Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарласан байна. Уг хурал нь чуулганы нэгдсэн хуралдаан завсарласны дараа эхлэх аж. Тус хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр болжээ. Мөн хуралдаан дууссаны дараа Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийх аж.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж тус бүр баталсан. Ингэснээр УИХ-аас хоёр удаа буцаж байсан Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болсон юм. Гацууртын орд нь 50 тонн алтны нөөцтэй. Уг ордыг ашиглахдаа Монгол эзэмших 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцсон байгаа.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компанийн зүгээс улсын төсөвт 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлнө гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Мөн 1000 иргэн ажлын байртай болно.
Г.ДАРЬ