“Г.Шийлэгдамбыг гомдоосон”

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

“Г.Шийлэгдамбыг гомдоосон”

“Г.Шийлэгдамбыг гомдоосон”

Цаг үеийн асуудлаар МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагваас хэдэн зүйлийг тодрууллаа. 


-Намрын чуулганыг дүгнэж хэлбэл?

-Намрын чуулганаар хэд хэдэн том асуудлыг авч хэлэлцлээ. Энэ чуулганы тухайд хамгийн чухал асуудал бол төсөв байлаа. Мэдээж хүнс хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх чиглэлийн хэд хэдэн томоохон хууль батлагдсан. Харин саар тал нь юу байв гэвэл Өршөөл үзүүлэх тухай хуулийг маш удаан хэлэлцсэн. Хэлэлцэж байх хугацаанд хоригдож байгаа олон иргэдийн эрх зөрчигдсөн. Мөн төсвийн тухай хууль дээр Сангийн яамны оруулж ирсэн төсөв танигдахааргүй болтол өөрчлөгдсөн. Хариуцлагагүй төсвийг баталсан. Хэрэв сайн төсөв баталсан бол бид өнөөдөр маргааш яанаа гэж санаа зовохооргүй байсан. Сонгуулийн тухай хуулийг батлахдаа энэ парламент Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Үндсэн хуулиа зөрчсөн гэж үзэж байгаа шалтгаан нь 20 гаруй намын дарга нарын цүнхийг баригчид гарч ирэх эсвэл мөнгөтэй хүмүүс оруулж ирэх хууль өмнө нь хэрэгжиж байсан. Энэ удаад ч өөрчилж чадсангүй. Намрын чуулган зарим хууль дээр цаг алдсан, хамгийн олон завсарлага авсан чуулган ч байж мэдэх юм. Гэхдээ бид сөрөг талаас нь ярихаас илүү сахилга хариуцлагын тогтолцоог сайжруулж, парламент өөрөө зөв зүйтэй шийдвэр гаргаж ажил хэрэгчээр хандах ёстой гэдгийг манай гишүүд бүрэн ухамсарлах хэрэгтэй.

-МАХН-ны дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөнтэй зэрэгцээд таныг намаасаа гарна гэсэн таамаг олон нийтийн дунд байна. Энэ асуултад  хариулт авмаар байна?

-Би 2014 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт  хандаж, МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. МАХН-ын дарга хоригдож байх хугацаанд энэ намыг тарааж бутаргахгүй, сахилга баттай, нэр хүндтэй нам болгохын төлөө чадах чинээгээрээ ажиллаж байсан. АН, МАН гэсэн хоёр том нам дэд даргагүй болоод л байна. МАХН-ын дарга өөрөө  Монголд ирчихсэн. Тиймээс намаа удирдаад явах нь зүйтэй. “Зуун ямаанд жаран ухна” гэгчээр манай намд олон дарга байх шаардлагагүй гэж үзэж өргөдөл өгсөн. Одоогийн байдлаар албан ёсны хариу ирээгүй байна. Миний хүсэлтийг хүлээж аваад шийдвэрлэх хоёр хувилбар байна. Нэгдүгээрт, Тэрбишдагва гэдэг хүний хэлж байгаа нь зөв олон даргаа болиулъя гэж шийдэж болно. Хоёрдугаарт, магадгүй өдий хүртэл явчихсан юм чинь дэд даргаа хий гэх шийдвэр гарч мэдэх юм. хэрэв тэгэх юм бол намынхаа саналыг хүндэтгэнэ.

-Г.Шийлэгдамба С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо хоригдох болсон шалтгаан нь намын санхүүжилттэй холбоотой. Намын дарга Н.Энхбаяр санхүүжилт ол гэж шахаж шаарддаг байсан талаар ярьсан. Үнэхээр танай намд тийм асуудал байдаг уу?

-“Цензургүй яриа” гэдэг нэвтрүүлгээр хүнд байдалд орчихсон хүмүүсийг араас нь хөөцөлдөж ярилцлага авдаг байдалд би хүний чанарын үүднээс таагүй ханддаг. Хүний зовлонгоор жаргал хийнэ гэж монголчууд ярьдаг. Ямар нэг асуудалд орсон хүмүүсийн зовлонгоор тоглож, хүнд хэцүү байдлаар нь далимдуулах зарчим нь шударга биш юм. Сэтгүүлзүй өөрөө ёс суртахуунтай байх ёстой. Шийлэгдамбын ярилцлагыг үзсэн. Тэр ярилцлагаас хоёрхон дүгнэлт хийсэн. Нэгдүгээрт, Г.Шийлэгдамба хүнд байдалд байхад журмын нөхөд нь гомдоосон дүр зураг харагдсан. Хоёрдугаарт, цаанаас нэлээд шахалт, дарамт байсан болов уу гэмээр бодогдсон. Нэгэнт Г.Шийлэгдамбын асуудлыг хөндөж байгаа юм чинь намын санхүүжилтийг ил тод байлгах хэрэгтэй. Улс төрийн намын тухай хууль бол маш чухал хууль байсан. Энэ хуульд анхаарал хандуулж УИХ дахин хэлэлцэх шаардлагатай болжээ гэдгийг л хэлмээр байна.

Т.ДАВААНЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж