Б.Ичинхорлоо: Би шүлгийн тойргоос урвахгүй

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Б.Ичинхорлоо: Би шүлгийн тойргоос урвахгүй

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом-2016” наадам мягмар гаригт /02.02/ Соёлын төв өргөөнд боллоо. Энэ удаагийн наадмын хоёрдугаар шатанд 33 найрагч шалгаран үлдсэнээс яруу найрагч Ц.Эрдэнэбаатар “Суурин иргэншлийн цаг” шүлгээрээ “Болор цом-33”-ын эзэн болсон. Наадмын удаах байруудад “Болор цом”-ын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар болон яруу найрагч М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Л.Ганзул нар шалгарсан юм. Яруу найргийн наадмын үеэр “Болор цом”-ын хошой шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоотой ярилцсанаа хүргэж байна.

-Энэ жилийн “Болор цом” наадмын онцлогийг та хэрхэн харж байна вэ?

-Олон жил дараалан хөдөө орон нутагт урвасан “Болор цом” наадам энэ жил Улаанбаатарт болсон нь хамгийн том онцлог байлаа. Энэхүү наадмыг хүсэн хүлээсэн нийслэлчүүд найраг, найрагчдаа санасаар олноороо цугласныг харахад үнэхээр сайхан байна. “Болор цом” наадам уншигч, яруу найрагчдыг холбосон амьд наадам. Тиймээс энд ирж байгаа бүхэн уулзалтын баяр, уулзахын баяр, уйлж дуулахын баяр, хөөрөхийн баяр. Яруу сайхан шүлгээ бие биедээ уншиж өгөхийн баяр. Бид өдөр бүр уулзаад шүлгээ уншиж чадахгүй байна. Өнөөдөр би иймэрхүү хэмжээнд бичээд байна шүү гэдгээ бие биедээ хэлж, ярьдаг тийм л баяр. Оролцогчдын чансаа сайжирч, тоо нь ч нэмэгдэж, гадны орноос яруу найрагчид ирж оролцож байна. Цаг үе гэдэг өөр өөрийнхөө шинэ давалгааг бүтээж байдаг болохоор “Болор цом” наадам маань анхандаа шинэ залуу найрагчдыг, шинэ уран бүтээлчийг тодруулахын төлөөх наадам байсан бол одоо яруу найрагч, уншигчдын уулзуулдаг гүүр гэдэг үүргээ илүү гүйцэтгээд эхэлсэн байна.

-Та анхны “Болор цом” наадмын тэргүүн шагнал хүртэхдээ дунд сургуулийн сурагч байсан шүү дээ. Тэр үеийг эргэн дурсвал?

Энэ наадам өөрөө ямар их хүндтэй, хүний амьдралд ч гэсэн яасан их үүрэг гүйцэтгэдэг наадам бэ гэдгийг харуулахын илэрхийлэл нь би болж байдаг. “Болор цом” найргийн наадамд түрүүлчихсэн найрагч өмнөхөөсөө муу шүлэг унших эрх байхгүй. Ард түмний хайр нь энэхүү шагналын нэр хүндийг өргөж байдаг учраас хариуцлага нь тун өндөр. Тиймээс би “Болор цом” наадамд шүлэг унших болбол аль болох үнэн үгтэй, сайн шүлэг унших юмсан гэж боддог. “Болор цом”-ын эзэн гэдэг утгаараа энэхүү наадамд маш сайн хяналт тавьж оролцдог.

-Өвөрхангай аймгаас дунд сургуулийн ахлах ангийн сурагч охин хүүхдийн гэгээн сэтгэл тээгээд ирж байсан. Хэрвээ “Болор цом” гэдэг яруу найргийн наадам байгаагүй бол, уншигчдад энэ хүүхэд овоо юм бичдэг юм байна гэж харагдаагүй бол, ахмад үеийн яруу найрагч нарт тоогдоогүй бол өнөөдөр би өөр зам дээр зогсож болох байсан. Энэ наадам өөрөө ямар их хүндтэй, хүний амьдралд ч гэсэн яасан их үүрэг гүйцэтгэдэг наадам бэ гэдгийг харуулахын илэрхийлэл нь би болж байдаг. “Болор цом” найргийн наадамд түрүүлчихсэн найрагч өмнөхөөсөө муу шүлэг унших эрх байхгүй. Яруу найрагч гэж олж авсан алдраа муухайгаар дуурсгах нь зохимжгүй. Ард түмний хайр нь энэхүү шагналын нэр хүндийг өргөж байдаг учраас хариуцлага нь тун өндөр. Тиймээс би “Болор цом” наадамд шүлэг унших болбол аль болох үнэн үгтэй, сайн шүлэг унших юмсан гэж боддог. “Болор цом”-ын эзэн гэдэг утгаараа энэхүү наадамд маш сайн хяналт тавьж оролцдог.

-“Болор цом” наадмыг үгүйсгэх үзэл мэр сэр бий шүү дээ?

-Яруу найргийг шүүж болохгүй. Яруу найргийг шүүнэ гэдэг бол бүдүүлэг явдал. Болор цомыг бүр больчихвол гээд төсөөлөхөөр сэтгэлд огт буудаггүй юм. Жилдээ нэг л өдөр цугладаг найргийн хур татарчихвал яруу тунгалаг шүлгийг найрагчдын гэрт нь очоод сонсоно гэж байхгүй шүү дээ. “Болор цом”-ыг үнэхээр шүүмжлэе гэсэн хүнд бол бүхий л талаас нь өргөс нь харагддаг наадам. Энэ бол амь халуунтай наадам. Өөрөөсөө гэрэлтэж, өөрөөсөө шатаж байдаг наадам учраас маш хэцүү. Өөрийн гэсэн зүй тогтолтой тийм л наадам.

-Сүүлийн жилүүдэд та “Болор цом”-д шүлгээ сойхгүй байна вэ?

-Миний хувьд энэхүү наадамд албан ёсоор оролцолгүй бараг 10-аад жил болчихлоо. Тухайн үед шинэ залуучуудад зай тавьж өгөхийн тулд яруу найргийн наадмын дэвжээнээс хөндийрч байсан. Нэг ч гэсэн залуу яруу найрагч энэхүү наадмаас тодорч гарч ирээсэй гэсэндээ би наадамд оролцохоо больсон. Би шүлгээ уншиж, ард түмнийхээ алга ташилтыг дэндүү их мэдэрсэн. Надад өөр зүйл хийх хүсэл байна.

-Ямар зүйл хийхийг хүсэж байна?

-Үнэндээ “Болор цом”-оос өөр юм. (инээв)

-Гэхдээ шүлгээ бичиж байгаа биз дээ?

-Өө тэгэлгүй яахав. Би гэдэг хүн чинь тэр шүлэг гэдэг тойрогт л төрсөн хүн билээ. Түүнээсээ бол урвахгүй.

Ч.БОЛОРЧУЛУУН

 


1990 оны "БОЛОР ЦОМ" наадмын тэргүүн шүлэг.

ТЭНГЭР

Миний монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм.

Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй

1991 оны "БОЛОР ЦОМ" наадмын тэргүүн шүлэг.

ЭХ НУТАГ

Цав цагаан навчис тэнгэрээс хагдарч
Хуучин гутлын уланд чахрана
Цас орж байна гэж намайг тэнэглэхэд
Хүмүүс аанай л толгой дохино
Тэс хөлдүү моддын нөмөрт
Даль хумин болжмор чичирч
Зовлонт эх нутгийнхаа тухай
Золгуй шүлэгч гиюүрэн дуулна
Энд би оршуулгын газар шигээ дасч
Элгээ өмлөн хоромхон чулуужнам
Хуучин танил шиг элэгдмэл саран
Хувхай мөчирт гэрлээ унагаж
Хилэгнэл харууслын дуу
Хэрээ мэт айсуй
Цөөхөн байгаасай гэмээр яг энэ орой л
Цөмөврөв үргэчихлээ шүү, сэтгэлийн хун шувууд…

Намуун борооноор оддыг нэг ажихнаа
Намар л юм байлгүй дээ, навч хагдрах ч шиг…
Болдогсон бол яг л одоо
Бодлоо тээж эмээгийн цайны усанд явмаар
Цангасан чулуу дэвтээж бороо шиврэх нь
Чамайг үхэж гэж зүүдлээд сэрэх мэт
Шүлэг мэт Монголын тал дээгүүр
Шөнө мэт уянга хөглөрнөм
Халуун залуу насыг чинь би алган дээрээ бөмбөрүүлсээн
Хагацаж чадсан бол эргэж хараад хэрэггүй
Зөнгөөр амьдралын минь бурангуй өдрүүд өөрийн төрхтэй болохоор л
Зүрх сэтгэл минь үгүй мэт хоосровч нөмөр дулаан.

 

ЗУУН НАМАР

Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагласаар л байх болно

Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно
Зуун намар, зуун намар

 

ЧАМДАА

Тэртээх хаврын өдрүүдийнх шиг хөтлөлцөөд нэг алхалмаар
Тийм яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээнэ
Уулга алдан айсуй
Үгүйдээ хайрт минь би мартаж чаддаггүй
Үнэндээ чи ч бас мартагдахыг хүсдэггүй
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явахад
Хаврын шувуудын дуун эцээд болдоггүй ээ Заяа заяагаа дагасан тавилан гэж байхаас
Зайгүй дотнохон сэтгэлд хагацал гэж байдаггүй
Мянган хунгийн жигүүрйин салхинд сэмрэх
Мяндсан үүл шиг хэврэгхэн сэтгэл надад байдаггүй
Орь залуу нас хийгээд гуниг уйтгарын тухай
Одоо би шүлгэлхээ болисон
Өтгөн мөчирт зугаацаж ханаад гургалдай нисэж одох мэт
Өнгөрч холдсон дурсамжаасаа аажуухан залхах болсон
Чиний тухай мөрөөдөж ханасан амраг минь
Чээжин дэх нууцаа задлахыг чинь харин хүлээхгүй
Аянч хун нуурийн толионд буух шиг л
Алжааж хүлээсэн цаг мөчүүд миний мэдэлд ирлээ
Мянган жил өнгөрсөн ч шинэхэн байх үгүйг
Магад би одоо л хэлье чамд би хайртай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж