2016 онд Ази тивд ямар үйл явдал өрнөх бол. Эдийн засгийн хувьд сүүлийн арваад жил улам хүчирхэгжиж, тэр хэрээр дэлхий нийтийн шийдвэрт Ази тивийн улс орнуудын байр суурь нөлөөлөх болсон. Азийн улс орнууд дундаас мэдээж хамгийн их анхаарал татаж байгаа нь Хятад.
Хятад
Хятадад үргэлжилж байгаа шинэчлэлийн үйл явц эгзэгтэй цаг үедээ байна гэж ажиглагчид дүгнэж байна. Эдийн засгийн шинэчлэл удаан ч гэсэн хийгдэж байгаа ч саад бэрхшээл их байна. Агуу том газар нутагтай Хятадын муж хоорондын зөрчил улам тод илрэх болжээ. Өмнөд болон далайн эргийн мужуудын үйлчилгээний салбар эрчимтэй тэлж, хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа бол хойд болон төвийн мужуудийн эдийн засгийг хурдац нь саарсан барилгын болон хүнд үйлдвэрийн салбар доош нь чангааж байна. Энэ 2016 онд төрийн мэдлийн компаниудад өөрчлөлт шинэчлэл хийхээр Хятадын эрх баригчид зорьж байна. Нэн ялангуяа хөөс ихээр хуримтлагдсан салбаруудын активд илүүтэй анхаарал хандуулж, хяналт шалгалтаа чангалж байна. Үүний дүнд нефть боловсруулах үйлдвэрүүд нефть экспортлох нэмэлт зөвшөөрөл авах бол төрийн мэдлийн нефть боловсруулах үйлдвэрүүд охин компаниуд байгуулж, нефтийн хоолойгоо тэдэн рүү шилжүүлж магадгүй гэж таамаглаж байна.
Аж үйлдвэрийн салбарын толгой удирдагчид бизнесээ нийлүүлэх, нэгдэх чиглэлд ажиллах бол төр засгаас метал боловсруулах салбарын үйл ажиллагааг хязгаарлаж магадгүй байна. Ингэснээр энэ онд Хятадын үйлдвэрлэх эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт саарна. Гэхдээ үүнийг Бээжин зориудаар, албадлагаар хийхгүй, учир нь, ингэх нь тун осолтой үр дагавартай. Тиймээс Хятадын эрх баригчдын хувьд 2016 он бол эдийн засгийн өөрчлөлтийн дүнд бий болж байгаа үр дагавруудыг зохицуулах шаардлагатай болж байгаа юм. Мөн энэ онд юанийг олон улсын валют болгох эрмэлзэл үргэлжилсээр байх юм.
Эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт нь он удаан жил ужигарсан хүнд суртал, хээл хахуулийн тогтолцоог хөндөөд байгаа. БНХАУ-ын дарга Си Жиньпин авлигын эсрэг тэмцлээ энэ онд ч үргэлжлүүлнэ. Авлигатай хийх тэмцэл нь 2017 онд Хятадын Коммунист намын их хурлын өмнө улс төрийн байр сууриа бэхжүүлэх нэг гол талбар байх юм.
Энэ онд Бээжин өөр нэг том өөрчлөлтийг эхлүүлэх гэж байгаа нь батлан хамгаалах салбарын өөрчлөлт юм. Хятадын чөлөөлөх армийн бүтэц бүрэлдэхүүнийг ихээхэн өөрчилж, армиа барууны армийн загварт ойртуулна гэж ажиглагчид үзэж байна. Энэ шинэчлэлийн дүнд армийн офицерийн орон тоог буурах учраас Бээжин энэ алхмаа маш болгоомжтой хийнэ. Мөн улс төрийн комиссаруудын олон тоог ч багасгах гэж байгаа юм. Ингэхдээ эдгээр хүмүүсийн эдийн засгийн сэтгэл ханамжийг зайлшгүй харгалзах болоод байгаа.
Зүүн Өмнөд Ази
АНУ мөнгөний бодлогын хүүгээ өсгөх магадалтай байгаа нь гадаадын зээлдэгчдээс ихээхэн хамааралтай байдаг Малайз, Индонезийн эдийн засагт сөрөг нөлөөтэй. Гэсэн ч Хятадын эдийн саарч байгаа хурд бүсийн орнуудын эдийн засгийн байдлынх нь гол шалтгаан байх болно. Энэ бүс нутгийн орнууд эдийн засгаа авч гарахын тулд Хятадын эдийн засгаас хамаарах хамаарал болон АНУ-ын цэргийн хувьд хамаарах хамаарал хоёрын дунджийг олох шаардлагатай. Хэдийгээр өөрийнх нь эдийн засаг саарч байгаа ч Бээжин Зүүн Өмнөд Азийн орнуудад эдийн засгийн хамтын ажиллагаагаа санал болгож, татгалзсан нөхцөлд эдийн засаг болоод цэргийн сөрөг үр дагавар гарч болохыг сануулна.
Худалдаа, эдийн засгийн хэлэлцээрийг бүс нутгийн хэмжээнд байгуулах явц энэ онд хурдасна. 2015 оны сүүлээр байгуулсан Номхон далайн орнуудын түншлэлийн хэлэлцээр энэ онд хүчин төгөлдөр болно. Энэ хэлэлцээрт эхний ээлжинд багтаагүй орнууд нэгдэн орохыг хүснэ. Мөн БНХАУ-БНСУ-Японы гурвалсан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдах магадлал тун өндөр байгаа. Гэсэн нийт бүс нутгийн хэмжээнд огцом өөрчлөлт гарахгүй.
Эдийн засгийн хувьд хамтрах санал, санаачилга нь энэ бүс нутагт аюулгүй байдлын асуудлыг сулруулах магадлалтай. Гэсэн ч энэ бүс нутагт буй ужигарсан асуудлуудыг сулруулахгүй. Мэдээж Зүүн Хятадын тэнгисийн асуудал анхаарлын төвд хэвээр байна. Хятад энэ тэнгис дэх газар нутгийн маргаанаа үргэлжлүүлж, харин АНУ эдгээр маргаантай арлуудыг тойруулан тэнгисийн харуулын усан онгоцоо явуулж, зарим ойр хавийн улстай цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Өмнөд Хятадын тэнгист тэнгисийн харуулын онгоцоо илгээх үү, үгүй гэдгээр ид маргаан өргөж байна. Гэхдээ асуудал оны сүүлийн хагасаас нааш үийдэгдэхгүй, учир нь, Японд парламентын Дээд танхимын сонгууль энэ жил явагдана. Хэрвээ Япон тэнгисийн харуулаас татгалзаж, зөвхөн агаарын харуулаа үлдээлээ гэхэд АНУ энэ хэрэгт Австралийг оруулахаар шахна. Гэсэн ч Австрали Хятадтай эдийн засгийн харилцаагаа улам гүнзгийрүүлж байгаа учраас хамтрах нь юу л бол.
Япон
Шинзо Абегийн дэвшүүлэн тавьсан “Абеномикс” хэмээх эдийн засгийн бодлогыг шүүмжлэгчид улам олширч байна. Засгийн газар нь энэ бодлогын гурван зорилгын нэг болох мөнгөний салбарын шинэчлэлээс шүүмжлэлийн сумны байг аль болох холдуулж, бүтцийн өөрчлөлт рүү хандуулахыг хичээж байна. 2017 онд хийхээр төлөвлөж байсан худалдааны татварыг хэрэгжүүлэхээ хойшлуулахаас өөр аргагүй, учир нь, Японы эдийн засаг рецессийн ирмэгт байна. Хэрэв Абеномикс бүтэлгүйтвэл Засгийн газрын бондын үнэ тэгтлээ унахгүй байх. Гэхдээ Японы эдийн засаг Абе-г албан тушаалаа авахаас өмнөх байдалд буюу төрийн зарлагыг нэмэгдүүлж, өрөө тэлэн, өнөөдөр шийдэх ёстой асуудлаа маргааш болгон хойшлуулах болно.
Эдийн засаг сайнгүй ч гэлээ Япон бүс нутгийн орнуудтай улс төр, эдийн засаг, цэргийн харилцаагаа өргөжүүлсэн хэвээр байна. Эдийн засаг нь хүнд байгаа ч гэлээ, Японд санхүүгийн нөөц хүч бий. Энэ нөөцөө ашиглан бүс нутгийн орнууд, тэр дундаа Хятадтай дэд бүтцийн том гэрээ хэлцлүүд хийнэ.
Хятад, Япон гэсэн хоёр том өрсөлдөгчийн тэмцлээс энэ бүс нутаг л хожно. Учир нь, хэн хэн нь бүс нутаг дахь нөлөөгөө алдахгүй барьж байхын тулд дэд бүтцэд хөрөнгө оруулах, зээл өгөх, шууд хөрөнгө оруулах сонирхолтой.
Бэлтгэсэн А.ШАРАВ
ЭХ СУРВАЛЖ: STRATFOR