Монголын 50 орчим иргэн Хятадад ял эдэлж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Монголын 50 орчим иргэн Хятадад ял эдэлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Индонез, БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгийн талаар Сангийн сайд С.Баярцогт, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Ерөнхий сайдын зөвлөх О.Оч, ГХЯ-ны газрын дарга Г.Батжаргал нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал Индонези улсаас эхэлж дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцжээ. Түүнд 20 гаруй орны улс төр, бизнесийн удирдагч, томоохон компанийн захирал 600-гаад төлөөлөгч оролцсон байна. Давосын эдийн засгийн чуулгын зарчмаар болдог уг арга хэмжээгээр энэ удаа шинэ эрсдэл, шинэ саад бэрхшээлийг даван туулахад ямар менежмент хэрэглэх вэ гэсэн чиглэлийг хэлэлцжээ. Дараа нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн урилгаар тус улсад  хийх албан ёсны айлчлалаа засаг захиргааны тусгай бүс Хонконг, Бээжин хотод үргэлжлүүлжээ.

Сангийн сайд С.Баярцогтын мэдээлснээр айлчлалын гол үр дүн нь хоёр орны хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл гаргасан явдал байв. Түүгээр улс төр, эдийн засаг-худалдаа, хүмүүнлэгийн харилцаа-ардын дипломат, бүс нутгийн харилцааны асуудлыг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар тусгажээ. Мөн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын хөнгө­лөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулж 2003 онд Хятадын талаас амласан 300 сая ам.долларын зээлийн асуудлыг эцэслэжээ. Өмнөх 300 сая ам.долларын зээлийн 85 хувийг Хятадын тал, 15 хувийг Монголын тал төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бол энэ удаагийн 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 100 хувь Хятадын тал хариуцахаар болсон байна. Мөн Хятадын тал Монголд 60 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ. Хонконгод Ерөнхий консулын газар нээж, МИАТ-ын онгоц шууд нислэг үйлддэг болж байгаа нь ч айлчлалын онцлох ач холбогдол мөн гэлээ.

БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын мэдээлснээр хоёр талын боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхжиж ӨМӨЗО-нд сурч буй оюутан, сурагч, аспирант, докторантыг хамруулаад 400 гаруй монгол залуус өмнөд хөршид Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа ажээ. Айлчлалын үеэр мөн Соёлын өвийг хууль бусаар хил давуулах, соёлын дурсгалт газар хууль бусаар малтлага хийх, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хулгайд алдагдахаас сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулжээ.

Ерөнхий сайдын зөвлөх О.Очийн мэдээлснээр Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр газрын тос олборлох, боловсруулах үйлдвэр барих, шатахуун нийлүүлэх чиглэлээр ярилцаж Бээжингийн ойролцоох нефть боловсруулах Янь Шань үйлдвэрт зочилсон байна. Хятадад Евро-4 стандартаар 10 төрлийн нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, удахгүй Евро-5 стандартад хүрэх юм байна.  Мөн Хятадын тал Монгол Улсын АПЕК-т элсэх асуудлыг дэмжихээр болжээ. ГХЯ-ны газрын дарга Г.Батжаргалын хийсэн мэдээллээр хоёр тал Ялтан харилцан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээ нь хоёр талын эрх зүйн салбарын гол баримт бичгийн нэг бөгөөд өмнө нь зохицуулалт байхгүйгээс дипломат шугамаар уг асуудлыг ярилцаж иржээ. Ялтан харилцан шилжүүлэх гэрээ шууд хэрэгжихгүй,  хоёр тал парламентаараа хэлэлцэж баталгаажуулсны дараа хүчин төгөлдөр болох ёстой аж.

Одоогийн байдлаар Монгол Улсын 390 гаруй иргэн Хятадын нутаг дэвсгэр дээр хэрэг зөрчилд холбогдсон баримт байна. Тэднээс 50 гаруй нь Хятадын шоронд ял эдэлж буй аж. Хонконгод Монгол Улсын 27 иргэн хэрэг төвөгт холбогджээ. Хамгийн гол нь хар тамхины хэрэг байдгийг холбогдох албаны хүмүүс онцолжээ.
Ялтан шилжүүлэхэд тодорхой зааварчилгаа байдаг аж. Хоёр талд мөрдөж буй хуулиар уг хэрэг эрүүгийн хэрэг мөн гэж нотлогдсон, шүүхийн эцсийн шийдвэр гарч давж заалдах шат өнгөрсөн байх, ял эдэлж дуусахад нэг жил үлдсэн гэх мэт мөрдөх журам байдаг юм байна. Яг тийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн  хүнийг шилжүүлж болно, болохгүй гэсэн зүйл байдаггүй аж.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж