Хуурамч архи худалдаалагдаж байгааг сэрэмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Хуурамч архи худалдаалагдаж байгааг сэрэмжлүүлэв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд хүнсэнд хийсэн хяналт шалгалтын дүнгээ танилцуулж сэрэмжлүүлэг хүргүүллээ. Нэн тэргүүнд иргэд баярын ширээндээ тавих архиа сонгохдоо болгоомжтой хандахыг сануулж байна. Учир нь оны өмнө урд хөршид хуурамч архины улмаас долоон хүн хордож нас барсан. Харин 35 хүн хордлогод орсон юм. ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуурамч архи Улаан-Үд, Эрхүү хотуудад, ялангуяа Монгол Улстай хиллэдэг бүсэд тархсан гэж тайлбарласан.  Улмаар хилийн хяналтын байгууллагаас нууцаар оруулж, захад худалдаалж байж болзошгүй юм байна. Тиймээс иргэд орос архи сонгохдоо баталгаатай, найдвартай, нэрийн дэлгүүрээс, хаяг, шошгыг нь нягталж худалдаж авахыг сануулж байна.

Мэргэжлийн хяналтын байцаагчид хамгийн сүүлд өнгөрсөн сард хилийн боомтуудад хийсэн хяналт шалгалтын дүнгээ танилцуулсан юм. Тэгвэл өнгөрөгч сард Алтанбулагийн боомтоор 47 шил чанарын шаардлага хангахгүй цагаан архи, 24 литр дарс илрүүлж хурааж авсан байна. Харин Сүхбаатар боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба 34 нэрийн 368 литр дарс, есөн нэрийн 79 литр цагаан архи илрүүлж хураан авсан байна.

Хоёр дахь асуудал нь хүнсний бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалтын дүн юм. Энэ жилийн хувьд ч хаяг шошго нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдсаар байгаа аж. Нийтдээ 2000 гаруй төрлийн 10 тонн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хурааж авсан байна. Дийлэнх нь хаяг шошго тодорхойгүй, хугацаа дууссан, хадгалах хугаа тодорхойгүй зэрэг зөрчил илэрчээ.

Иргэдийн хувьд сар шинийн хүнсээ сонгохдоо

  1. Шошго

  2. Хугацаа

  3. Баталгаат үйлдвэр гэх мэтчилэн наад захын мэдээллийг харахыг сануулж байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж