УИХ дахь МАН-ын бүлэг энэ өдрийн хуралдаанаараа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд мажоритар давамгайлсан тогтолцоог дэмжих болсноо мэдэгдлээ. Бүлгийн дарга Д.Лүндээжанцангийн хэлснээр МАН-ын Удирдах зөвлөлөөс мажоритар давамгайлсан холимог тогтолцоогоор сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн чиглэл гарсны дагуу бүлгийн гишүүд дэмжжээ. Ингэхдээ 52:24 байна уу, 50:26-гийн аль нь ч байлаа гэсэн мажоритaр давамгайлах ёстой гэж онцоллоо. Мөн Сонгуулийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлэхийн тулд нэр дэвшигчийг нэрээр нь дугуйлах ёстой гэж үзсэн байна. Түүнчлэн энэхүү байр сууриа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон бусад намтай хэлэлцээр хийх ажлын хэсгийг ч энэ удаагийн хуралдаанаас байгуулжээ. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар нар багтсан байна. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг 50:26 буюу пропорцианаль давамгайлсан холимог тогтолцоог батлуулахын төлөө тууштай зогсоно гэдгээ мэдэгдэж буй. Мөн пропорцианаль дээрээ намаар санал дугуйлах ёстой гэж үзэж буй. Тиймээс УИХ дахь хоёр намын бүлгийн хувьд зөвшилцөл чухал болж байна.
УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл аж. Бүлгийн гишүүдийн хувьд “Орлого багатай иргэдийг Хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх, мөн алслагдсан бүсүүдэд үйлдвэр эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг Аж ахуйн орлогын албан татвараас чөлөөлөх нь зүйтэй” гэж үзсэн байна. Ийм бодлого хэрэгжүүлснээр алслагдсан бүс нутагт үйлдвэр хөгжинө гэжээ. Тиймээс бүлгээс ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон аж. Ажлын хэсэг нь энэ чиглэлээр судалгаа хийнэ. Болж өгвөл хаврын чуулган завсарлахаас урьтаад хуульд зарим өөрчлөлтүүдийг хийнэ. Үлдсэнийг нь завсарлагааны хугацаанд боловсруулж, намрын чуулганаар батална гэсэн ерөнхий чиг гаргажээ.
Ер нь алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэгчдийг татвараар дэмжсэнээр таатай орчин бүрдэнэ гэж үзжээ. Гэхдээ үүнд архи, тамхи үйлдвэрлэгчид болон ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг хамааруулахгүй гэжээ.
Г.Дарь