Философийн тухай философидолт

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Философийн тухай философидолт

NEWS агентлаг салбар салбарын мэргэжилтэн, шинжээчидтэй хамтран ажиллаж, тэдний дуу хоолойг хүргэдэг. Эдний нэг нь философийн ухааны доктор Б.Батчулуун юм. Бид энэ намар түүнтэй хамтран “Либертари булан” нээж нийт арав гаруй цувралыг хүргэсэн. Энэ удаа философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран дараагийн булан болох “Философийн булан”-г нээж байна. Энэ буланд философи гэж юу вэ, үүнийг хүмүүс хэрхэн ойлгодог вэ зэрэг сэдвийг хөндөнө. Долоо хоногийн Лхагва гариг бүр хүрэх “Философийн булан”-г та сонирхон уншаарай.


 

Бид өмнөх цуврал нийтлэлүүдээр философидолт гэж юу болох талаар ямар нэг хэмжээний “далд ухамсар” бий болгохын тулд зарим сэдвийг хөндсөн билээ. Одоо харин асуудлаа тодотгож “Ер нь философи гэж юу вэ?" гэсэн асуудал руу орох цаг болжээ. 

Философийн тухайд хоосон гоёж гоодсон гэмээр тодорхойлолтууд байдаг л даа:

·    Философи бол сүүгээр бодох юм бол өрөм нь юм”;

·    Шинжлэх ухаануудын хаан нь философи”;

·    Модоор зүйрлэх юм бол философи нь их бие, шинжлэх ухаанууд түүний салаа мөчир” ч гэх шиг.

“Философи” гэсэн терминийг “Гүн ухаан”!!! хэмээн нэг их өргөмжлөн орчуулдаг. Бусад нь “гүехэн ухаан” болж таарах нь л дээ. 

Гоочилсон гэмээр үгс ч сонстдог:

·    Философи бол үр хүүхдүүд нь хаяад явчихсан Лир ван шиг зүйл”;

·    Философи бол хамгийн ойлгомжгүй ухаан”;

·    Философи нь ямар ч материаллаг ашиг өгдөггүй зүйл гээд.

Хэт гоёчлох юм уу, гоочилсон эдгээр үгсийг үл тоомсорлон өгүүлэхэд “хүн сэтгэдэг хэвээр байсан цагт философи байсаар байх болно, гахайнд л философи хэрэггүй”. Ямар ч албан тушаалын хэнээтэн эсвэл эд баялагт туйлын шуналтай нэгэн байлаа ч гэсэн амьдралынхаа хором мөч тутам эрх мэдэл, мөнгө төгрөг бодоод байна гэж байдаггүй юм. Эд баялаг, эрх мэдлээсээ болоод солиорчихоогүй л юм бол хааяа ч гэсэн юмс үзэгдлийн мөн чанар, амьдралын утга учир, зовлон жаргалын талаар эргэцүүлж, туулж ирсэн амьдралдаа хийсэн нүгэл буянаа  л дэнслэх үе ирж л таардаг. 


“Философи” хэмээх төөрдөг байшинд тавтай морилно уу!


Философи ер нь юу судалдаг юм бэ?

“Философи нь байгаль, нийгэм, сэтгэхүйн хамгийн түгээмэл хууль, зүй тогтлыг судалдаг” гэсэн нэг тодорхойлолт байдаг байв. Тийм ч зөв тодорхойлолт биш. Тэгээд ч “судалгаа”, “судлагдахуун” гэх мэт үгс философийн хувьд оновчгүй, харин шинжлэх ухааны хувьд л хамгийн тохиромжтой үгс болно.

Тэгэхээр Философи нь философийг л судалдаг. Энэ үгийг тайлбарлая. Философи судалж буй хүн Сократ, Платон, Аристотель, Фома Аквинский, Гэгээн Августин, Бэкон, Хоббс, Локк, Спиноз, Хюм, Кант, Гегель, Гельвеций, Руссо, Бердяев, Пирс, Сартр, Камю, Хайдеггер, Мерло-Понти, Дерридаг (тэдний сэтгэж, хэлж, ярьж байсан зүйлийг) уншина, ойлгоно, “судална” гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тавиур дээр буй тэдний номыг уншиж судална гэсэн үг.


Номон далай дундах хүмүүн


Тэдний философидолтод хүн, түүний амьдрал, амьдралын утга учир, жаргал зовлон, үхэл, шашин-бурхан, байгалийн юмс үзэгдэл, нийгмийн зүй тогтол, зүй зохист нийгэм, эрх чөлөө, хүний эрх  гээд хамраагүй сэдэв гэж байхгүй. Тэр ч бүү хэл, философи нь философийн талаар ч философиддог бөгөөд үүнийг мета-философийн асуудал хэмээнэ. Өнөөдрийн сэдэв маань чухамдаа энэ болой.


Философийг ойлгоход ямар ч микроскоп, компьютер, нарийн багаж техник, лаборатори хэрэггүй. Ганцхан эрүүл, зөв сэтгэдэг тархи л хэрэгтэй.


Философи нь Шекспирийн “Лир ван шиг болсон уу?

Эртний дэлхий дахины үед байгаль, нийгэм, хүний бүхий л юмс үзэгдэл, тэдгээрт үйлчилдэг аливаа хууль, зүй тогтол философийн авч үздэг асуудал болж байв. Тэр үед шинжлэх ухааны дифференциаци (салбарлал) явагдаагүй байсан тул юмс үзэгдлийг тусгайлан судалдаг физик, хими, математик, биологи, психологи гэх мэт ухаанууд байсангүй. Ертөнцийн тухай бүхий л мэдлэгийг агуулсан савыг “философи” хэмээнэ. Тийм ч учраас “Эртний Грекийн философичид төрөлхийн байгаль шинжээчид байжээ” гэсэн үг байдаг. Эртний Грекийн 7 мэргэдийн хамгийн анхны бөгөөд алдаршсан нэгэн болох Фалес (640-548 он) гэхэд л нар хэзээ хиртэхийг яг таг тооцоолдог, ургац ихтэй жил хэзээ болохыг тооцоолон мэдээд, наран цэцгийн тос шахах бүх машиныг урьдчилан түрээсэлж, хэрэв хүсвэл асар их мөнгө хийж чадахаа харуулж байсан гэдэг. “Философи” гэсэн үгийг анх зохиосон хэрэглэсэн хүн болох Пифагорыг (ХТӨ 580-500 он) ч хүн төрөлхтөн алдарт теоремээр нь мэддэг. Эмпедокл (ХТӨ 490-430 он) тухайн үед гарсан аймшигт халдварт өвчний эсрэг амжилттай тэмцэх аргачлалыг боловсруулсан учраас зоосон дээр дүр нь мөнхөрсөн. Энэ мэт жишээ даан ч олон.


Пифагорын энэ теоремийг 10 жилийн боловсролтой дэлхийн бүх хүн мэднэ.

Эртний Грекийн хот-улс Селинийнхэн Эмпедоклд талархан гаргасан мөнгөн зоос


Цаг хугацааны явцад мэдлэгийн салбарууд бие даах боллоо. Анагаах ухаан, ботаник,  зоологи, физик, хими, астрономийн шинжлэх ухаан философиос бие даан салбарлав. Энэ үеэс философийг өөрийн судлагдахууныг алдаж, өмч хөрөнгөө бүх охиддоо өгөөд өөртөө юу ч үгүй хоцорсон Лир ван шиг зүйл болсон гэж ойлгох болсон.


Шекспирийн “Лир ван” хэмээх эмгэнэлт жүжигт өмч хөрөнгө, харьяат нутгаа охиддоо өгөөд, өөртөө юу ч үгүй орь ганцаар хоцорсон хааны тухай гардаг.


Үнэндээ, энэ бол андуурал. Харин ч философи хийх ёстой зүйлтэйгээ хоцорсон юм. Юу гэсэн үг вэ гэвэл философи нь аливаа эмпирик, физик зүйлээс холдож өөрийн “софи”, “мета-физик”, “трансцендент” гэх мэт шинжид улам ойртсон болно. Эдгээр нэр томьёоны талаар бага сага тодруулга хийе. Халшрах юмгүй, маш ойлгомжтой байдаг юм.

“Софи” шинж: Философи гэдэг үгний хамгийн гол утга энд л байдаг. Эртний Грект хуримтлагдсан бүх мэдлэгийг “технэ” ба “софи” гэж хоёр хуваадаг байж. Формаль логикийн нэр томьёогоор бол “бодит” ба “хийсвэр” ойлголт гэмээр юм уу даа. Жишээ нь, “цамц”, “мод”, “байшин” зэрэг бариад авч болох, нүдэнд харагддаг юмсыг тэмдэглэсэн технэ буюу бодит ойлголтууд. Харин софи гэдэг нь “өртөг”, “хэмжигдэхүүн”, “сайн, муу” гэх зэрэг нүдэнд үл харагдах, “бодит бус”, хийсвэр зүйлсийг тэмдэглэсэн ойлголт. Пифагор (философичийнхоо хувьд ч, эсвэл математикчийнхаа хувьд ч гэсэн болно) “софи” мэдлэгт татагддаг, түүгээр оролддог хүн байж. Тиймээс тэр софи мэдлэгт татагдах, дурлах, шохоорхох, “ноцолдох” гэсэн утгаар “философи” гэсэн үгийг гаргасан юм. “Филио” гэдэг нь шохоорхох, дурлах, татагдах гэсэн утгатай эртний грек үг гэсэн тайлбарыг их, дээд сургуулиар дамжсан хэн бүхэн сонссон буй за.

“Мета-физик” шинж: “Мета” гэдэг нь дараа гэсэн утгатай грек үг. Физик юмс үзэгдлийн дараа, түүнээс чанадад байдаг гэсэн утгаар энэ үгийг хэрэглэсэн. Ө.х. физик юмс үзэгдэлтэй холбогдоод байхгүй гэсэн утгатай. Бороо, цас орох, уул, ус зэрэг юмс үзэгдлийг сонирхохгүй, харин эдгээрийн цаана буй шалтгаан, тэр шалтгааны шалтгааныг авч үздэг гэсэн утгаар энэ нэр томьёо гарч ирдэг.    

“Трансцендент” шинж: Платоны “эйдос”-ын ертөнц шиг зүйлстэй холбогддог утга. Бодит ертөнцийн практик асуудал биш, Бурхны оршихуй, зовлон жаргал, үхэл, төгсгөлтэй холбоотой нэр томьёо. “Ертөнц хэзээ үүссэн?”, “Амьдралын дараа очих нөгөө ертөнц гэж бий юү?”, “Хүн алсан алуурчин хүүгээ хайрлах эхийн хайрын” тухай асуудал бол ашгийн хойноос улайрагч бизнесмэн, талхны мөнгөө олох гэж буй гуталчин, 100 грамм олоод шараа тайлчих санаатай архичны хувьд үнэхээр трансцендент асуудал юм.  

Ойлголтын найз

Философийн мөн чанарыг ойлгоход “ойлголт” хэмээх зүйл маш чухал. Ойлголт нь янз бүрийн эрэмбэтэй байдаг. Анхдагч, хоёр дахь, гурав дахь эрэмбийн ойлголт гээд. Философид хоёр дахиас доош эрэмбийн ойлголтоор харьцана гэж бараг байхгүй. Философийн мөн чанарын талаар нэлээд сайн судалгаатай франц авторууд болох Делеюзэ, Гуатари зэрэг хүмүүс Философи гэж юу вэ? гэсэн номдоо “Үргэлж модтой харьцаж, модоор юм хийж байдаг хүнийг мужаан гэх бөгөөд түүнийг модны найз гэнэ, үргэлж төмөртэй харьцаж, төмрөөр юм хийж байдаг хүнийг дархан гэх бөгөөд тэр нь төмрийн найз юм” гээд “Харин ойлголттой харьцаж, ойлголтоос ойлголт гаргаж байдаг хүнийг философич гэх бөгөөд философич нь ойлголтын найз байдаг” гэсэн. Яг энэ утгаар тэд “Философи гэж юу вэ?” гэсэн асуулт тавиад хариулахдаа “Философи гэдэг бол ойлголтын үйлдвэрлэл” гэв.

* * *

Энэ ном мета-философи буюу “философи гэж юу болох” талаар авч үзсэн номууд дотроос нэлээд сайнд тооцогдоно.

* * *

Философи ба бусад ухаан

Шинжлэх ухаанууд философиос салбарласнаар философи, шинжлэх ухаан хоёр “тангараг тасраад” хоёр тийш хараад суучихсан юм биш. Ингэх ч аргагүй. Өмнө нь хэлж байсанчлан философид хамрахгүй сэдэв гэж бараг үгүй. Нөгөө талаас биологи, физик, шашин, урлаг, утга зохиолын салбарынхан өөрсдийн асуудал уруу гүнзгийрэн орж, мэргэжлийн хүрээнээс халих хэрээр мета-физик шинжтэй болж философидож эхэлдэг.


Харьцангуйн онолд хөдөлгөөн, цаг хугацаа, орон зайн тухай яриад ирэхээр физикч Эйнштейн философич Эйнштейн болсон.

Зигмунд Фройд хүний мөн чанарыг тодорхойлоход “ухамсар” (Ego), “нийгмээр нөхцөлдсөн ухамсар” (Super-Ego) биш далд ухамсар (Id) гол үүрэг гүйцэтгэдэг гэж үзсэн тул психологич биш философич хэмээн тооцогдох болсон хэрэг. Чухамдаа Шопенгауэр, Кьеркогэр, Ницщегийн адил иррационалист философид хүрч иржээ.

Биологич, био-химич А.И.Опарин амьдралын үүслийн тухай ярьснаараа өөрийн эрхгүй философи асуудлыг хөндөв.

Амьдралын утга учир, амьдралд материаллаг болон оюун санааны зүйлсийн гүйцэтгэх үүргийн тухай ярих үедээ XIV Далай лам шашны сургаал айлдагч биш философич болдог.

Пикассогийн натуралист бус, ө.х. хэлбэр талаасаа дүрслэгдэхүүнтэйгээ “огт адилгүй” зургийг (тухайлбал, “Гуирника”-г) философи сэтгэхүйгээр л ойлгох боломжтой.

Зохиолч Ф.Кафкагийн толгойд өөрийгөө доромжилсон нэг өгүүлбэр бичээгүй цагт би унтаж чадахгүй юм байна гэсэн “хачин” бодол орж ирсэн үеэс философидолт нь эхэлсэн юм.


Хэдхэн цуврал нийтлэлээр философийн талаар тодорхой ойлголт өгөхөд хэцүү л дээ. Бид эпистемологи (танин мэдэхүйн онол), шашны философи, метафизик (онтологи), хэлний философи, логиктой холбоотой асуудлыг ёс төдий авч үзсэн бол шинжлэх ухааны философи, этик (ёс зүй), эстетик (гоо зүй), улс төрийн (нийгмийн) философи, оюун ухааны философи, боловсролын философи, түүхийн философи, хуулийн философи гээд том, том салбарын үй түмэн асуудал огт дурдагдахгүй орхигдсон. Гэхдээ гол зорилго маань философитой анхан шатанд танилцуулж, философид татагдах сэдлийг нь өдөөх явдал байлаа. Зарим ухаалаг уншигчийн хувьд энэ зорилго ямар нэг хэмжээгээр гүйцэлдсэн гэж бодож байна.

Монголын “философичид”, тэдний урагшгүйдэл

Одоо гадуур олшроод буй өөрсдийгөө философич хэмээн нэрлэсэн “сайн дурын уран сайханчид” бол яах вэ. Тэд жил жилийн хавар, улс төрийн үймээн самуун, нийгэм донсолсон үед л нэг хэсэг идэвхэжсэнээ төдөлгүй олон түмэнд тараа таниулаад, амархаан алга болоод өгдөг юм. Тэгээд ч нийгмийн оюунлаг хэсгийнхэн тэдэнд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй.

Харин философийн багш, профессор хэмээн нэрлэгддэг хүмүүс мэргэжлийн түвшинд санаа зовмоор хоцрогдчихоод байна. Хааяа, надад ямар хамаа байх вэ, хоцрогдох тусмаа сайн биз гэж “тавлах сэтгэл” төрдөг байлаа. Гэтэл хорлонтой нь тэд маш олон хүнийг нийгэмд хэрэгцээгүй хүмүүс болгон гаргаж байна. Мэргэжлээ ч муухай гутаах юм. Өөр мэргэжлийн хүмүүс ч “Монголын философичид” нэг л биш байгааг гадарладаг болчихож. Философи гэсэн салбарт харьяалагддагийн хувьд тэсэх арга арга.    

Одоо философийг “гүн ухаан”, “шинжлэх ухаан” хэмээн ярьдаг хүмүүс МУИС-ийн Философийн тэнхимд л хамгийн олноороо цуглажээ. Гүн ухаан гэж ярихад юу нь болдоггүйг нэгэнтээ тайлбарласан (“Философи” гэсэн терминий цөм ухагдахуун “софи” гэдэг үгэндээ байдаг гээд) тул дахин нуршаад яах вэ. Гүн ухаан гэсэн орчуулга бол зүгээр л чамирхал, өөрсдөдөө сүр нэмэх гэсэн оролдлого. Математикийг тооны ухаан, физикийг бодис зүй, химийг хувилахуй ухаан гэх мэтээр монголчилж байсан түүх бий л дээ. Гэхдээ эдгээр салбарынхан төдөлгүй л дэлхий нийтээр хэрэглэдэг нэр томьёог буцаан хэрэглэх болсон. Математик, физик, хими гэсэн энэ үгнүүд аль нэг улс-үндэстний хүрээнд биш, дэлхий нийтээр хэрэглэдэг шинжлэх ухаан-танин мэдэхүйн хэл болох латин, эртний грек үгнүүд. Философи гэсэн термин ч адил шүү дээ, уг нь. 

Философи гэдэг бол хүмүүнлэгийн ухаан. Шинжлэх ухаан гэсэн ангилалд орохгүй.

Шинжлэх ухаан буюу Sciences биологи, физик, хими, астрономи зэрэг олон ухаан багтана.

Нийгмийн шинжлэх ухаан буюу Social Sciences антропологи, эдийн засгийн ухаан, улс төр судлал, социологи, нийгмийн психологи, хууль зүй гэх мэт ухаанууд ордог.

Хүмүүнлэгийн ухаан буюу Humanitiesд философи, шашин судлал, түүх, хэл шинжлэл, урлаг судлал, утга зохиол судлал нь багтдаг (Захын нэвтэрхий толь, эсвэл Британника уруу ороод үзээрэй. Хамгийн энгийн зүйлийг хүртэл тайлбарлах хэрэгтэй болох юм.).

Ийм элементар юмыг мэдэхгүй хүмүүс л философи зааж байна шүү дээ. Энэ шүүмж професоруудынх нь 50% орчимд лав хамаарна. 50% гэдэг бол том тоо. Хоцрогдсон, үеэ өнгөрөөгсөд олуулаа байна гэдэг жинхэнэ аюул. Тэд нийлж байгаад амьдрах аргаа үхэлдэн хамгаалах бөгөөд амьдрах арга нь тэнхимдээ үлдэж, цалин зулгаан цаг нөхцөөж байгаад тэтгэвэртээ суучих явдал. Амьдралын ийм хэв маяг нь оюутнуудыг баллаж байна. Эдгээр профессорууд бол оюутнуудаас “луйвар” хийгсэд. Сайн боловсрол олгоно гэж мөнгийг нь авчихаад муу боловсрол олгох нь хуучин муу машинаа цоо шинэ-сайн машин хэмээн зарж буй луйварчинтай яг адил.

25 жилийн өмнө, 1990-ээд оноос нийгэм, хүмүүнлэгийн ухаанууд өөрчлөгдөх шаардлагатай тулгарсан, зарим ухаан их өөрчлөгдсөн, одоо ч өөрчлөгдсөөр байна. Гэтэл хамгийн бага салхи орсон, орох шинжгүй байгаа салбар бол философи болон хоцорчээ. Марксизм нурсантай холбоотойгоор философийнхонд ярих юм олдохоо байж, нэг хэсэг бүр баларсан л даа. Ямар сайндаа “Мал аж ахуйн гүн ухаан”, “Арга билэг” – нөхөр нь арга, авгай нь билэг гэж балайрч байх вэ. “Мал аж ахуйн гүн ухаан” гэдгийг нь англиар “Philosophy of Animal Husbandry”, оросоор “Философия скотоводства” хэмээн буулгаж таарна. Үүнийг сонссон мэргэжлийн англи, орос хүмүүс яах бол … Уг нь гадагшаа харилцаа холбоо тогтоох, төсөл хийх, хэл үзээд гадагш дотогш сургууль соёлд явах гээд мөн ч их бололцоо байсан даа. Даанч өөрийгөө хөгжүүлэх ямар ч эрмэлзэлгүй, мэргэжлээ гэсэн сэтгэлгүй хүмүүс юм. Ийм байхад философи яаж ч хөгжих вэ дээ!!! 

Монголын “философичдын” урагшгүй байдлыг харсан хэн ч гэсэн өөрийн эрхгүй уурсдаг. Роденийн Сэтгэгч ч мөн адил.

 

 


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД:

1. “Гахайнд л философи хэрэггүй” гэдэг сэн

2. Бурхан гэж байдаггүй

3. “Бурхан амьд, харин Ницще үхчихсэн”

4. Хүн хариултаараа биш асуултаараа танигддаг

5. Болхидуу сэтгэлгээг л үгээр илэрхийлж болдог

6. “Галзуурчихсан Сократ”

7. Философийн тухай философидолт

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж