Жанжнаар овоглосон өдөр

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Жанжнаар овоглосон өдөр

Өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр. 123 жилийн өмнөх  /1893 оны хоёрдугаар сарын 2-ны/ энэ өдөр Наймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат Дамдины гэрт төрсөн тэр эгэл хүүгийн алдар энэ олон жилээр дурсагдах болсон гавьяаг хэн ч үгүйсгэх аргагүй. Жанжнаар овоглосон энэ өдөр социализмын үед аж төрж байсан олон хүний амьдралын чухал үйл явдалтай холбогдон дурсагдах нь бий. Энэ л өдөр пионерт элсч, галстук зүүж байлаа, эвлэлийн батлахаа гардсан даа, иргэний үнэмлэхээ жанжны төрсөн өдрөөр авсан, энэ л өдөр алтан гадас энгэрт минь зүүж өгсөн юм гээд дурсах хүн цөөнгүй.

Дээхэндээ бол багахан хэмжээний баяр наадмын дайтай тэмдэглэж,  хөл хөөр ихтэй өнгөрүүлдэг энэ өдөр харин одоо ажин түжин болжээ. Өнөөдөр л гэхэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдлагууд Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуульд очихын дээр Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх гэнэ. Сүхбаатарын хөшөөнд МАН-ынхан голдуу цэцэг өргөх гэж зорин очдог болсон нь  нам хүчний талцал түүхийг хүртэл гуйвуулахад хүргэж байгааг гэрчилнэ. Цэцэг өргөхөд очоогүйгээ муухай харагдуулж, “Бид л түүнийг дурсч байна, бусад нь үгүй шүү” гэдгийг илэрхийлэх оролдлого ч гэлтэй. Баллуурдах аргагүй гавьяатнуудыг залруулах аргагүй тэнэг үйлдэлдээ ашигладгийн хамгийн тод жишээ Улаанбаатар хотын төв талбайн нэрийг өөрчлөх үед харагдсан даа. Эзэн Чингис хаан уу, их жанжин Д.Сүхбаатар уу гэсэн сөргөлдөөнийг олны дунд түгээж, намууд бие биенийхээ эсрэг зодуур болгон ашигласан нь саяхан.

Өөрийн эцэг эх, удам судраа мэдэхгүй хэр нь удирдагчийнхаа намтрыг үгчилэн цээжилдэг, бүгд л түүн шиг амьдрах гэж хичээдэг бурангуй үзэл  өнөө цагт зохихгүй. Д.Сүхбаатар өнөөдөр ч ард олондоо жанжин алдраараа дуудуулсан хэвээр байна. Хэдий төв талбайн оноосон нэрийг өөрлөөд гурван жил болж байгаа ч хүмүүс хуучнаараа дуудсан хэвээр, хөшөө дурсгал нь ч байр сууриндаа байсаар. Үндэстэн олноороо тэмдэглэдэг хоёрхон баярын нэгийг Ардын хувьсгалын ой хэмээн тодотгодог нь хуучнаараа. “Сүхбаатартай мөнгө” гүйлгээндээ гарсан янзаараа. Энэ бүхэн түүнийг бүдгэрэх аргагүй гавьяатныг гэрчилсээр байнам. Өнөөдөр Жанжны өдөр өө.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж