Алдартнуудын хөөрөг үзэсгэлэнд тавигдлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Алдартнуудын хөөрөг үзэсгэлэнд тавигдлаа

Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгтөө хадгалагдаж буй 86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг багтаасан “Хөөрөг, даалин” сэдэвт тусгай үзэсгэлэнг өчигдөр Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан үзэгч олны хүртээл болгон дэлгэжээ.

Үзэсгэлэнд Манж чин гүрэн, Автономит Монгол улс, Ардын засгийн буюу гурван төрийн нүүр үзэж 43 жил төрийн албанд зүтгэсэн хашир туршлагатай төрийн хар хүн Хичээнгүй сайд Цэрэндоржийн их гарын улаан шүрэн толгойтой гартаам судалтай алаг манан хөөрөг, Судар бичгийн хүрээлэнг (одоогийн Шинжлэх ухааны академи) үндэслэгчдийн нэг, нэрт эрдэмтэн, улс төрч, Цэвээн Жамсрановын мөнгөн хөөрөг, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны алдарт Өндөр Гонгороос эхлэн Халхын олон хүчит бөхчүүдийн гар дамжсан чүнчигноров толгойтой, цэхэр манан хөөргүүдийг дэлгэсэн байна. Хэмжээ жингийн хувьд хамгийн том нь 575 гр жин, 14,7 см өндөр, 10,8 см өргөнтэй манан хөөрөг болхамгийн жижиг нь хүүхдийн 15 гр жин, 3,5 см өндөр, 2,4 см өргөнтэй хөөрөг байна. Даалингийн тухайд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Гарьдын хадаар нутагтай ард Шаравцоодолын гэргий Бүжмаагийн 1880-аад онд урласан зүү ороож, буга, согоо дүрслэн бүтээсэн торгон даалин зэрэг бүтээгч болон хэрэглэж байсан эзэнтэй даалингууд тавигджээ.

Монголын түүхэнд нэр нь мөнхөрсөн төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, алдартай хүмүүсийн хэрэглэж байсан хөөрөгнүүдийг тольдоё гэвэл “Хөөрөг даалин” үзэсгэлэнг зориорой.

Д.ЦЭЭЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж