&#34Миний амьдрал сайхан хүмүүсийн дунд байсан гэж боддог&#34

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

&#34Миний амьдрал сайхан хүмүүсийн дунд байсан гэж боддог&#34

Монгол улсын начин Д.Жанчивдорж: Миний амьдрал дандаа олонд танигдсан сайхан хүмүүсийн дунд байсан гэж боддог

Увс нутгаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүдийн нэрэмжит, цуврал барилдаан нэг Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, Монгол улсын начин Д.Жанчивдоржийн нэрэмжит болсон юм. Барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, "Энгүй тал компанийн бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, "Хилчин" спорт хорооны бөх аймгийн арслан М.Бадарч үзүүрлэж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан О.Хангай нар их шөвөгт шалгарлаа. Харин дунд шөвөгт Архангай аймгийн арслан Э.Ванданцэрэн, Хөвсгөл аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр, Сэлэнгэ аймгийн арслан Н.Баярбаатар, Баянхонгор аймгийн заан М.Батцэнгэл нар шалгарсан юм.

Ингээд улсын начин Д.Жанчивдоржтой ярилцсанаа хүргэж байна.

-Таны төрж өссөн нутаг ус, аав ээжийн талаар яриагаа эхлэх үү?

Би Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг Төрийн тахилгат “Хан хөхий” хайрханы эхлэл болох “Хөх бэлчир”-ийн өвөлжөөнд малчин ард Зундуйн Дуламсүрэнгийн 6-р хүү болон төрсөн. Бага нас маань хөдөөгийн малчин айлын хүүхдүүдийн адил л малын тоосон дунд,малчны хотонд өнгөрсөн дөө. Аав,ээж 2 маань нутгийнхаа олонд магтагдсан,сайхан сэтгэлтэй хүмүүс байлаа. Аав маань багадаа хүрээ хийдэд шавилан сууж байсан номтой тул манайхаар нутгийн болон зэргэлдээ сумдын хүмүүс их ирнэ. Нэгдлийн мал олон жил малласан даа. Ээж маань орсон гарсанд ундтай устай,сайхан зантай тул манайхаар сумын болон бригадын удирдах ажилтнууд хөдөөгүүр ажлаар явах үедээ их хоноглодог байлаа. Би тэр хүмүүсийн морийг аргамжиж,өглөө авч ирэн эмээлж өгдөг байлаа. Хүүхэд насны тэр дурсамж одоо ч миний сэтгэлд тодхон үлдэж дээ. Том болоод ширэн цүнх үүрсэн, гоё морь унасан тэр ах нар шиг болно доо гэж боддогсон. Тэгээд ч би хөдөөний хүүхэд учраас хожим нь мал аж ахуйн мэргэжил эзэмшсэн хэрэг.

-Багадаа ямархуу хүүхэд байв?

-Үеийнхээ хүүхдүүд дундаас биеэрхүү өсгөлүүн хүү байлаа. Хичээл номондоо сайн онц сурдаг байсан. Одоогийн  ХААИС-ийн багш доктор О.Уламбаяр,ТИС-ийн багш О.Пүрэвжал бид гурав тоогоо уралдан бодоод, хэн түрүүлж зөв бодсон нь ангийнхаа хүүхдүүдийн дэвтрийг засаж дүн тавина.Тэр үүргээ гүйцэтгэх гэж их улайрдаг сан.Сургуулийн амралтын цагаар бол хонь хариулна. Зун даага сургаж унана. Тэр үед хүүхдэд даага л олдоно шүү дээ.

 

-Бөх болох хүсэл мөрөөдөл хэзээ, юунаас эхэлсэн?

Багын өсгөлүүн хүү байсан болохоор үеийнхэнтэйгээ барилдахаар бүгдийг нь хаяна. Тэр үед элдэв тоглоом байсан биш. Хөдөөний хүүхдүүд бид сургуулийнхаа дотуур байранд сууна. Хичээлийн бусад цагаар хоорондоо ноцолдож, барилдаж дээлээ урж л цагийг өнгөрөөнө шүү дээ. Жил бүр сургуулийн аварга шалгаруулах барилдаан болоход ихэвчлэн дээд ангийн ах нар түрүүлнэ. Тэр барилдааныг их л хүлээдэг, догдолдог байж билээ. Зургадугаар ангидаа 2-р байр, 7-8-р ангидаа түрүүлж их урамшиж байлаа. Дунд сургуулийн сурагч байх, дотуур байранд байсан зэрэг нь л бөхөд дуртай болгосон байх аа. 9-р ангидаа Баруунтурууны 10 жилд шилжин суралцаж тэнд одоогийн улсын начин Д.Төрмөнх, аймгийн арслан Балдорж, аймгийн заан Баяндорж, Дэмчиг, аймгийн начин, доктор Л.Даваахүү, Гомбо, сумын заан Н.Баатарчулуун нартай нэг ангид орж суралцсан нь бөхөд дурлах, бөхийн спортоор хичээллэж амжилт гаргах эхлэл болсон гэж боддог.

-Таны үеийн хүүхдүүдийн гол хүсэл мөрөөдөл, сонирхдог зүйл нь юу байсан бол…?

Тэр үед алс баруун хязгаарын жижигхэн суманд хөгжил гэж байсангүй. Телевиз, интернет, тоглох тоглоом ч байхгүй. Энэ багш шиг, тэр эмч шиг хүн болно гэж л ихэнх хүүхдүүд мөрөөднө. Зарим нь ч би хөдөө гарч малчин болно, хөдөлмөрийн баатар Л.Санжжав гуай шиг баатар болно гэж ярина, мөрөөднө. Хүүхдүүд тоглож наадахаас гадна сумын номын санд сууж уран зохиолын ном их уншина. 7 хоног бүр кино үзнэ. Уншсан номондоо тэмдэглэл хөтөлж хоорондоо ярилцана. Ийм л гэгээлэг, сайхан орчинд өсч торниосон доо.

-Та дунд сургуулиа төгсөөд ямар сургуульд сурч, ямар мэргэжил эзэмшсэн билээ?

Би АУДуС-ийг рентгений техникч, ХААИС-ийг мал зүйч, Удирдлагын академийг төрийн удирдлагын арга зүйч,зохион байгуулагч мэргэжлээр төгссөн.

-Сургуулиа төгсөөд хаана, ямар ажил эрхэлсэн, одоо ямар эрхэлж байна вэ?     

-Тухайн үеийн НАХЯ-ны Хүч нийгэмлэг, улсын шигшээ багт тамирчин байлаа. Их сургуулиа төгсөөд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд мал аж ахуйн салбарын тэргүүлэх эрдэмтэдтэй хамт ажилласан. Миний амьдрал дандаа олонд танигдсан сайхан хүмүүсийн дунд  байсан гэж боддог. Монгол орны маань нүүр царай, нэрийн хуудас болсон олон алдарт бөхчүүд, тамирчдын дунд 10-аад жилээ өнгөрүүлсэн бол мал аж ахуйн салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтдийн дунд мөн дараагийн 10 жилээ өнгөрүүлж, сүүлийн 10-аад жил бизнесийн салбар тэр дундаа Монголын тэргүүлэх зэргийн компаниудын нэг дэлхийн аварга, гавьяат тамирчин Х.Баттулгын үүсгэн байгуулсан Женко группийн Мах импэкс ХК-д  ажиллаж байна даа.

Бөхийн удамтай юу?

-Яг барилдаж байсан хүн ховор юм билээ. Манай ээжийн талын хүмүүс бие томтой, бяр чадал ихтэй хүмүүс байсан гэдэг юм. Одоо ч манай ээжийн талын хамаатнууд биеэрхүү хүмүүс байдаг. Өндөрхангай сумын уугуул Бямбаагийн хүүхдүүд Төмөрхүү, Түмэндэмбэрэл, Баттөр гээд аймаг,сумын цолтой бөхчүүд байна. Манай аав ч биеэрхүү, гартаа бяртай хүн байсан. Тэр үеийн хүмүүс тэр болгон барилдаад байгаагүй бололтой юм билээ.

-Анх ямар барилдаанд барилдсан байдаг вэ?

-Анх би чөлөөт бөхөөр л баруун бүсийн тэмцээнд оролцож байсан. Миний анхны багш бол Өндөрхангай сумын харьяат аймгийн начин, спортын мастер Г.Цэрэндорж. Багш маань олон шавьтай. Тухайлбал: Улсын заан, гавьяат тамирчин Ж.Ганболд, улсын начин Д.Төрмөнх, С.Дангаасүрэн гээд л…Би Зүүнхангай сумынхаа 8 жил, Баруунтурууны 10 жилд сурч байгаад манайх хот руу шилжин ирж 14-р сургуулийг төгссөн. 10-р ангид байхдаа спортын төв ордонд гавьяат дасгалжуулагч, улсын начин Д.Баатаржавын бөхийн секц дугуйланд хичээллэж өсвөр, залуучуудын тэмцээнд түрүүлж байлаа. Тэр үед надтай хамт одоогийн ардын багш, улсын начин Ц.Дамдин, гавьяат тамирчин, аймгийн арслан Г.Жамсран, улсын начин, ОУХМ Г.Намсрайжав, их эмч, ОУХМ П.Бат-Очир гээд олон алдартнууд манай дугуйлан секцнээс төрсөн дөө.

-Амжилт гаргаж эхэлсэн үе болон түүнээс хойших амжилтуудаа хуваалцана уу…?

-Би бөхийн жүдо барилдааны  улсын анхны аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж анхны медиалаа авч байлаа. Түүнээс хойш 1990-ээд он хүртэл хот, улс, олон улсын тэмцээнүүдээс 30 гаруй алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. 1980 онд Хүч нийгэмлэгийн аварга шалгаруулах барилдаанаар цэргийн арслан цол хүртсэн. Ерөнхийдөө начин болтлоо жил бүр наадмын бөхийн тааварт цол хүртэнэ гэж байнга л ордог, дөрвийн даваанд л унадаг байлаа.

-Улсын начин болсон үеийн дурсамж?

-1985 онд ардын хувьсгалын 64 жилийн ойн баяр наадамд улсын заан С.Хүрэлбаатараар 5 давж улсын начин цолны босгыг алхсан даа.Олон жилийн мөрөөдлөө биелүүлж, ардын хувьсгалын жилүүдэд сумаасаа төрсөн анхны улсын цолтой бөх болсондоо их л баярлаж байлаа. Манай сум чинь 1893 оны Даншиг наадмын түрүү бөх Ц.Ламжав аваргын нутаг шүү дээ. Алдарт Намхай аваргыг хаясан цөөхөн бөхчүүдийн нэг нь. Би энэ их бөхөө хүндэтгэх, хойч үедээ түүх үлдээх зорилгоор нутгийн аминдаа ахтайгаа  хамтран Хан хөхүйн Ламжав аварга номоо 2012 онд гаргасан. Мөн сумандаа гэрэлт хөшөөг нь санаачлан босголцсон.

-Хэн, хэнтэй хамт начин болж байв?     

Тэр жилийн наадам үнэхээр сайхан болсон. Б.Ганбаатар арслан начин цолтой байхдаа Д.Хадбаатар аваргыг хаяж түрүүлж байсан. Тэр жилийн наадмаар 5 начин цолтон шинээр төрсөн. Одоогийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Ж.Алтангадас, Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, дэлхийн аварга,гавьяат тамирчин З.Дэлгэрдалай, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат С.Ганзориг нар юм.

-Түүнээс хойш дахин шөвгөрөх, цолоо батлах, ахиулах боломж байсан болов уу?

-Тамирчин хүний амжилтад спортын гэмтэл бэртэл их нөлөөлдөг. Гэмтлийн улмаас цолоо ахиулах, батлах боломж гараагүй.

-Таны барилдааны онцлог болон голлож хийдэг мэх юу байв?

-Би барьцгүй байдлаас 2 хөл авдаг, шуудагны барьцнаас татаж хавирах, давуулж гуядах мэхийг голлон хийдэг. Самбо, жүдо бөхөөр барилддаг тул зогсолт сайтай байсан.

-Үеийнхээ бөхчүүдийн онцлог, барилдааны тухай хууч дэлгэвэл…?

-Миний үеийнхэн гэвэл арслан Б.Ганбаатар, гарьд Д.Баяраа, заан Р.Давааням, харцага Ж.Бор, Г.Намсрайжав, начин Ж.Чулуун,С.Дамдинбазар, Д.Улаанхүү, Д.Багахүү гээд олон бөхчүүд байна аа. Давааням заан бяртай, их хашир, хянуур барилддаг бол, Ганбаатар арслан хурдтай, догшин барилдана. Хүн бүр л өөр өөрийн гэсэн онцлогтой барилддаг байсан даа.

-Санаанаас гардаггүй дурсгалтай барилдаан байдаг уу?

-Ер нь барилдаж явах үед дурсамжтай их л гарна шүү дээ. 1981 онд манай жүдогийнхан Европийн цуврал тэмцээнд оролцоод Болгарийн Ловеч хотод олон улсын тэмцээнд оролцсон юм. Ганбаатар арслан бид 2 өөрсдийнхөө жинд хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч бие халаалтын өрөөнд дасгал хийж байлаа. Тэгсэн манай багш, гавьяат дасгалжуулагч Б.Гэлэг орчуулагч оюутан залуутай орж ирээд дэвжээнд дуудаж байна гээд л намайг аваад гарлаа. Би ч дэвжээнд гарлаа. Миний барилдах бөх биш байна гээд л багшдаа хэлтэл шүүгч шууд барилдаан эхлүүллээ. Хүрэл медалийн барилдаан тул тэр үед 7 минут барилдана. Цаг дуусахад би өрсөлдөгч бөхөө юүко үнэлгээгээр хожлоо. Дараагийн нь барилдаан эхэлж Ганбаа арслан дэвжээнд гарлаа. Ерөнхий шүүгч дээр манай дасгалжуулагч нарыг дуудлаа. Тэгсэн чинь би Ганбаагийн барилдах хүнтэй зөрөөд барилдчихжээ. Ганбааг барилдуулахгүй гэлээ. Би барилдах боллоо, 7 минут барилдлаа. Шүүгчийн саналаар ялагдлаа. Ингэж бид 2 хамтдаа медалиас мултарч байж билээ. Хэрвээ өөр өөрийнхөө хүнтэй шууд л барилдсан бол аль аль нь л медальтай байх байсан. Би анх л олон улсын тэмцээнд оролцоод 4-р байр эзэллээ. П.Бат-Очир бид 2 тэр үед Анагаахын дундад сурч байсан юм. П.Бат-Очир хүрэл медаль жиндээ хүртлээ. Би 82 кг-д, П.Бат-Очир 48-кг-д барилдана. Манай сургуулийн биеийн тамирын багш нар Найгал, одоогийн гавьяат дасгалжуулагч Намжилмаа нар сургуулийн коридорт баяр хүргэсэн мэдээлэл хаджээ. Хүүхдүүд баяр хүргээд л. Маргааш нь манай ангид Бат-Очирын ангийн багш хичээл орохдоо надад баяр хүргэчихээд, чи чинь тэгээд манай ангийн Бат-Очирт ялагдаад 4-р байранд орсон юм уу гэж асуугаад бөөн инээдэм болж байж билээ.

-Гэр бүлийнхээ тухай…?

-Манай гэр бүлийн хүн Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Чулуунтогтохын Мөнхбаяр гэж хүн бий. МУИС-ийг эдийн засагч, ня-бо мэргэжлээр төгссөн. Насаараа нефтийн салбарт ажилласан. 1 хүү, 2 охинтой. Одоо ач, зээ нэмэгдээд олуулаа болсоон.

-Одоо болох гэж буй барилдааны тухай ярих уу?

-Увс аймгаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүдийн цуврал барилдааны үргэлжлэл барилдаан энэ сарын 30-ны Бямба гаригт Монгол бөхийн өргөөнд болно. Энэ удаагийн барилдаан миний нэрэмжит болж байгаа юм. Энэ барилдааныг надтай хамт МҮБХ, Бөхийн “Увс нуур” гал, Увс аймгийн Зүүнхангай сумын нутгийн зөвлөл хамтран зохион байгуулна. Энэ ярилцлагыг ашиглан бөхчүүд, бөх сонирхогчдийг барилдаандаа хүрэлцэн ирж барилдахыг, үзэхийг урьж байна.

-Та бөхөөс өөртөө юуг шингээж авсан гэж боддог вэ?

-Бөхөөс, спортоос тухайн хувь хүн олон зүйлийг өөртөө шингээн авдаг. Хамгийн гол нь хөдөлмөрч, шударга байх, ахмад болон залуу үеэ хүндэтгэх чанарыг өвлүүлдэг. Дээр нь ухаантай байх, ажил хэрэгч байж цаг баримтлах, боловсролтой байх чанарууд их чухал. Би бөх хүн гээд боловсролгүй, түүндээ санаа тавьдаггүй байж хэрхэвч болохгүй. Би боловсролдоо байнга л санаа тавьж ирсэн. Одоо түүнийхээ үр шимээр санаа зовох юмгүй,сайхан амьдарч, хөдөлмөрлөж явна.

-Таны хамгийн бахархалт зүйл юу вэ?

-Мэдээж хүнд бахархах зүйл олон бий. Намайг төрүүлж өсгөн өдий зэрэгт хүргэсэн аав, ээж 2 минь, миний төрж өсөн тоглож наадаж байсан нутаг ус минь, хань үр хүүхдүүд, ач зээ нар гээд л олон үйл байна.

-Та нутгийнхаа бөхийн тухай ном бичсэн байх аа?

-Би сэтгүүлч С.Баяндоржтой хамтран анх “Увсын цэнхэр хязгаарын домог түүхтэй бөхчүүд” номоо 2008 онд гаргасан. Түүний дараа “Ханхөхүйн Ламжав аварга”, миний найз улсын начин С.Дамдинбазар агсны дүү аймгийн хурц арслан С.Мөнхнасантай хамтран “Өвөрхангайн Бүрд сумын хүчтэнүүд”, “Наадам чимсэн  Зүүнхөхийн хүчтэнүүд” номоо гаргасан. Мэргэжлийнхээ чиглэлээр ч хэд хэдэн ном гаргасан. Хамгийн сүүлд 2012 онд ХААИС-ийн мэргэжлийн ангийн оюутнуудын сурах бичиг “Гахайн аж ахуй” номоо гаргасан. Би зөвлөх зэргийн мргэжилтэн шүү дээ.

-Ойр мөд дахин ном бичих үү?

-Бөхийн талаар, мэргэжлийнхээ чиглэлээр ном гаргана аа. Миний  бодолд хэд хэдэн санаа байгаа. Байнга л материал цуглуулж баяжуулж байгаа даа.

-Бөхийнхөө үйл хэргээс гадна хариуцлагатай алба хашдаг бөхчүүдийн нэг бол та?

-Би үндсэн ажлынхаа хажуугаар бөхийн “Увс нуур” галын менежер, нутгийн зөвлөлийн удирдах бүрэлдэхүүний сонгуульт ажилтай, Монголын гахайн аж ахуй эрхлэгчдийн холбооны гишүүн зэрэг сонгуульт ажилтай. Амралтын өдрүүдэд сонгуульт ажлуудаа амжуулдаг.

-Та амьдралдаа ямар зарчмийг мөрдөж явдаг вэ?

-Цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, аль болох хүнтэй муудалцахгүй байх л зарчмийг мөрддөг. Хүн бүрт л санаа авах сайн тал, мөн засаж залруулах муу зүйл байдаг. Тэгэхээр тухайн хүнээс, бөхөөс авах юмыг нь л амьдралдаа авч хэвших явдал чухал. Өөртөө байгаа муу гэсэн бүхнээ хусаж арилгаж чадаж байвал тэр том амжилт болно.

-Таны үеийнхэн дотор хамгийн бяртай, хамгийн хийцтэй, хамгийн уран барилддаг бөхчүүд хэн хэн байв?

-Бидний үеийнхэн дунд уран гоё хийцтэй, зоримог барилддаг бөх гэвэл миний хувьд улсын заан Ө.Тулгаа, З.Дүвчин нарыг эхлээд нэрлэнэ. Тэгээд арслан Б.Ганбаатар, гарьд Д.Баяраа, заан Ж.Ганболд гээд олон бөх байна. Миний барилдаж байсан бөхчүүдээс аварга Д.Хадбаатар, заан Д.Долгорсүрэн, Д.Амгаа, Р.Давааням нар л их бяртай бөхчүүд байсан шүү.

-Одоо бөхийнхөө үйл хэрэгт их оролцдог вэ?

Би сүүлийн жилүүдэд “Увс нуур” дэвжээнийхээ бөхчүүдтэй наадмын бэлтгэлд байнга гарч менежерийн ажлаа хийж байгаа. Өнгөрсөн жил өөрийн сумандаа жүдо бөхийн орчин үеийн иж бүрэн дэвжээ,хувцас хэрэглэлийг нутгийнхаа спорт, бөх дэмжигч залуучуудын хамт хүлээлгэн өглөө.

-Хойшдоо өөрийн зүгээс бөхийнхөө хөгжил дэвшилд нэмэр болохуйц ямар нэг зүйл хийе гэсэн санаа бодол байдаг уу?

-Цаашдаа өөрийн төрөлх сумандаа спорт хөгжүүлэх, ялангуяа бөхийн спортын талаар хийхээр төлөвлөсөн ажлууд байгаа. Зарим нь эхнээсээ хэрэгжээд эхэлсэн. Алдарт бөхчүүдийнхээ талаар номоо үргэлжлүүлэн бичиж хэвлүүлнэ. Өнөөгийн бөхийн дүрмийг боловсронгуй болгох, олон улсын жишигт ойртуулах явдал хамгаас чухал байгаа. Энэ тал дээр бөхийн холбоо, бөхчүүдтэй хамтран ажиллахад миний бие бэлэн байна.

-Баярлалаа танд. Цаашдиын тань ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж