Хотын төвд, 40 мянгатын хуучны сууцанд 80 гарсан настантай уулзахаар цаг болзов. Тэрээр амьдралын хэцүү, бэрх нугачаанд шаналж яваа нэгэн. Хар багаасаа аавыгаа алдаж, хагацлын зовлонг туулсан. Түүний аавыг Цэрэндэндэвийн Тамжав гэх бөгөөд Сэлэнгэ аймгийн уугуул, Д.Сүхбаатарын гар бичээч, дотны хүн нь явсан бөгөөд хожим Цэргийн яамны санхүүгийн хэлтсийн даргаар улс төрийн хилс хэргээр баригдах хүртлээ ажиллаж байжээ. Түүнийг 1937 оны есдүгээр сарын 20-нд баривчилж, 1938 онд буудан хороожээ. 1964 онд Ц.Тамжавыг цагаатгасан байна. Түүний охин болох, өдгөө 80 гарч яваа Долгорсүрэнгийн Байгаль аавыгаа хороогдсоноос хойш эхээрээ овоглох болсон аж. Бага нас нь эсэргүүний хүүхэд гэх ял, гадуурхал дунд өнгөрчээ. Тэрээр хүүхдийн эмч мэргэжилтэй. Ардчиллын алтайн хараацай С.Зориг агсны хадам ээж гэхээр хүмүүс илүү мэдэх болов уу.
Д.Байгальмаа гуай багадаа аавыгаа улс төрийн хилс хэргээр алдсан бол хожим хүргэн хүүгээ бусдын гарт алдсан. Харин одоо охин нь буюу С.Зориг агсны эхнэр Б.Булган нь хоригдож байгаа. “Бараг гурван сар болох гэж байна. Ядаж солих хувцсыг нь өгье гэхээр уулзуулахгүй юм” гэж хөгшин шаналж сууна. Хуучны дөчин мянгатын гурван давхар орон сууцанд амьдардаг энэ хөгшин бие нь муудаж, хэд хоног эмнэлэгт хэвтэж байгаад гарч иржээ. Тэднийд ормогц гал зуухандаа орж цай уухыг урив. Бүл цөөхөн, ганцаараа шахуу амьдардаг болохоор Д.Байгальмаа гуайд ач охин нь хань болдог ажээ. Тэрээр ярилцлага өгөхийг зөвшөөрсөн ч цаанаа айдастай, цагдаа, тагнуулынхан хамаагүй юм ярьж болохгүй шүү гээд гарын үсэг зуруулсныг учирлав. Хэргийн талаар ярьвал охинд нь нөлөөлөх вий гэж айж байгаа нь илт. Охиныг нь баривчилсны дараа эмгэнийд ч нэгжлэг хийсэн бололтой. Энэ талаар Д.Байгальмаа гуай үг цухуйлгаагүй ч арав гаруй цагдаагийн хувцастай, багтай хүмүүс ирээд явсан талаар байрных нь бололтой нэгэн хөгшин хэллээ. Ингээд бид хоёрын яриа ийн өрнөв.
-Та өмнө нь “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө “Миний охин надад өглөө болгон шөл хийж өгдөг юм. Тэр өглөө 08.00 цагийн үед утасдаад “Ээж ээ, би тантай уулзаж чадахгүй нь. Өнөөдөр би Зоригийн асуудлаар хүмүүстэй уулзах боллоо” гэсэн” гэж ярьсан байсан. Яг хэзээ Б.Булганыг баривчилсан юм бэ?
-2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд “Ээжээ, би тань руу очиж хоол хийж өгч чадахгүй нь ээ. Талийгаачийн хэргийн ажлын хэсгийнхэн уулзья гэлээ. Би тийшээ очлоо” гэж хэлээд л явсан. Түүнээс хойш охин маань яриа ч үгүй, ирээч үгүй. Аргаа бараад би 19-20 цагийн үед сэтгэл зовоод асуутал тэр үед л баривчилсан юм билээ.
-Баривчилсныг нь яаж мэдсэн юм бэ. Өөрөө хэлсэн юм уу?
-Бидний зүгээс үү?
-Танд хэн хэлсэн юм?
-Охин маань гэрээсээ дүү рүүгээ яриад “Ээжийг сайн хараарай” гэсэн байсан. Дараа нь цагдаагийнхан шүүхийн бичиг үзүүлж байсан. Сэжигтнээр баривчиллаа гэсэн бичиг.
-Цагдаагийнхан танайд ирсэн юм уу. Та өөрөө очсон юм уу?
-Хоёр хоногийн дараа манайд ирсэн. Тэгэхдээ бичиг үзүүлсэн. Миний хараа муу болохоор сайн уншиж чадаагүй. Түүнээс хойш хоёр хоногийн дараа надаас мэдүүлэг авсан. Тэгээд тэр тухай ямар ч мэдээлэл өгч болохгүй гэж хэлсэн. Түүнээс хойш хоёр сар хагасын хугацаа өнгөрчихлөө. Гэхдээ охиныгоо баривчлагдсан талаар бид хэнд ч дэлгээгүй. Гэтэл баривчлагдсаных нь маргааш хэвлэл, мэдээллээр гараад ирсэн.
-С.Зориг агсныг зэрлэгээр хөнөөснөөс хойш 17 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд таны охин цагдаа, хууль хяналтынхны байнгын хараа хяналт, байцаалтад байсан уу?
-Тийм байсан юм шиг байна лээ. Гэхдээ тэр тухайгаа надад огт хэлдэггүй. Хааяа “Ажлын хэсгийнхэнтэй уулзаад ирлээ” гэх болохоос биш өөр юм хэлдэггүй байсан. Миний бодож байгаагаар асуугддаг л байсан юм шиг байгаа юм. Булган бол огт ярьдаггүй.
-Охин тань тантай цуг амьдардаг юм уу. Тусдаа юу?
-Тусдаа амьдардаг. Хуучин байрандаа ганцаараа амьдардаг. Би энд ганцаараа амьдардаг. Гэхдээ миний охин намайг сайн асардаг. Өглөө болгон ирж хоол хийж өгдөг. Амралтын өдрүүдэд бол ирдэггүй. Бэлдэж өгчихөөд явдаг. Амралтын өдрүүдэд миний охин мацаг бариад сурчихсан юм билээ. Миний хоол хүнсний бүх юмыг гаднаас цуглуулж өгдөг.
-Жил бүрийн аравдугаар сарын 2-нд С.Зориг агсны хөшөөнд Ардчилсан намынхан болоод ойр дотнынхон нь хүндэтгэл үзүүлдэг. Харин гэргий нь огт харагддаггүй. Сонсох нь ээ хүмүүсийг очихоос эрт очоод цэцэг тавьчихаад явдаг гэсэн. Олон хүний хараанд өртөхгүй гэсэндээ л тэгдэг байх даа. Тэр хэцүү өдрөөс хойш ер нь нуугдмал амьдарч ирсэн шүү дээ?
-Тэр үнэн. Хэд хэдэн удаа маш эрт такси бариад гав ганцаараа очоод хөшөөнд нь цэцэг өргөчихөөд буцаад явчихдаг байсан. Тэр өдөр хэнтэй ч уулздаггүй. Өөрөө ч уулзахыг хүсдэггүй байсан юм уу, сайн мэдэхгүй. Ямартай ч ганцаархнаа очоод цэцэг тавиад буцдаг байсан.
-Зарим хүмүүс ажил хийдэггүй мөртөө яаж амьдардаг байна. Энд тэндээс мөнгө авдаг юм биш байгаа гэж харддаг. Харин та тэтгэврээрээ амьдардаг гэсэн байсан. Хэзээнээс тэтгэвэр тогтоолгосон юм бэ?
-Одоогоос хоёр жилийн өмнө тэтгэвэр тогтоосон. Хамгийн доод ханшаар тогтоосон. Саяхан жаахан нэмэгдээд 230 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг болсон юм билээ. Түүгээрээ л амьдардаг.
-Хэдийгээр эмч мэргэжилтэй хүн ч ажил хийх гэхээр өөрт нь дарамттай байдаг байх л даа?
-Өөрт нь асар их дарамттай байдаг шиг байгаа юм. Зүгээр гудамжаар явж байхад нь согтуу хүмүүс “Өө чи муу алуурчин энд явж байна уу”, “Чи яасан их удаан амьдардаг юм бэ”, “Ямар чинээлэг амьдраад байгаа юм бэ” гэх тохиолдол байдаг гэсэн. Заримдаа бүр хэцүү байгаа л даа. Үргэлжийн тийм дарамтанд явахад ямар хэцүү байх вэ гээд төсөөл л дөө. Ганц нэгийг нь л би сонссон. “Намайг согтуу хүн зодох гэлээ. Улсууд харин салгалаа” гээд ганц нэгхэн удаа л надад ам алдсан. Миний охин гэхдээ сэтгэлийн хаттай л даа. Мөнгө ч нэхдэг гэсэн. Миний охинд тусалж, салгасан хүмүүс таньдаг ч байсан байж магадгүй. Үгүй ч байж мэднэ. Гэхдээ тэр болгонд таниад салгана гэж байхгүй шүү дээ. Өнгөрсөн хугацаанд дандаа л дарамтанд явсан дөө. Энэ 17 жил энэ зовлонг Булган маань ганцаараа л үүрсэн. Хэн ч Булганд тусалж, дэмжлэг үзүүлж байгаагүй. Яах вэ, найз, нөхөд нь байдаг. Гэхдээ хэцүү байлаа гээд миний охин хэн хүнд зовлонгоо тоочихгүй. Айлын ганц охин гэхэд нэлээн чанга хүүхэд шүү. Өөрөө л асуудлаа давж, туулна. Энэ бол надад учирсан зовлон. Би өөрөө л үүрнэ гэдэг.
Сур: Өнгөрсөн хугацаанд охиныг нь гудамжаар явахад элдвээр хэлж, түүнийг 17 жил тэсвэрлэн явж ирсэн охиныхоо талаар Д.Байгаль гуай нулимс дуслуулан ийн ярьж байна. Өндөр настай эхийнхээ сэтгэл санааг нь зовоохгүй гэсэндээ ээждээ юм болгоныг тоочдоггүй байсан гэнэ. Жирийн хүмүүс байтугай улстөрчид ч сонгуулийн санал авах хэрэгсэл болгон С.Зориг агсны хэргийг илрүүлнэ гэж өнгөрсөн сонгуулиудад шоудаж байсныг бид бүхэн мэднэ. Энэ хэрэгт сэжиглэгдэн гадаадаас хүн хүртэл хулгайлж авчирч байсан. Харин тэрхүү сэжигтэн хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон ч нас барсан билээ. Энэ удаад хохирогчоор тооцож байсан С.Зориг агсны гэргий Б.Булганг сэжигтнээр татжээ. Гэхдээ яг ямар үндэслэлээр хэрэгт татсан тухай ар гэрийнхэнд нь болоод өмгөөлөгчдөд нь юу ч танилцуулаагүй аж. Б.Булганаас хоёр удаа байцаалт авахдаа л өмгөөлөгчдийг нь дуудаж, уулзуулсан гэнэ.
-Сонгууль болгоноор л энэ хэргийн талаар тодорхой хэмжээгээр хөнддөг. Д.Энхбат агсныг барьж ирэхэд охиноос чинь байцаалт авч байсан уу?
-Булганаас байцаалт авч байсан эсэхийг мэдэхгүй. Булган ч тэр тухай хэлэхгүй л дээ. Хааяа ажлын комиссынхонтой уулзаад ирлээ л гэдэг. Миний охин энэ хэргийн талаар маш их нууцалдаг. Тийм шаардлагатай ч байж магадгүй л дээ. Сонгуулийн өмнө гэдэг бол үнэн. Цагдаагийн дарга байсан Д.Мөрөн сонгуульд “Би сонгуульд ялбал энэ хэргийг илэрнэ” гэж л гарч ирсэн. Тэгсэн хэрнээ дөрвөн жил таг дуугүй байж байгаад л буусан. Энэ мэтээр дөрөв дэх удаагаа ийм зүйл гарч ирж байна. Сониноос харж байхад Б.Хурцын үед энэ хэргийн илрүүлэлт сайн явж байна. 65 хувьтай байна гэсэн мэдээлэл гарч байхыг нь үзсэн. “Б.Хурц генералын үед энэ хэрэг илрэх юм байлгүй дээ. Үүний дараа л миний охин чөлөөлөгдөх болов уу” гэх найдлага тавиад л харж байна. Чухам яаж төгсөхийг хэлж мэдэхгүй байна.
-Талийгаачийн ар гэрийнхэн та бүхэнтэй ямар холбоо, харилцаатай байдаг юм бэ?
-Бидэнтэй холбоо, харилцаа байхгүй. Талийгаач болоход нь С.Оюун гадаадад байж байгаад ирж ажил явдалд нь оролцсон. Тухайн үедээ холбоотой байсан л даа. С.Оюуныг нэр дэвших үед нь Булган маань маш их ажил хөөцөлдөж байсан. “Зориг сан”-гийн байрыг авахаас эхлээд олон ажил хийсэн. Булганыг орсон газар бүхэн асуудлыг нааштайгаар шийдэж өгдөг байсан. “Зориг сан”-г байгуулахын төлөө их явсан даа. Одоо бол холбоотой байдаггүй.
-Хорьсноос хойш хэвлэлд ярилцлага өгснийх нь дараа таны хүүг ганц удаа уулзуулсан гэсэн. Харин прокурорынхон мэдээлэл хийхдээ ар гэрийнхэн нь уулзах нь нээлттэй гэж байсан. Тийм боломж, бололцоо олгож байна уу. Та бүхэн уулздаггүй юм уу, уулзуулдаггүй юм уу?
– Би бие муутай, тийшээ явж чадахгүй болохоор өөрөө уулзах санал тавиагүй л дээ, харин дүү нь нэг удаа уулзсан. Цагаан сар болох гэж байгаа тул дахин уулзъя гэтэл саяхан уулзсан тул зөвшөөрөхгүй гэсэн.
-Одоо яг аль хориход байгааг нь мэдсэн үү?
-Төв аймгийн хорих ангид байгаа.
-Тэр газарт нь хүсэлт тавихаар ямар хариу өгдөг юм бэ?
-Тэнд нь өгдөггүй юм билээ. Булган эхний байцаалтаараа л “Би өмгөөлөгчтэйгөө уулзаж болох уу. Өдөр болгон уулзаж болох уу” гэхэд “болно” гэсэн юм билээ. Тэгсэн хэр нь, зөвшөөрөл авах гээд очоод утсаар ярихаар зөндөө удаж байж “Уулзуулахгүй гэж байна” гэх хариу өгдөг гэсэн. Өнгөрсөн хугацаанд өмгөөлөгчийг нь хоёр удаа, манай хүүг ганцхан удаа уулзуулсан. Гэхдээ ямар ч эргэлт оруулаагүй. Хувцсыг нь хоёр удаа сольсон. Цагаан сарын өмнө ядаж хувцсыг нь солиод өгчих юмсан гээд бэлдчихсэн байгаа. Гэхдээ оруулах, үгүйг нь хэлж мэдэхгүй л сууна. Манайхны хэлж байгаа, хийсэн хоёр дандаа харшилдаг. Зөвшөөрнө гэчихээд очихоор оруулдаггүй.
-Б.Булганы эрүүл мэнд ямар байдалтай байгааг нь мэдсэн үү. Тэр талаар мэдсэн, дуулсан юм танд байна уу?
-Нүүр нь хавнатаад хөөчихсөн. Царай зүс нь тааруухан байна гэсэн. Ер нь суурь өвчтэй. Давсагны үрэвсэлтэй. Баривчлагдахаасаа хоёр хоногийн өмнө цусаар шээж байна гэж надад хэлсэн. Тэгээд баривчлаад юу болсныг би мэдэхгүй.
-Хэрэгт сэжиглэгдээд шалгагдаж байгаа дарга нар бол байнга л бие нь өвдлөө гээд эмнэлэгт хэвтдэг. Эмчлүүлэх хүсэлт гаргаж болоогүй юм уу?
-Үзүүлье гэсэн гэнэ лээ. Гэтэл “Чи зүгээр ээ” гээд эмч нь үзэхгүй байна гэсэн.
-Үзээгүй байж уу?
-Тийм. Үзээгүй байж үзүүлэх шаардлагагүй гэсэн юм билээ. Хүү минь уулзахад нүүр нь хөөчихсөн байна гэсэн.
-Арван хэд хоногийн өмнө л уулзсан юм уу?
-Тийм. Намайг нэгдүгээр сарын 10-нд сонинд ярилцлага өгсний дараа л уулзуулсан.
-Өөр хүнтэй цуг хоригдож байгаа юу эсвэл тусгаарлачихсан байгаа гэнэ үү?
-Тусгаарлачихсан байдаг юм билээ. Бид Хүний эрхийн үндэсний комисст хандаж батлан даалтад гаргуулж өгөөч. Үгүй гэхэд нөхцөл байдлыг нь сайжруулж, хот руу шилжүүлж өгөхийг хүссэн. Бидний хүсэлтийг биелүүлээгүй.
-Хууль шинэчлэгдээд хоёр сараас дээш хугацаагаар сэжигтнийг хорихоо больчихсон юм биш үү. Хорилоо гэхэд заавал шүүхийн шийдвэрээр хорьдог болсон биз дээ. Таны гаргасан хүсэлтийг биелүүлэхгүй байх шалтгаанаа юу гэж тайлбарлаж байна?
-Тэрийг хэлдэггүй. Уг нь өмгөөлөгч нь холбогдох газруудад нь хүсэлтээ өгөөд яваа юм. Хариу өгөхгүй л байгаа. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга нарын хариу ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орлогч дарга Тугалхүү гэдэг хүнд шалгаж, судлаад хариу өг гэсэн бичиг явуулсан юм билээ. Гэхдээ хариу өгөөгүй л байна. Өргөдлийн хариу сарын дотор л ирдэг юм шиг байна.
-Хоригдож буй өрөөнийх нь гэрэл байнга асаалттай. Гэрлээр шарж байдаг гэсэн. Тэр тухай өөрөө хэлсэн юм уу?
-Өөрөө ч ярьсан. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын хүмүүс очиж үзсэн юм билээ. Тийм зөрчил байгааг нь бид засуулсан гэж хэлсэн л дээ. Юу байсныг нь би нүдээр үзээгүй болохоор мэдэхгүй. Гэхдээ манай хүү арав гаруй хоногийн өмнө очиж уулзахад гэрэлтэй хэвээрээ л байна гэж байна лээ. Хоол ундны хувьд Булган маань тоодоггүй. Юу л өгнө идчихдэг. Харин ариун цэвэр сахихаас эхлээд ном, сонин авах хэрэгцээтэй байх шиг байгаа юм. Тэнд ном оруулдаггүй. Гав ганцаархнаа хоригдож байгаа хүн чинь хэцүү шүү дээ. Ном, сонин жаахан ч гэсэн сатааруулах юм болов уу гээд би хоёр, гурван удаа ном өгч явуулсан. Оруулаагүй л дээ.
-Энэ хугацаанд таны охин ганцаараа амьдарч байсан уу?
-Ганцаараа. Нэг охинтой. Тэр нь над дээр өссөн. Одоо Хятадад дөрөв дэх жилдээ сурч байна. Булган маань ганцаараа л амьдардаг юм.
-Тэр аймшигт өдрийн дараа охинд тань сэтгэл, санааны хувьд тэсч гарахад маш хэцүү байсан байх. Хань ижлээ алдаад, дээр нь гудамжаар ч зүгээр явж чадахгүй. Гэртээ орлоо гэхэд хэрэг үйлдэгдсэн газар. Ийм хэцүү гачланг баргийн хүн тэсэхэд бэрх шүү дээ. Охиныгоо тэгэж тарчлахыг нь харсан эх хүнд бүр ч амаргүй байх?
-Булганд нэг найз нь Зоригийн хөрөг зургийг их томоор зурж өгсөн. Тэрийгээ гэртээ байрлуулсан. Энэ ямар учиртай юм бэ сэтгэл санааг чинь үймүүлэх юм биш үү гэхээр “Зүгээр ээ” гэдэг. Тэр зурагтайгаа орой болгон ярьж байдаг.
-Бодол, санаагаа хуваалцдаг байх нь ээ?
-Тийм. Арга ядсан л хүний зан шүү дээ. Би аргаа бараад өөрт нь хэлсэн…
-Тэр зургаа далд хий гэж үү?
-Үгүй. Энэ байраа зараад, өөрийнхөө ойролцоо чамд өөр байр авч өгье гэж.
-Тэгэхээр охин чинь юу гэдэг байв?
-Шууд л эсэргүүцдэг. Үгүй энэ байрыг зарахгүй гэж. Энэ байрандаа байж байгаад л дуусна гэдэг. Миний санаа бол тэр байрнаас нүүлгэчихмээр л санагддаг. Гэхдээ өөрөө бол тэндээ байх сонирхолтой. Манайд ч хонодоггүй хүн шүү дээ. Хоол хийж өгчихөөд л харьдаг. Надтай ч юу ярих билээ дээ. Янз бүрийн юм ярьвал намайг хямарчихна гэж боддог байх л даа. Тиймээс л ээжээсээ тусдаа байдаг байх. Надтай өөрийнхөө талаар юу ч ярьдаггүй.
– Тэр хэргээс хойш охин чинь зан төлөвийн хувьд өөрчлөгдсөн үү?
-Найз нөхөдтэйгөө байх нь өөрт нь тааламжтай байдаг юм болов уу. Бага ч болов сатааруулдаг байх л даа.
-Таны аав хэлмэгдсэн гэсэн. Дараа нь хүргэн нь бусдын гарт амиа алдаад. Одоо охин чинь хоригдож байна. Гэхдээ та охиныхоо төлөө л энэ бүхнийг давж ирсэн байх. Түрүүнээс хойш та нэг юмыг хэлчихмээр байгаа мэт боловч охиныхоо хэрэгт нөлөөлчих вий гэж санаа зовоод үгээ буцаагаад залгиад байгаа байх шиг байна аа даа?
-Энэ баривчилгааны дараа би их хямарсан. Эцгийгээ баригдахад би аравхан сартай байсан. Эхтэйгээ хоёулхнаа үлдээд ээжээрээ овоглосон. Дараа нь хүргэн маань хорлогдсон. Тэгэхэд бид их зовсон. Бид ч гэлтгүй Монголын ард түмэн эмгэнэн гашуудаж байсан. Тэр үед охин маань 15 хоног шоронд суугаад гарсан. Түүнээс хойш 17 жилийн дараа баривчлахдаа сэжигтэн, хүн амины хэрэгт сэжиглэж байна гэсэн үндэслэлээр баривчилсан. Ингээд миний гурав дахь зовлон эхэлсэн. Миний эцгийг хэлмэгдүүлсэн ч хэзээ ч бид гомдол мэдүүлж байгаагүй. Харин энэ удаа надад үнэхээр хүнд байна. Нас минь ахижээ бас…
-Уучлаарай. Би таны энэ эмзэг асуудлыг хөндөж улам хямраачихлаа. Та сахарын өвчтэй гэсэн. Санаа нь зовоод эмнэлэгт ч олигтой хэвтэлгүй гараад ирсэн байх. Гэхдээ та охиныхоо төлөө биеэ сайн бодоорой!
-Тэгсээн. Би сахарын өвчтэй. Сахар нь гэнэт унаад, шоконд ордог юм байна л даа. Бие их муудсан. Хүү маань эмч л дээ. Тэгээд эмчлүүлэхээр болсон. Булганы маань найзууд ч тусалсан. Намайг I эмнэлгийнхэн дор нь авч эмчилсэн. Арав хоног эмчлүүлээд гарсан. Даралт их өндөртэй. Гэхдээ энэ чинээтэй байгаадаа овоо доо гэж бодоод байна.
Сур: Энэ тухай ярьж байхдаа хөөрхий эх уйлж байсан. Хэлэх үг олдохгүй өндөр настай хүнд буруу юм асуулаа даа гэж бодогдсон ч үнэндээ энэ хүний үзэж, туулсан зовлонгийн талаар бид огт мэдэхгүй учраас зовлонг нь нэг ч гэсэн хүн ойлгоосой. Тухайн үед юу болсныг нь мэдэхгүй байж “нойтон сормуус” хүний охин үрийг гудамжаар явахад нь доромжилж, хэрэггүй үгээр сэтгэлийг нь бүү шархлуулаасай гэсэндээ асуусан гэж өөрийгөө зөвтгөлөө. Тиймээс уншигч та авах гээхийн ухаанаар хандана биз ээ. “Их тэвчээр шүү.Та сэтгэлийн хат сайтай хүн юм. Ная гарсан хүн гэхэд та ануухан байна аа. Үнэн мөн нь тогтоогдох биз дээ. Эрүүл мэндээ л сайн бодоорой” гэж хөгшний сэтгэлийг засахыг хичээлээ . Гэхдээ энэ үг тус болохоосоо нэгэнт өнгөрсөн бололтой. Уйлахгүйг хичээж, бөгтийж монийсон хуруугаараа дэмий элдвийг заан харцыг минь өөр зүгт чиглүүлэх гэсэн амьдрал, цаг хугацааны нугачаанд нухлуулж, бөгтийж, жижгэрсэн жаахан эмгэн алгаараа аньсгаа арчин сууснаа “Их тэвчээр гарсан л даа. Харин энэ удаад үнэхээр тэвчээр алдрах шиг байна” гэж яриагаа үргэлжлүүлэв.
-Та битгий буруугаар ойлгоорой. Таны охиныг ажил хийдэггүй болохоор нь хэн нэгний ивээн тэтгэлгээр амьдардаг гэж хүмүүс ойлгодог байх. Энэ хугацаанд яажшуухан амьдарч байсныг нь та хамгийн сайн мэднэ. Тиймээс зөвөөр ойлгуулж чадах байх л даа.
-Үнэнийг хэлэхэд өвгөн маань байхад амьдрал гайгүй л байсан. Өвгөн маань МУИС-д багшилдаг, би ч ажилтай. Манай хүн санхүүгийн хүн болохоор надад хэлдэг л байсан. Чи заавал хуримтлалтай байх хэрэгтэй. Хүнд ямар ч юм тохиолдож болно. Тиймээс чи заавал хуримтлалтай байх ёстой гэж. Тийм ч учраас мөнгөө их хямгатай зарцуулдаг байлаа. 1990 он болоход бид охиндоо мөнгө өгдөг болсон. Өгөхөөс ч өөр аргагүй. Амьдрал ахуйд нь тусламж байдлаар ханддаг болсон. Булган маань ажил хийх аргагүй болсон. Хүүхдийн эмч хүн шүү дээ. Ажиллая гэвэл хаа нэг газар олдоно л доо. Гэхдээ л олон түмний хардлага, сэрдлэг дунд ажиллах хэцүү. Олон хүн дунд сайн ч хүн байна. Муу ч хүн бий. Янз янзаар л хүлээж авна. Тийм болохоор ажиллахад хэцүү. Монголын ард түмний хайртай хүүг хөнөөсөн хэрэгт холбогдчихож байгаа юм чинь сайн мэдэхгүй хүн янз янзаар л хүлээж авна шүү дээ. Манайхныг мэддэг хүмүүс бол “Энэ хүүхэн бол яагаад ч ийм юм хийхгүй. Сайн гэр бүлд өссөн. Эцэг, эх нь их сайн хүмүүс” гэж мэддэг болохоор биднийг хамгаалдаг. Мэддэггүй хүмүүс бол “Ганцаараа үлдэхийг бодоход ямар нэг байдлаар холбогдолтой байж магадгүй. Өмссөн зүүснийг нь харахад хэн нэгнээс тусламж авдаг ч байж магадгүй” гэж боддог байх. Яг үнэндээ би л тусалж байна. Өөр хэн ч тусалдаггүй. Би охиндоо өөрийнхөө идэх хоолыг хасаад ч болов өгдөг. Ганц бие хүн чинь юу хороож базаах вэ дээ. Тиймэрхүү л янзаар амьдарч ирлээ. Хүн мөнгө олохын тулд ажил хийх хэрэгтэй. Би ч тийм. Манайх Амгаланд газар авч, ногоо тариад зардаг байлаа. Хааяа хүмүүст багахан мөнгө хүүтэй зээлдүүлдэг байлаа. Тав, арван цаас олсноо охиндоо өгнө. Хүн амьдрахын тулд янз бүрийн л арга хэрэглэдэг шүү дээ. Гэхдээ арай худлаа хэлж, хулгай хийгээгүй ээ.
-Таны охиныг мэдэхгүй ч ойр явсан хүмүүсээс нь элдэв тансаг хувцас хунараас илүү номонд дуртай хүн гэж сонсч байсан юм байна?
-Миний охинд тийм тансаг хувцас хунар байхгүй. Даруухан хэрэглээтэй. Надад хэлдэг. 100 төгрөгийн уутны төлөө гэртээ буцаж ирсэн гэж. Би “Ээ чааваас даа” гэж охиноо өрөвддөг.
-Охиныг чинь барьсны дараа хэвлэлээр мэдүүлэг нь зөрсөн гээд гараад байсан. Гэхдээ албаны мэдээлэл байхгүй. Танд мэдэгдсэн юм байна уу?
-Хэрэг анх гарсны дараа ч бүх зүйл сонингоор тараад ил болчихсон шүү дээ. Миний бодлоор тухайн үед баримт, нотолгоогоо хамгаалалтанд авч чадаагүй. Чухал мэдээллээ тавиад ил болгочихсон гэж боддог. Гэхдээ тэгсэн үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Олонд ил болчихсон. Мэдүүлэг зөрсөн гэдэг нь үнэн байх л даа. Зөрөх байх.
-Яагаад вэ?
-17 жил өнгөрчихлөө шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй гэдгээрээ л зөрөөд байгаа юм шиг байна лээ. Хоёр эрэгтэй хүнийг баривчилсан гээд хэвлэлээр гараад байсан шүү дээ. Харин миний охин С.Зоригийгоо бодож “Хэзээ ч гэмгүй хүнийг гүтгэхгүй” гэдэг байсан. Тиймээс ч өөрийнхөө хэлсэндээ байсаар байгаа, баривчлагдсан хоёр хүнтэй нь таарахгүй байгаа юм уу л гэж хэвлэлээр гарсан мэдээллийг харж суухдаа бодох юм даа. Би уулзаагүй болохоор юу болоод байгааг нь сайн мэдэхгүй байна.
-Цагаан сараас өмнө уулзахаар хүсэлт тавьж л байгаа байх даа?
-Хүсэлт тавьсаар л байгаа. Гэхдээ хариу байдаггүй ээ.
-Өмгөөлөгчөө хоёр удаа сольсон гэсэн. Яагаад сольсон юм бэ?
-Эхлээд хоёр өмгөөлөгч аваад гэрээ хийсэн. Гэтэл хоёр хоногийн дараа өмгөөлөгчид нь манай хүүг дуудаж уулзаад “Бид энэ хэрэг дээр ажиллаж чадахгүй нь ээ. Их хүнд хэрэг байна. Татгалзлаа” гэсэн. Тэгээд дахиад өмгөөлөгч авахаар болсон. Өөр өмгөөлөх хүн олдохгүй байсан болохоор хамаатныхаа өмгөөлөгч хүүг, өөрийнх сайн мэддэг бас нэг хүнтэй өмгөөлөгчөөр нь авсан.
-Өмгөөлөгч нь уулзаж байгаа юу?
-Үгүй. Уулзуулахгүй байгаа. Хоёр удаа байцаалт авахдаа л өмгөөлөгчийг нь байлцуулсан.
-Өмгөөлөгч нь мэдээж хэрэгтэй нь танилцсан байлгүй дээ?
-Танилцуулаагүй. Хэргийн мөрдөн байцаалт дуусаад прокурорт шилжүүлэхээр л өмгөөлөгчийг нь танилцуулна гэсэн юм билээ…
Сур: Ийнхүү бидний яриа өндөрлөв. Охинд нь ямар хэрэг тулгаж байгааг, эрүүл мэнд нь ямар байгааг, тэр ч бүү хэл огт уулзуулахгүй байгаа шалтгааныг таамаглахаас цаашгүй эхийн сэтгэл ямар байгаа нь хэнд ч ойлгомжтой. Сайн мэдээтэй уулзах болтугай гэсэн монгол хүний билгээр “Сайхан мэдээ дуулвал хэл дуулгаарай, хүүхээд” гэсээр Д.Байгаль гуай хоцорсон.
Л.НАРАНТӨГС