Ардчилсан нам, Иргэний зориг, ногоон нам хоорондоо нэгдэх санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан танхим"-д боллоо. Ёслолын ажиллагаанд АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүд, ИЗНН-ын дарга С.Оюун, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон намын гишүүд нь оролцлоо.
АН-ын дарга З.Энхболд “Ардчилсан намаас ИЗНН-д нэгдэж ажиллах тухай саналыг тавьсан. Хоёр талаас гаргасан ажлын хэсгийн үр дүнд өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурж байна. Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам бол адилхан үзэл баримтлалтай, нэг байр суурьтай олон жил явж ирсэн. Улс төрийн намын тухай хуулийн 15.2-ын дагуу намын гишүүдээрээ хэлэлцүүлэг явуулах ёстой гэсэн тодорхой шаардлагууд байгаа. Түүний эцэст намын их хурал явагддаг. Бид өнөөдрөөс энэ процессоо улс орон даяар эхлүүлж байгаа. Сонгуулийн өмнө энэ ажиллагаа дуусах ёстой” гэлээ.
ИЗНН-ын дарга С.Оюун: “АН-аас нэгдэх саналыг тавьсан. Манай нам энэ саналыг хүндэтгэж байгаа. Аль, аль намынхаа дүрмийн хүрээнд улс төрийн намуудын хуульд тодорхой заалтууд байгаа. Хуулийн хүрээнд хэлэлцүүлгээ явуулаад, шат шатны байгууллагууд шийдвэрээ гаргаад явах ёстой. Тиймээс хоёр нам улс төрийн хуулийн хүрээнд хэлэлцүүлгүүдээ эхлүүлж байгаа. Манай намын гишүүдийн зүгээс шат, шатандаа шийдвэрээ гаргалгүйгээр нэгдэхээр болж байгаа юм уу гэсэн асуултууд их ирж байгаа. Бидний хувьд шат, шатандаа шийдвэрээ гаргана. Олонхиороо шийднэ. Ардчилсан нам хоёр нам нэгдэх нь Ардчилал, Монгол Улсын эв нэгдэл, Үндэсний эрх ашигт хэрэгтэй юм гэсэн саналыг би хувьдаа хүндэтгэн үзэж байна” гэлээ.
Дээрх үйл явдалтай холбогдуулан АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас тодрууллаа.
-Хоёр нам нэгдэх үйл ажиллагааны эхлэл тавигдлаа. Хэрвээ нэгдвэл ИЗНН байхгүй болно гэсэн мэдээлэл байгаа. Танай намын зүгээс ИЗНН, МҮАН-тай эвсэх биш нэгдэх санал тавьсан гол шалтгаан нь юу вэ?
-Манай хоёр намын эрхэм зүйл нь адилхан. Монгол Улсад Ардчилалын эрхэм зүйлүүдийг баталгаажуулах асуудалд анхнаасаа нэг зорилготой явж ирсэн. Нэг нам нь байхгүй болно гэдэг талаас нь бид харахгүй байгаа. Харин бид илүү, хүчтэй, эв нэгдэлтэй болж байна гэж харж байгаа.
-Нэгдэх асуудлаар хоёр намын дарга нарын хооронд ямар тохироо хийгдэх бол?
-Хоёр нам нэгдлээ гэхэд ИЗНН-аас орж ирэх гишүүдээ АН-ын ҮЗХ-нд яаж оруулах вэ гэдгийг, орон нутагт хамтрах асуудлаа яаж шийдэх вэ гэх мэт зохицуулах ёстой нарийн асуудлууд байна.
-Хоёр нам нэгдэхэд АН үндсэн дүрэмдээ заавал өөрчлөлт оруулах ёстой гэж ИЗНН-аас мэдээлж байна. Дүрэмдээ хэзээ өөрчлөлт оруулах вэ?
-Улс төрийн намын тухай хуулинд “Хоёр нам нэгдсэн тохиолдолдп хоёулаа их хурлаараа асуудлаа шийднэ” гэж заасан байдаг. Тэгэхээр дүрэм бол хууль давахгүй. Улс төрийн намын тухай хуулиараа шийдвэрлэнэ. Дүрэмд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй юм байна гэж харсан.
-Нэрэнд өөрчлөлт орох уу?
-Хоёр нам нэгдвэл АН-аар нэрлэгдэх байх. Бид тэр байдлаар хоорондоо тохирч байна.
-МҮАН-тай нэгдэх асуудал хэр түвшинд явж байна?
-Ажил өрнөж байна. МҮАНын дарга нар эзгүй байна. Тэднийг ирэхээр уг асуудлаар ярилцана. Бид нэгдэх асуудлаа уламжилсан байгаа.
-ҮЗХ хэзээ хуралдах вэ?
-ҮЗХ Цагаан сарын баярын дараа хуралдана. Уг хурлаар бусад намуудтай нэгдэх асуудлаар ярилцана.
Гишүүдийнхээ санаа бодлыг сонсоно
Хоёр намын нэгдэх асуудлаар ИЗНН-ын дэд дарга М.Хүрэлсүхээс тодрууллаа.
-Ардчилсан намтай нэгдэх асуудпыг гишүүд дэмжиж байгаа юу?
Намын Үндэсний хорооноос сонгуульд оролцох талаар бусад намуудтай яриа хэлэлцээр хийж, ярилцаж байна. АН-аас эх орны ашиг, төрийг тогтвортой байлгах, ижил үнэ цэнэтэй намууд нэг байр суурьтай байх үүднээс нэгдэх санал тавьсан. Нэгдэх асуудлыг намын гишүүд хэрхэн үзэж байгааг шат шатанд хэлэлцэнэ.
-ИЗНН гэсэн нэр байхгүй болно гэсэн үг үү?
-Байхгүй болохгүй биз, Монгол Улсад 16 жил үйл ажиллагаа явуулсан нам шүү дээ. Улс төрд өөрийн гэсэн орон зайтай. Энэ хоёр нам хоёулаа нийгэмд өөрийн гэсэн үнэ цэнэтэй намууд болсон. Бид нарын хүндэлж дээдэлж явдаг зарчим болгож ирсэн зүйл бол АН өөрийнхөө хөтөлбөр бодлогод тусгаж байгаа тул нэгдэхэд болохгүй зүйл байхгүй гэж хувь гишүүний хувьд үзэж байна.
-Нэгдэх тухай саналыг хүлээн авахад Сонгуулийн тухай хууль нөлөөлсөн үү?
-Сонгуулийн тухай хууль бидэнд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Манай намаас тойрогт нэр дэвшихэд С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гээд дарга нар тодорой хэмжээнд тойргоос гарч ирэх магадлал маш өндөр. Гэхдээ манай намын тухайд ганцхан АН биш ХҮН болон МАХН-тай ч албан бусаар уулзсан. АН-тай нэгдэнэ гэдгийг гишүүд хэрхэн үзэж байгааг үзээд их хурлаа хуралдуулах болно.
-МҮАН-тай нэгдэх асуудал юу болсон?
-Мөн адилхан ярьж байгаа.
Т.НОМИН