Энэтхэг эдийн засгийн өсөлтөөр Хятадыг давна

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Энэтхэг эдийн засгийн өсөлтөөр Хятадыг давна

 

Энэтхэгийн эдийн засаг энэ 2016 онд 7.8 хувиар өсөх тооцоог Дэлхийн банк гаргажээ. Түүнчлэн ойрын гурван жилийн хугацаанд Энэтхэгийн эдийн засгийн өсөлт Хятадыг гүйцэж түрүүлэх төлөвийг шинжээчид гаргасан байна. Эсрэгээрээ Хятадын эдийн засгийн өсөлт цаашид ч саарах төлөвтэй байгаа аж. Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн 2015 онд 6.9 хувьтай байсан бол ирэх онд 6.7 хувь, 2017 онд 6.5 хувь болж саарах гэнэ. Гэтэл 2010 онд Хятадын эдийн засгийн өсөлт 10.4 хувьтай байсан бөгөөд үүнээс хойш тогтмол буурсаар иржээ. Түүнчлэн нефтийн үнийн уналтаас үүдэн энэ онд ОХУ, Бразилийн эдийн засагт хямрал  үргэлжлэх хандлагатай байна.

 

Хятад, Энэтхэг хоёр оронд дэлхийн 8 тэрбум орчим хүн амын 40 гаруй хувь нь байдаг. Тиймдээ ч энэ нь асар том зах зээлийг бий болгож байгаа юм. Өмнө нь 1950-аад оны эхээр энэ хоёр орны эдийн засгийн хөгжил зөрүү багатай байсан. Харин 1970-аад оноос Хятадын эдийн засаг эрчимжиж эхэлжээ. Хятад улс нь боловсруулах үйлдвэрлэл болон экспортоороо тэргүүлэгч орон юм. Гэтэл Энэтхэгийн эдийн засаг дөнгөж 1990-ээд оны эхэн үеэс хүчээ авч, 2010 оноос худалдааны зах зээл дээрх гол харилцагч орон болсон байв. Өнгөрсөн жил Энэтхэгийн валют болон хувьцааны зах зээл хамгийн уян хатан байж глобал санхүүгийн зах зээлийн шуурганд бага өртжээ. Энэтхэгийн засгийн газраас төсвийн алдагдал ДНБ-ны дөрвөн хувь болгон бууруулж чадсан байна. 2009 оны байдлаар Энэтхэгийн төсвийн алдагдал ДНБ-ны 7.6 хувьтай тэнцэж байсныг үзвэл маш нааштай үзүүлэлт юм. Дэлхийн эдийн засагт Хятадын нөлөө их байгаа энэ үед Энэтхэг нь бусад орнуудыг бодвол Хятадтай худалдааны харилцаа холбоо багатай.  Түүнчлэн нефтийн үнийн уналт нь хэрэглэгч орны хувьд Энэтхэгт таатай нөлөө үзүүлж байна.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж