Гондураст Зика вирусын халдвар хурдацтай нэмэгдсээр байгаа тул онц байдал зарлажээ. Гондураст өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 3649 хүн Зика вирусын халдвар авсан нь тогтоогдсон аж. Түүнчлэн халдвар авсан хүний тоо сүүлийн гурав хоногт бараг гурав дахин нэмэгдсэн нь түгшүүр зарлахад хүргэжээ. Гэхдээ Гондураст одоогоор Зика вирусын улмаас жижиг тархитай, оюун ухааны хомсдолтой хүүхэд төрөөгүй байгаа аж. Түүнчлэн нэг өндөр настан Зика вирусын халдварын улмаас нас барсан байх магадлалтай байна. Гондурасын ерөнхийлөгч вирусын халдвар тархалтыг нэн даруй зогсоохын тулд 10 сая ам.долларыг зарцуулах зарлиг гаргажээ.
Зика вирусын халдвар нь ханиад, томуутай төстэй шинж тэмдгээр илэрдэг боловч хүмүүсийн 70-80 хувьд нь ямар нэгэн зовиур илэрдэггүй аж. Гэтэл Зика вирусын эсрэг вакцин, эм хараахан гараагүй байгаа юм. Халдвараас сэргийлэх ганц арга зам нь шумуулд хазуулахгүй байх.
Африкаас гаралтай Зика вирусын халдвар Ази болон Номхон далайн орнуудад илэрч байсан бөгөөд одоогоор Латин Америк, Карибын орнуудад тархаад байна. Зика вирусын халдвар өнгөрсөн аравдугаар сард Бразилд илэрснээс хойш 20 гаруй оронд тархжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Зика вирусын халдварын улмаас олон улсад онц байдал зарласан юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE