн засаг захиргаанд мэдэгдсэн бөгөөд харин 2002 оноос л энэ тухай олон нийтэд мэдээлэгджээ.


6. The Buzzer станцын нууцлаг дохио

UVB-76 бол ихэнхдээ 4625 kHz (AM бүтэн карьер) давтамж дээр цацагддаг богино долгионы радио станцын код юм. Харин радио сонирхогчдын хувьд The Buzzer нэрээрээ алдартай ба минутанд 25 орчим давтамжтай богино, нэгэн хэвийн дохиог цацдаг байна. Анх энэ дохио нь 1982 оноос баригдаж эхэлсэн бөгөөд хаанаас дамжуулаад байгаа нь тодорхойгүй байжээ.

Харин сонирхолтой нь оросоор ярьж байгаа хүмүүсийн яриа сонсогдсон ба гэхдээ 28 жилийн турш 3-4 удаа л ярихыг нь сонсжээ. 2003 оны 1 сарын 16-д станцын цацаж байгаа дохио илүү өндөр, арай удаан хугацаагаар сонсогдох болсон боловч хэсэг хугацааны дараа буцаад өмнөх хэвэндээ орсон байна.

Хааяадаа холын яриа болон бусад чимээ сонсогддог тул дохио дамжуулаад байгаа төхөөрөмж маань шууд, байнга нээлттэй байдаг микрофоны цаана байдаг гэж таамагладаг. Харин станцын дамжуулагч антен нь Москвагаас баруун хойш 40 км-ийн зайд Поварова хэмээх газар байрладаг ба 1997 онд анх станцаар хүн ярих хүртэл энэхүү байрлал болон кодын нэр зэрэг нь тодорхойгүй байсан гэдэг. Зураг дээр Поварова дахь дамжуулагчийг хиймэл дагуулаас авсныг харуулжээ. Ямар зорилгоор ийм дохио дамжуулаад байгаа нь одоо хүртэл тодорхойгүй, нууцлагдмал хэвээрээ байна. Магадгүй тагнуулын мэдээлэл дамжуулдаг байж болзошгүй хэмээн зарим нэг сонирхогчид таамаг гаргадаг аж.

7.Super Bowl -ийн тэмцээний үеэрх гэнэтийн “бэлэг”

Дэлхий дээрх хамгийн олон үзэгчидтэй тэмцээнүүдийн нэг бол Америк хөлбөмбөгийн Super Bowl юм. Өнгөрсөн жил Аризоны Туксонд болсон Super Bowl XLIII тоглолтыг ойролцоогоор 150 сая үзэгч телевизээр үзсэн байдаг. Харин энэ үеэр кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлэгч Comcast компанийн систем тасалдаж NBC-ээр тоглолт үзэж байсан мянга мянган үзэгчдийн өмнө порно гарч эхэлжээ. Энэ нь Playboy-Enterprises -ийн эзэмшдэг Shorteez хэмээх насанд хүрэгчдийн телевизийн суваг байсан бөгөөд 30 секундын турш Аризон даяар порно кино үзэж орхисон байна.
Comcast компани тайлбарлахдаа үүнийг гэнэтийн тохиолдол байсан гээд гадны ямар нэгэн халдлага байсан хэмээн мэдэгдсэн бөгөөд порно үзүүлсэн хэмээн заргалдсан хэрэглэгч бүрт 10$ -ийн кредит өгсөн аж. Харилцаа Холбооны хороо нь (Federal Communications Commission) энэ хэргийн учрыг шалгана хэмээн мэдэгдсэн ч одоо хүртэл хэн, хэрхэн, ямар шалтгаанаар үүнийг хийсэн нь нууц хэвээрээ байгаа юм. Мөн тэр үед гарсан кино нь порно од Тристан Кингслэйгийн тоглосон кино байсан бөгөөд энэ явдал түүний карьерийн оргил үе болсон гэдэг.


8. Цэнхэр халимны дуу

1960-аад оны үед хэсэг биологичид цэнхэр халимны дууг бичиж авахаар хэд хэдэн далайд микрофон суурилуулжээ. Эрдэмтэд халимны амьдралыг судлах зорилготой байсан байна. Гэвч суурилуулснаас хэдэн жилийн дараа нэгэн хачирхалтай үр дүнг илрүүлжээ. Дэлхийн хамгийн том амьтад маань жил ирэх бүр илүү хүчтэй авиа гаргаж байв. Энэ нь эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татаж нэмж микрофон суурилуулан нухацтай судалж эхэлжээ. Сонирхолтой нь халимнууд улам хүчтэй авиа гаргасаар байсан ба энэхүү явдлыг 1960 оноос хойш судалсаар одоогоос найман жилийн өмнө анх олон нийтэд мэдээлжээ. Судлаачид Атлантын далайн хойд хэсэг, Номхон далайн өмнөд хэсэг, Энэтхэгийн далайн зүүн хэсгээр мянган мянган цэнхэр халимны дууг бичиж авсан ба дууны өнгөний давтамж жил бүр цөөн тооны герцээр буурч байгааг илрүүлжээ. Энэ үр дүн дэлхийн хаана ч адилхан байв. Эрдэмтэд үүнийг далайн дуу чимээ ихсэж буйтай, сүргийн бүтэц өөрчлөгдөх, эсвэл шинэ байдлаар үржилд орох хэлбэр гэж олон таамаглал дэвшүүлж байна. Мөн өнгөрсөн зууны эхний хагаст цэнхэр халимнуудыг маш ихээр агнасан ба харин одоо тоо толгой нь өсөж байгаатай холбоотой ч байж болох юм. Гэхдээ зөвхөн эр цэнхэр халим дуу гаргадаг тул энэ нь эвцэлдэх үйл ажиллагаатай илүү холбоотой байх гэж судлаачид үзэж байгаа гэнэ.


9. Амиа хорлогч ноход

Шотландын Милтон тосгоны ойролцоо Овертоун хэмээх гүүр байдаг. Энэ гүүрэн дээрээс маш олон тооны нохой үсэрч үхсэн бөгөөд ямар учиртай нь одоо болтол тодорхойгүй байна. Яг хэзээнээс эхэлж үсэрч эхэлсэн нь мөн л тодорхойгүй ба ямартай ч сонин хэвлэл дээр нийтлэгдэж эхэлсэн мэдээнүүдээс харахад магадгүй 1950-иад оноос энэ явдал эхтэй байж болох гэнэ. Дунджаар сардаа нэг нохой үсэрч амиа хорлодог ажээ.

Гүүр бас нэлээдгүй өндөртэй тул үсэрсэн ноход амьд гарах нь ховор байдаг. Гэхдээ зарим нэг азтай тохиолдлоор амьд үлдсэн, бэртэж гэмтсэн нохой эдгэрснийхээ дараа дахиад үсэрдэг байна. Ингэж хоёрдохоо үсэрсэн нохдыг бүр “second timers” гэж ч нэрлэдэг болжээ. Ихэвчлэн үүлгүй цэлмэг өдөр гүүрний зөвхөн нэг талаас үсэрдэг ба амиа хорлогч нохдын ихэнх нь урт хоншоортой байдаг аж. Одоогоор энэ явдлыг хэн ч тайлбарлаж чадаагүй л байна.

Ямартай ч амиа хорлогчид маань энэ гүүрнээс ямар нэгэн ер бусын, дарамттай, “үхээд өгмөөр” мэдрэмжийг авдаг бололтой. Гэвч одоогоор хамгийн бодитой байж болох нэг тайлбар бол голын эрэг дээрх усны булганууд хэргийн эзэн байж болох гэнэ. Учир нь булга хаа явсан газраа бөгснийхөө булчирхайнаас хүчтэй үнэр ялгаруулж явдаг бөгөөд энэ нь нохдын сонирхлыг татдаг байж болох талтай. Мөн түүнчлэн гүүрний өндрөөс болж нохдын харах сонсох чадвар нь муудаж, өнөөх булганы үнэрийг дагаснаар өөрийн эрхгүй унадаг ч гэлцдэг. Гэхдээ аль аль нь хангалттай тайлбар болж чадахгүй байгаа юм. Энэ явдал өдийг хүртэл оньсого хэвээрээ байна.

Эх сурвалж: www.unaga.net
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж