Баяр, амралтын өдрөөр АТГ ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Баяр, амралтын өдрөөр АТГ ажиллана

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу төрийн албан хаагч, албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх ажлыг Авлигатай тэмцэх газар зохион байгуулж байна. Энэ талаар АТГ-ын хэвлэлийн ажилтан Т.Мөнхтунгалагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар ХОМ-ээ өгсөн хэчнээн албан хаагч байна? Яг төрийн болон нутгийн захиргааны хэдэн байгууллагад хэдэн албан тушаалтан ажилладаг вэ?

-Яг өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц байдал 91.2 хувьтай байна. Нийт 40031 хүн мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэхээр байгаа.

-ХАСХОМ өгөх хуулийн хугацаа нь хэзээ дуусах вэ? Сунгах боломжтой юу?

-Жил бүрийн 1 дүгээр сарын 1-нээс 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх хуультай. Хуулийн хугацааг сунгах боломжгүй. Төрийн албан хаагчдын хувьд мэдүүлгээ бүртгүүлэхэд хангалттай хугацаа гэж үзэж болно.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр дээд албан тушаалтан хэд байхаас хэд нь өгсөн байна? Жишээлбэл УИХ-ын гишүүд?

-Энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 270 албан тушаалтан байна. 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар тэдгээрийн 171 нь мэдүүлгээ бүртгүүлээд байна. Үүний 47 нь УИХ-ын гишүүн байна. 

-Хэрэв хуулийн хугацаандаа  багтаж ХАСХОМ-ээ өгөөгүй бол ямар хариуцлага хүлээх вэ?

-Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасны дагуу ажлаас халах, албан тушаалаас чөлөөлөх хүртэл хариуцлага хүлээлгэнэ.

-Энэ жилийн онцлог юу байна вэ?

-Төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх хуулийн хугацаатай сар шинийн баярын өдрүүд давхцаж байгаа. Тиймээс АТГ энэ жилийн хувьд мэдээлэл, сурталчилгааны ажлыг өмнөхөөс идэвхжүүлж, мэдүүлэг бүртгэх чиг үүргийн албан хаагчдыг уртасгасан цагаар, мөн амралтын өдрүүдэд ажиллуулж байна. Түүнчлэн сар шинийн өдрүүдэд тусгай хуваарийн дагуу ажиллуулна. Сар шинийн баяраас өмнө амжиж өгөх бүрэн боломжтой. АТГ-ын зарим албан хаагчид 6, 7, 13, 14-ний бямба, ням гарагт ажиллана. Цахим бүрдүүлэлтийн www.meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулж байгаа. Тиймээс мэдүүлэг гаргагчид заавал хуулийн хугацаа 2 дугаар сарын 15-наар дуусахыг хүлээлгүй, наана нь мэдүүлгээ бүртгүүлээрэй.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж