Туулын бохирдлыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Туул голын усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдал болон түүний урсацын бүсээс түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй талаар УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Түүнд БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Туул голын орчимд арав гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж хайрга олборлож, мөн ноос угаах, арьс шир боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тэдний бохирдуулсан ус, эвдсэн газарт экологийн хариуцлага тооцох хэрэгтэй болсныг ажлын хэсгийнхэн ярьж байлаа. Тэд нийслэлийн “Харгиа” төв цэвэрлэх байгууламж, Налайхын “Городок” байгууламжийн байдалтай танилцахад “Харгиа”-д хоёр тэрбум төгрөг зарцуулсан ч байдал сайнгүй байгаа нь харагджээ.

Туул голын бохирдлыг багасгахын тулд Хүйтний ам, Эмээлтэд гаргасан 50 га газарт ноос, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг шилжүүлэх хэрэгтэй байгааг мөн дурдацгаав. Гэхдээ тэдгээрт дэд бүтэц тааруу гэдэг шалтгаанар нүүлгэх ажил удааширч буй ажээ. Багануурт цэвэрлэх байгууламжийн ачаалал бага байгаа ч төмрийн исэлтэй үйлдвэрийн бохир ус Туул голд нийлүүлж буй нь илэрчээ.

Арьс ширний үйлвэрүүд хром, бусад химийн бодисоор нойтон боловсруулалт хийж бохир усаа Туул голд нийлүүлж байгаа. Тэдгээрийг Эмээлт рүү нүүлгэх, эсвэл үйл ахжиллагааг бүрмөсөн хориглох арга хэмжээ авах ёстой гэж ажлын хэсгийнхэн үзэж байсан юм. Мөнгөн усыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосонтой нэгэн адилаар арьс шир боловсруулдаг бодист ч хяналт тавих ёстой гэж байв. Мөн арьс ширийг түүхийгээр гадагш гаргаж болно гэцгээв. Хэрэв Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хүсэлт тавибал БОАЖЯ холбогдох арга хэмжээг авч болох аж. Уг асуудлыг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар хэлэлцэхээр боллоо.

                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж