УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-Хамгийн сүүлд олны анхаарлыг татсан үйл явдал бол Ерөнхий сайдыг огцруулах асуудал байлаа. Та улс төрийн тулхтай хүчин МАН-ын бүлэг ийм шийдвэр гаргасанд эмзэглэж буйгаа хэлж байсан. Өмнө нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг ч огцруулахад хамгаалж байсан санагдана. Үнэхээр хууль зөрчсөн үйлдлүүд гаргаад байгаа бол огцруулсан нь дээр юм биш үү?
-Бид ардчилсан тогтолцоог сонгоод 25 жил болж байна. Гэтэл 25 жилийн дараахь энэ өндөрлөгөөс харахаар манай улс төрийн бүх нам ард түмнийхээ дийлэнх олонхийн итгэлийг гээчихсэн дүр зураг харагдаад байгаа юм. Ерөнхий сайдыг огцруулах асуудал яг ийм байдлын хамгийн тод илрэл боллоо. Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавихдаа улс орны хэмжээний том нам, сөрөг хүчний хувьд хариуцлагатай хандах ёстой. Гэтэл сая хуйвалдааны замаар үгсэн тохирох байдлаар хандсан нь дэндүү харамсалтай гэж би МАН-ын нөхдүүддээ хандаж хэлсэн.
Эдийн засгийн ийм хүндрэлтэй нөхцөлд зүгээр л нэг улс төрийн тоглоом аятай хандаж болохгүй. Лав л миний мэдэх 25 жилийн өмнөх тэр нам ийм байгаагүй. Улс төрийн намууд нь, улс төр өөрөө арагш ухраад эхлэхээр ард түмэн төр улсаа авч явдаг арднцлсан тогтолцоондоо эргэлзэж эхэлж байна. Энэ бол хамгийн том аюул, бүүр тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээний урхагтай юм. Үнэхээр хууль зөрчсөн, итгэл алдсан бол хариуцлага тооцох л ёстой. Итгэл эс үзүүлэх асуудал УИХ-ын түвшинд ч, Засгийн газрын тэргүүний хувьд адилхан нээлттэй байх учирта. Ингэж байж л энэ засаг төрд дархлаа тогтоно, вакцин хийгдэнэ.
-Танай намыг анх удаа Засгийн газрыг огцруулах асуудал дээр нэг цул байж чадлаа гэлцэж байна. Сая УИХ бараг 100 хувь бүрдсэн. Улс орны амин чухал асуудлууд дээр ирцээ бүрэн бүрдүүлж чаддаггүй атлаа сандал суудлын асуудал дээр бөөнөөрөө цугларч байна гэж шүүмжлэх юм. Энэ талаар юу хэлэх вэ?
-Ардчилсан нам хэрэгтэй цаг үедээ хувийн болон бүлэг, фракцийн эрх ашгаа гээж, улс орон, ард түмнийхээ тогтвортой байдлыг хангах чадвартай улс төрийн хүчин. Улс орны амин чухал асуудлаар манай нам нэгдэж чаддаг болохоо дахин нэг харуулсан болов уу. Сонгууль эхлэхэд цөөхөн сар үлдээд байхад улс орны эрх ашгийг үл огоорон улс төрийн явцуу тоглолт хийж буй үйлдлийг таслан зогсоох хариуцлагаа ч бид мэдэрдэг. Харин ч сандал суудал хэрэггүй гэж үзсэн учраас бүгд цугларлаа.
-Сонгуулийн мандатын асуудал нэлээд маргаан дагуулсан. Ингээд хуучнаараа явчихлаа. Та нийслэлийн Хан-Уул, Багануур дүүргээс сонгогдсон хүн. Орон нутгийг төлөөлөх төлөөллийг цөөрүүлснээр орон нутаг орхигдоно гээд байна. Энэ хэр бодитой бол?
-Ерөөсөө сонгуулийн тойргийн хуваарилалт ардчиллын зарчим, Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн байх ёстой. 25 жилд тогтсон одоогийн тогтолцоогоор бол бие даасан холбооны улсын төлөөлөл шиг парламент бүрдэж байна.
Уг нь бол тойргуудад байгаа хүн амын тоонд шууд хамааралтайгаар тэнцүү хуваарилагдах ёстой. Энэ хуваарилалтыг хийх гэхээр аймаг орон нутаг эзэнгүйдлээ гэдэг. Орон нутагт гишүүдийн тооноос болж хүн ам нь шилжиж нүүдэг юм биш, төрийн бодлого дутагдсанаас л болдог. Улаанбаатарт хэт төвлөрөөд байгаа засаг захиргааны болон төрийн төв байгууллагуудыг хөдөө орон нутагт шилжүүлэн байршуулах бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Эрх зүйн орчин нь ч бүрдсэн байгаа. Хуулиа л хэрэгжүүлцгээе. Жишээ нь газрын тосны нөөцөө дагаад Дорноговьд газрын тосны асуудал эрхэлсэн агентлагийг, Сүхбаатар аймагт ашигт малтмал эрхэлсэн агентлагийг, Увсад хилийн асуудал эрхэлсэн агентлагийг, Хэнтийд жанжин штабыг, Дарханд төмөр замын удирдах газрыг, их, дээд сургуулиудыг хөдөө, орон нутагт гэх зэргээр байршуулж болох шүү дээ. Ер нь төв Засгийн газрын гишүүн заавал нийслэлд оршин суух албагүй л дээ.
-Та саяхан Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүддээ хандан ил захидал бичсэн байсан. Үүндээ Ардчилсан намын дотоод асуудал, тухайлбал, эв нэгдэлгүй байдал, дүрэмгүй байдлыг шүүмжилж, шинэчлэлийг өөрсдөөсөө эхэлье гэж уриалсан байна лээ. Яагаад ингэж уриалах болов оо?
-Манай нам аливааг нээлттэй хэлэлцдэг, шийдэх учиртай асуудлаа ил тод ярилцаад нэг тийш болгочихдог амьд, эрүүл уур амьсгалтай бүтэц юм. Болж бүтэхгүй байгаа зүйлийг илчлээд шалтгаан, үр дагаврыг нь задлан шинжилдгийгээ сануулж уриалсан хэрэг. Ардчилсан нам бол Монголын улс төрийн тогтолцооны тулгын чулуу юм. Тийм учраас улс оронд тулгарсан бэрхшээл, бий болсон хүндрэлүүдэд манай нам улс төрийн шийдэл гаргаж, хариулт өгдөг байх учиртай. Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцаанд ноцтой доголдол, зөрчлүүд сүүлийн хоёр жилийн турш бий болж, зарим нэг талаараа улам лавшран хурцдаж байна. Үүнтэй уялдан Монгол Улсад ч хүндрэггтэй байдлууд бий болж эдийн засгийн гол гол орлого олдог, бүтээн байгуулалт хийгддэг салбаруудад хямрал нүүрлэж байна.
Энэ глобал шинжтэй, гадаад ертөнцөөс үүдэлтэй хүндрэл. Гэтэл хямралыг Ардчилсан нам үүсгэсэн мэтээр гуйвуулах, улс төрийн явцуу, цаг зуурын хожоо гаргахыг санаархагчид цөөнгүй байгааг Ардчилсан нам өөрөө таслан зогсоох учиртай. Улс орон, ард түмнийхээ хувь заяа, аж амьдралын төлөө санаа тавьж, хариуцлага хүлээдэг байх учиртай юм. Хэн нэгнээр тоглуулах, хуурч мэхлүүлэх боломжийг олгохгүй байх ёстой. Ийм ерөнхий зарчмын үүднээс би намынхандаа хандаж уриалга гаргасан юм.
-Намынхан тань таны уриалгад хэрхэн хандаж байна вэ?
-Намын гишүүд, дэмжигчид маань өргөн дэмжиж, саруул, эрүүл ухаанаар хүлээж авсныг хэвлэл мэдээлэл, цахим ертөнцийн хандалтуудаас анзаарчихаж болно. Бид, Ардчилсан нам өөрсдөдөө болон Монголд бий болоод байгаа бэрхшээлүүдийг даван туулах шийдэл гаргахгүй байх эрхгүй учраас энэ уриалгыг хэн гаргаснаас үл хамааран хулээн зөвшөөрч дэмжих нь зайлшгүй юм. Нам тун удалгүй хариуцлагаа мэдэрч, дотоод цанхаа, хувийн сонирхлуудаа гээн цугларч шийдэл гаргах нь ч тодорхой юм. Хэн нэгэн нь хэлж дуугарч байж аливаа ажил, үйл явдал өрнөдөг тэр л жишгээр явж байх шиг байна даа. Ардчилсан нам ёс суртахуунтай, хариуцлагатай, эрх чөлөөнд хайртай нам учраас бүх зүйл байраа олж, учир нь зүгширнэ гэдэгт итгэлтэй байна. Гагцхүү удах цаг хугацаа, ухрах орон зай бидэнд байхгүйг л би энэ захидлаараа сануулсан юм.
-Та улс төрд хуучин хүн. Ардчилсан намын үнэт зүйл, ой санамж, залгамж чанарыг тээж яваа магадгүй цөөхөн гэж хэлж болох хүмүүсийн нэг учраас сайн, муу бүхэнд нь та ч бас хариуцлага хүлээх ёстой байх. Энэ талаар юу гэж бодож явдаг вэ?
-Ардчилсан нам алдлаа ч зарчим дээрээ, эрх чөлөө, тусгаар тогтнолын үзэл номлол дээрээ алдаа гаргадаггүй нам л даа. Энэ намын үндэс суурийг тавьсан, авч яваа хувь хүмүүсийн нийтлэг араншин нь энэ юм. Магадгүй, маш хувирамтгай улс төрийн гадаад нөхцөл, түүхий эд, ашигт малтмалын борлуулалт, үнийн гадаад зах зээлийн тогтворгүй байдлыг сайтар оношилж тааварлаагүй нь өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг бий болгоход нөлөөлсөн гэж үзэх боломжтой ч Ардчилсан намын үед хэн ч, хэзээ ч хийж байгаагүй их бүтэн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдсэнийг хэн бүхэн шударгаар хүлээн зөвшөөрөх биз ээ. Урт хугацаанд үр дүн нь үргэлжлэн мэдрэгдэх энэ шинэчлэлт, хөрөнгө оруулалтын цаана Ардчилсан намын үнэт зүйл, таны хэлсэн ой санамж, залгамж холбоо гээд бүх зүйл шингээстэй байгаа юм.
Ардчилсан намын ууган гишүүний хувьд би ийм л бодолтой, ийм л байр суурьтай байдаг. Өөрийн мэдлэг, туршлагаа улс орон, улс төрийн шинэчлэл, хөгжил, төлөвшилд тууштай зориулахаа өмнө нь нэг бус удаа зарласан хүн л дээ. Улс төрд хувь хүн хөгшиднө, туршлага илүүднэ гэж байдаггүй юм. Улс төрд ухаан бодол, сэтгэлгээ хөгшиднө, хөнгөн хуурмаг, худалч зан байдал, сэтгэл хөөрөл харин илүүддэг. Өөрийн явцуу эрх ашгийн үүднээс хамтран зүтгэгч нөхдөө, журмын андаа хэлмэгдүүлэн золих, хилс гүтгэх, үүний тулд засаг захиргааны бүтэц, тогтолцоог ашиглах мэтийн хэлмэгдүүлэлтийн аймшигтай үйл явцыг өдөөхтэй би тууштай тэмцэнэ. Би хувь хүний эрх чөлөөг нандигнан хамгаалахын төлөө дуустлаа тэмцэх болно. Би хувь хүний эрх чөлөөт байдлын дууч байхын төлөө зогсох болно.
-Удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байна. Ардчилсан намд иргэд ямар дүн тавих бол?
-Ард иргэд Ардчилсан намд муугүй дүн тавьсан байх учиртай. Улаанбаатар хот дотор болон аймаг хооронд тавигдсан дардан замууд бол Ардчилсан намалс эх орон, ард түмэндээ барьсан сэтгэл, итгэлийн торгон хадаг нь юм. Одоо энэ замуудыг даган хөгжил, суурьшил, үйлдвэрлэл хөгжих учиртай. Өглөө Улаанбаатараас гараад үдэш нь Хөвсгөл далайнхаа эрэг дээр түүдэг асаагаад сууж байх боломжийг бүх иргэндээ олголоо. Ардчилсан намд хийж эхэлсэн ч дуусгах учиртай томоохон ажлууд үлдсэнийг ч тэд мэдэж байгаа. Монгол хүнийг хөгжүүлэх 2020 хүртэлх том хөтөлбөр хэвээрээ, үргэлжлэн хэрэгжих болно. Энэ мэт олон амжилт нь дараагийн их хувьсал, өөрчлөлтийн угтал, суурь нөхцөл нь гэдгийг ард олондоо уламжилъя.
-Та өнгөрсөн сонгуулиудаар өөрийн гэсэн хөгжлийн үзэл санаа дэвшүүлж байсан. Энэ удаад та сонгуульд өрсөлдөх үү. Хэрэв тийм бол Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөөс гадна өөрийн гэсэн үзэл бодол дэвшүүлэх үү?
-Ардчилсан намд бичигдээгүй ч хатуу чанд ёс зүйгээр эрэмбэлэгдсэн нэг дүрэм бий. Улс төрийн тулалдаан, сонгуульд ялалт байгуулсан бол дараагийнхад нь хүч үзэх эрх нь нээлттэй байх агуулгатай. Энэ дүрмээр бол би ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх, намын дүрмийн хүрээнд шийдвэрлүүлээд өрсөлдөх боломжтой л доо. Улс төрийн хүчнээс нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн үндсэн санаа, агуулга нь тухайн нам, эвслийн бодлого байх учиртай. Гэхдээ нэр дэвшигчийн тухайн тойрог нь газар орчин, уламжлал, хэв загварын хувьд өвөрмөц, өөрийн онцлогтой байдаг тул энэ үндсэн санаа, бодлогод тохирсон үзэл санаа, тодруулга бүхий хөгжлийн үзэл санаа байх боломжтой юм. Надад улстөрчийн хувьд сэтгэж бодсон, ард олон, улс орныхоо тусын тулд цаашид бүтээх цөөнгүй үйл хэргүүд байгаа. Үүнийгээ хэрэгжүүлэх боломжийг бий болгохын төлөө ажиллана гэж боддог доо.
ЭХ СУРВАЛЖ: WWW.ANBULEG.MN