-СЕХ-ны мэдээгээр 1992 онд намууд сонгуульд 137 сая төгрөг зарцуулж байсан бол 2012 онд 35 тэрбум 679 сая төгрөг зарцуулжээ-
Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээнд шуугиан тарьсан нэгэн мэдээлэл бол намын даргадаа 50 мянган ам.долларын хандивыг өгсөн тухай авлигын хэргээр шалгагдаж байгаа Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын бичсэн ил захидал. Халаглаад хачирхаад байх шинэ сэдэв биш л дээ. Урьд нь ч бас улс төрийн намдаа хандив босгож яваад ял авсан нөхрөөрөө туг тахиж, яг ингээд гарзанд гаргаад хаячихсан явдлаа МАН-ынхан мартаагүй байгаа биз. Н.Энхбаярыг эрх мэдэлтэй, намын дарга байх үед “Гаалийн” гэх Х.Баатарыг гарзанд гаргаад өнгөрч байсан хэрэг хуучраагүй.
Ил захидалдаа дурдсан бүхнийг үнэн гэдгийг, Н.Энхбаяр хэн болохыг Г.Шийлэгдамба өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо өөрийн амаар батлав.
Энэ бол зөвхөн Г.Шийлэгдамба, Н.Энхбаяр гэх хүмүүсийн хоорондын асуудал, ганцхан МАХН-ын зовлон биш юм. Монголын улс төрийн бүх намд тулгарсан бэрхшээл, шийдвэрлэх ёстой том зовлон болчихоод байгаа хэрэг. Даанч, манай намууд уламжлалт арга барил, сэтгэлгээндээ өөрчлөлт оруулахыг хүсэх нь бүү хэл бодох ч үгүй байгаа билээ. Намдаа хандив босгохоор хуруу хумсаа хуйхлан, хулгай хийж, худлаа ярьж, авлига авч, өгөлцөж яваа Г.Шийлэгдамба шиг хүн Монголын улс төрийн намуудад хэдэн арваараа, хэдэн зуугаараа бий. Ил болж, ял зэм хүртсэн нь “гаалийн” гэх Х.Баатар, илчлэгдээд шалгагдаж байгаа нь Г.Шийлэгдамба болохоос.
Үнэндээ Монголын улс төрийн намуудад хэн их хандив намдаа өгнө тэр эрх мэдэлд хүрдэг бичигдээгүй хууль үйлчлээд олон жил болж байна. Үүний үр хөврөл нь өнөөдрийн Г.Шийлэгдамбын авлига авсан гэх асуудал. Түүний хэлснээр хичнээн сайхан залуус энэ бохир зүйлийн золиос болох бол.
МАХН өндийж босохооргүй үхлийн шарх авлаа гэж хэлж болно. Тэдний шарх эдгэрэхээсээ илүүтэйгээр томорч магадгүй байна. Иймээс л Н.Энхбаяр дээр дөрөөлж эрх мэдэлд хүрнэ гэж бодож буй залуус байгаа бол эртхэн энэ замаасаа буц гэж зөвлөе. Ийм аргаар эрх мэдэлд хүрлээ гээд эцэст нь амьдралаа, нэр төрөө, улс төрийн карьераа золиослоход хүрч байгааг харсан л байлгүй.
Чухам ийм л зовлонгоос олон залуусыг гэтэлгэхийн тулд, бохир мөнгөнөөс улс төрийн намуудыг аврахын тулд, “оля”-нуудаас төрийг цэвэрлэхийн тулд Ерөнхийлөгчийн зүгээс Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг санаачилсан боловч харамсалтай нь улс төрийн намууд уг төслийг дэмжилгүй унагааж орхисон нь ердөө сар хүрэхгүйн өмнө болсон явдал. Ерөнхийдөө Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал УИХ дээр хоёр дахь удаагаа бүдэрч буй бөгөөд өмнө нь УИХ-ын гишүүн Р.Бурмаа тэргүүтэй гишүүд 2013 онд санаачсан хуулийн төсөл УИХ дээр мөн л улс төрийн намуудын дэмжлэгийг авч чадаагүй юм.
Ингээд энэ парламентын хувьд Улс төрийн намуудыг шинэчлэх реформыг хийж чадахгүй нь, хийх хүсэлгүй нь нэгэнтээ тодорхой болсон. Угаасаа ч хандиваар амьдардаг улс төрийн намууд бохир мөнгө, гол угжнаасаа салахыг мэдээж яаравчилахгүй. Гэвч тэндээс хичнээн авлигач, хулгайч, гэмт хэрэгтэн төрж гарахыг хэлэхэд хэцүү. Баригдсан нь Х.Баатар, Г.Шийлэгдамба хоёр л шүү дээ. Гэхдээ хоёрхон хүн л намдаа хандив өгсөн хэргээр ял зэм авч байгаа юм гэж битгий эндүүрээрэй. Энүүхэндээ хэлэхэд бүгд л намдаа янз бүрээр босгосон хандив өгдөг, нам нь түүнийг эрх мэдлээр шагнадаг нь хэвийн үзэгдэл болчихоод байгаа шүү дээ Тиймээс МАХН маш том үхлийн цохилт авлаа гэж Ардчилсан нам ч, Ардын нам ч бүү баярла. “Бадарчин баярлах болоогүй” гэдэг үг байдаг. АН,МАН аль аль нь адилхан том, жижиг хандиваар л амь зогоож яваа нь худлаа биш юм.
МАХН өндийж босохооргүй үхлийн шарх авлаа гэж хэлж болно. Тэдний шарх эдгэрэхээсээ илүүтэйгээр томорч магадгүй байна. Иймээс л Н.Энхбаяр дээр дөрөөлж эрх мэдэлд хүрнэ гэж бодож буй залуус байгаа бол эртхэн энэ замаасаа буц гэж зөвлөе. Ийм аргаар эрх мэдэлд хүрлээ гээд эцэст нь амьдралаа, нэр төрөө, улс төрийн карьераа золиослоход хүрч байгааг харсан л байлгүй.
Уг нь өнөөгийн парламент Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчилсөн бол Монголын улс төрд төдийгүй төрд үнэлэгдэх том гавъяа нь энэ байх байлаа.
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 25 жил өнгөрсөн хэдий ч улс төрийн намууд төлөвшөөгүйг өнгөрсөн дөрвөн жил УИХ дээр нийтдээ 12 удаа сайдыг огцруулах асуудал орж байснаас харагдаж байна.
Улс төрийн намуудын төлөвшилгүй байдал, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа зэрэг нь ардчилсан төрийн байгууллага зохих ёсоор ажиллахгүй, засаглалын хямрал үүсэхэд нөлөөлж байна гэж судлаачид дүгнэдэг. Ерөнхийлөгчийн санаалчилсан есөн бүлэг, 53 зүйлтэй хуулийн төсөлд улс төрийн намуудын санхүүжилт, гишүүдийн татвар, хандивыг ил тод болгох, түүнд тавих хяналтыг сайжруулж шилэн дансны тогтолцоонд шилжүүлэх зэрэг асуудлыг илүү цэгцтэй болгож нарийвчлан тусгаж өгсөн ч олонхийн дэмжлэгийг аваагүй шалтгаан нь нөгөө л мөнгөний асуудал. Намын санхүүжилт ил тод болчихоор намдаа хэдэн тэрбумаар нь хандив босгодог “нууц” асуудал нь ил тод болно. Эрх мэдлээр наймаалцах боломжгүй болно. Ийм л жижигхэн шалтгаанаар /улс төрийн том реформ хийх зорилгын дэргэд бол шүү дээ/ Улс төрийн намуудын тухай хуулийг унагааж авсны гор эхнээсээ Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба нарын үлдээсэн сүүдэрээр илэрч байна.
Засагт хамтрах гэж өнгөрсөн дөрвөн жил Н.Энхбаярын элдэв мэх гаргасны эцсийн зорилго ердөө эрх мэдэлд хүрэх, эргээд эрх мэдлээрээ дамжуулж, намдаа хандив босгох. Эцсийн эцэст эН.Энхбаяр гэдэг хүний тарыг таниулаад зогсохгүй Монголын улс төрийн намуудын, улс төрийн ертөнцийн ганц үнэн энэ.
СЕХ-ноос гаргасан судалгааг харахад 1992 онд намууд сонгуульд 137 сая төгрөг зарцуулж байсан бол 2012 онд 35 тэрбум 679 сая төгрөг зарцуулсан байдаг. Энэ их мөнгийг манай улс төрийн намууд ийм л аргаар олдог юм шүү дээ.
Ж.НЯМСҮРЭН