С.Баярцогт: Монгол Оросод өргүй боллоо

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

С.Баярцогт: Монгол Оросод өргүй боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  тус улсад  төлөх Монголын өрийг хүчингүй болгох тухай хуульд гарын үсэг зурсан байна. Оросын Дум өнгөрсөн сарын 27-ны өдөр влөл Монголын талын өрийг цуцлах хууль баталж, хоёрдугаар сарын 1-нд В.Путин уг хуульд гарын үсэг зурснаар Монголын өрийг цайруулах гэрээ баталгаажсан байна.   Энэхүү өрийг цайруулах хэлэлцээр өнгөрсөн 2010 онд явагдсан бөгөөд уг хэлэлцээрийг  хийсэн хүн бол  Монголын талаас тухайн үеийн Сангийн сайд асан С.Баярцогт. Гэрээний дагуу 174.2 сая доллар буюу нийт өрийн 97 хувийг тэглэхээр болсон уг гэрээний талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоос тодрууллаа.

-Монголын өрийг Москва цайрууллаа гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн цацагдах болсон. Монголчуудын хувьд сайхан мэдээ. Энэ сайхан үйл явдлын эхлэлийг тавихад таны хувь нэмэр их байсныг энд онцолмоор байна?

-2009-2012 оны Хамтарсан засгийн үед би гурван чухал хэлэлцээрт оролцсон. Нэгдэх нь Оюутолгой, хоёрдахь нь ОУВС, гуравдахь нь Оросын өр. Гурвуулаа амжилттай болсон. Хамтарсан засгийг байгуулах үед Монгол Улс хоёр оронд өртэй байсан юм. Нэг нь ОХУ, нөгөө нь Финланд. Уг өрийн асуудал  хамтарсан засгийн хугацаанд бүрэн шийдэгдсэн гэж хэлж болно.  Ялангуяа ОХУ-д төлөх ёстой социалзмын үеийн их өрийн үлдэгдлийг бүр мөсөн тэглэх тохиролцоог оросуудтай хийхэд амар байгаагүй.  

Их өр буюу 11.8 тэрбум төгрөгийн шилжих рублийн өр нь 1949-1991 оны хооронд авсан зээлээс үүдэлтэй өр юм.  Тодруулж хэлбэл, үүний  9.6 тэрбум төгрөг нь үндсэн өр, 2.2 тэрбум төгрөг нь хүү байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2003 онд Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхий сайд асан С.Касьяновтой хэлэлцээр хийн, улмаар харилцан ойл­голц­лын санамж бичиг үйлдэж, 11.4 тэрбум төгрөгийн шилжих рублийн өрийг шийдвэрлэхээр болжээ. Гэхдээ энэ дотроосоо “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой 260.3 сая шилжих рублийн өрийг шууд чөлөөлсөн бол бусдыг 97.8 хувиар хөнгөлөөд, 2.2 хувийг төлсөн байдаг.

-Тэгвэл энэ өр ямар учиртай юм бэ. Өр тэглэх хоёр дахь хэлэлцээрийн үр дүн өчигдөр гарлаа гэж хэлж болох уу?

-“Монголросцветмэт нэгдэл”-тэй холбоотой 124.6 сая шилжих рублийн өрийг хүүгийн хамт 2003 онд багтаан төлж дуусгах ёстой байсан. Гэтэл “Монголросцветмэт нэгдэл” нь хугацаандаа зээлээ шийдээгүй байснаас асуудал үүссэн. Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ Улаанбаатарт 2009 онд хийгдсэний дараахан Туркийн Стамбулд болсон Дэлхийн банк, ОУВС-ийн жилийн уулзалтын үеэр ОХУ-ын Сангийн дэд сайд Д.Панкин Монгол Улс ОХУ-д 180 сая шилжих рублийн өртэй бөгөөд өрөө төлөхгүй бол Парисын клуб-ээр энэ асуудлыг шийдүүлэхээр хандахаа мэдэгдсэн юм. Үүний дараа Үндэсний аюулгүй байдлын шийдвэрийн дагуу уг асуудлаар Оросын талтай хэрэлцээр хийхийг надад үүрэг болгосон.

Ингээд  ОХУ-ын Сангийн сайд А.Кудрин болон дэд сайд Д.Панкинаар ахлуулсан ажлын хэсэгтэй хэд хэдэн удаа Москва, Улаанбаатар, Вашингтон хотноо уулзалт, хэлэлцээр хийсэн. Жил гаруй үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд нь Монголросцветмэттэй холбоотой 162 сая ам.долларын өр, клирингийн өр болох 10 сая ам.доллар, нийт 174.2 сая ам долларын өрийг “Их өр”-ийн зарчмаар буюу 97.8 хувийг хүчингүй болгуулж чадсан. Харин үлдсэн 3.8 сая ам.долларын өрийг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр төлөхөөр болж, хоёр орны Сангийн сайд нар ОХУ-ын Москва хотноо 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан юм. “Монголросцветмэт нэгдэл”-тэй холбогдох өр Монголын талд ашигтайгаар шийдвэрлэгдсэн ийм л түүхтэй

-Өр тэглэх асуудал аль 2010 онд шийдэгдсэн юм байна шүү дээ. Тэгээд яагаад зургаан жилийн дараа энэ асуудал шийдэгдэх болов?

-Энэ асуудлыг шийдвэрлэхэд ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр, Сангийн яамны өрийн хэлтсийн дарга Д.Ангар, дэд сайд Т.Очирхүү, Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал, Элчин сайд Д.Идэвхтэн болон ЭСЯ-ны ажилтнууд онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэе.

Мөн Финландын өрийн асуудлаар 2009 оны 11-р сард Хельсинки хотноо хэлэлцээр хийж бүрэн шийдвэрлэсэн. Ийнхүү үүнээс хойш Монгол Улсын хувьд аль нэг улстай хугацаа хэтэрсэн өрийн асуудал байхгүй, гадаад эдийн засгийн харилцааны хувьд бусад оронтой эрх тэгш харилцахад маш тааламжтай, макро эдийн засгийн тогтвортой нөхцөл бүрдсэн билээ. Одоо Монгол Улс 3.800 сая доллар буюу 7.6 тэрбум төгрөгийг 30 хоногтоо багтаагаад төлчихвөл Монгол Оросод ямар ч өргүй гэсэн үг.

-Оросын хэвлэлүүдэд Мардайн ураны ордоор наймаалцсан гэж бичээд байна?

-Тийм асуудал байхгүй.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж