Булган “бужигнах” уу?

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Булган “бужигнах” уу?

“Сонгууль-2016” тулааны өнгийг аймаг, нийслэл Улаанбаатараар тодорхойлон долоо хоногийн Мягмар, Пүрэв гаригуудад манай сайт тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаад Сонгуулийн дөрөвдүгээр тойрог буюу Булган аймгийн ганц мандат дээр хэн хэн өрсөлдөхөөр өөрсдийгөө сойж эхэлснийг тоймлон хүргэе.

Булган  хэзээнээсээ час улаан тойрогт багтдаг.  Өмнө нь хоёр байсан тус аймгийн мандатыг өнгөрсөн 2012 оны сонгуулиар нэг болгож өөрчилсөн.  “Булганыхан бужигнаантай, будаан дээрээ зодоонтой” гэгчээр  УИХ-ын ганц мандат дээрээ намууд, намууд дотроо фракциуд нь зодоонтой байгаа сурагтай.

Эрх баригч Ардчилсан намаас Булганы ганц тойргийг тойглож байгаа хүн хоёр байна.  Аль аль нь олонд танил биш. Булган аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат  Ардчилсан намын нэр дээр аймгаасаа нэр дэвшихээр бие халаалтаа эхэлжээ. Дөрвөн жил аймгаа удирдсан түүнийг “аймгаасаа баян засаг дарга” нарын тоонд  багтаадаг. АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг нь ч багагүй хөрөнгөтэй засаг дарга нарын нэг гэдгийг нь баталдаг.  

Тус аймагт өрсөлдөхөөр өөрийгөө сойж байгаа  нэгэн улстөрч бол аймгийн МоАХ-ы дарга Б.Батсайхан. “Буян”-гийн Б.Жаргалсайханы төрсөн дүү. Түүнчлэн олимпийн аварга Н.Түвшинбаярыг Булганд өрсөлдөнө гэсэн мэдээлэл нэг хэсэгтээ цацагдсан ч, аваргын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй өнгөрсөн. Гэхдээ “Овоо босгоогүй бол” гэгчээр  ийм яриаг Ардчилсан намын хэн нэгэн улстөрч гаргасан байх магадлалтай. Гэхдээ олипийн аварга боллоо гээд олон танил улстөрч болох ёстой гэсэн үг биш.

Монгол ардын намаас гэхэд л гурван ч хүн тус тойрогт санаархаж, аль хэдийн уралдаандаа бэлтгээд эхэлсэн гэнэ.  Мэдээж, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр тойргоо тийм ч амархан тавиад туучихгүй нь тодорхой. Тэгвэл Булган аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, UFC группийн ТУЗ-ын дарга О.Амартүвшин нар Булганд нэр дэвшихээр Тусгаар тогтнолын ордон хавиар гүйдэлтэй байгаа гэх.  Гэхдээ нам дотроосоо гарч чадвал гол өрсөлдөөн аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат, УИХ- ын одоогийн төлөөлөл гишүүн Ё.Отгонбаяр нарын дунд өрнөх бололтой. Гэхдээ сүүлийн дөрвөн удаагийн сонгуулийн дүнг харахад Ардын намд булганчууд саналаа өгсөөр ирсэн байдаг.

1996 он

Энэ үе Ардчилсан холбоо эвслийг булганчууд хоёр гараа өргөн дэмжсэн байдаг. Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшсэн Я.Эрхэмбаяр, Д.Дашпүрэв нар УИХ-д сонгоджээ.

2000 он

Тэгвэл дөрвөн жилийн дараа булганчууд ардчилагчдаас нүүр буруулж МАХН-ыг олонх нь дэмжсэн байна. 1996-2000 оны хооронд дөрвөн удаа засаг байгуулж тоглосны горыг амсч энэ он жилүүдэд ардчилагчид бүгдээрээ лааз өшиглөхөд хүрсэн.  МАХН буюу МАН-аас нэр дэвшсэн Ч.Раднаа, Л.Энэбиш нар булганчуудын дэмжлэгтэйгээр парламентад сууцгаав. Энэ цагаас хойш тус тойрог улаан тойрог болсон гэж хэлж болно.

2004 он

Мөн л МАХН буюу МАН ялалт байгуулсан. Тодруулбал, Ч.Раднаа, Ц.Цэнгэл нар бусдаасаа олон саналаар ялалт байгуулжээ.

2008 он

Дахиад л МАХН буюу МАН ялалт байгуулав. Тус намаас нэр дэвшсэн Э.Мөнх-Очир нэгээр гарсан нь түүний эцгийн нэр нөлөөтэй холбоотой.  Удаах санал авч УИХ-ын гишүүнээр сонгодсон хүн бол Ц.Цэнгэл.

2012 он

Сонгуулийг холимог системээр явуулахаар шинэ хууль батлагдсантай холбоотой Булганы хоёр мандат нэг болж цөөрсөн. МАН-аас нэр дэвшсэн Ё.Отгонбаяр хамгийн олон санал авч УИХ-ын гишүүн болсон юм.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж