Цөмийн тухай хууль гаргах асуудлаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Цөмийн тухай хууль гаргах асуудлаар хуралдана

НҮБ-ын дэргэдэх цөмийн хяналтын байгууллага болох Олон Улсын Цөмийн Энергийн Агентлаг (ОУЦЭА) Японы Фүкүшима станцад гарсан ослын дараа цөмийн найдвартай байдлыг сайжруулахаар ээлжит олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна. Цөмийн асуудлаарх ОУЦЭА-ийн хурал таван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийт 150 гаруй орны төлөөлөгчид оролцож, цөмийн аюулыг хэрхэн бууруулах, холбогдох хууль тогтоомж гаргах талаар хэлэлцэх юм.

Атомын станцын болзошгүй осол аваараас найдвартай сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар олон улсууд зөрүүтэй байр суурьтай байна. Зарим орнууд улс дотроо цөмийн асуудлаа шийдсэн нь дээр гэж үзэж байгаа бол зарим нь ОУЦЭА-аас цөмийн үйл ажиллагааг зохицуулдаг олон улсын нэгдсэн хууль тогтоомжийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Хурлын үеэр цөмийн нэгдсэн хууль тогтоомж гаргах нь зүйтэй эсэхийг хэлэлцэхийн зэрэгцээ Японы Фүкүшимагийн станцад гарсан ослын тайланг хэлэлцэх аж.

Фүкүшимагийн осол дэлхий дахиныг цочроож, Герман тэргүүтэй улс гүрнүүд эхнээсээ цөмийн эрчим хүчнээс татгалзаж эхэлсэн. Гэсэн ч цөмийн хор уршиг, болзошгүй аюулаас бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой болох хүртэл ихээхэн хугацаа шаардлагатай гэж ажиглагчид үзжээ.

Фүкүшимагийн станцын ослын тухай ОУЦЭА-ийн тайлан даваа гаригт хэвлэгдэх бөгөөд зарим нэг эх сурвалжийн урьдчилан олж мэдсэнээр Япон улс атомын цахилгаан станцын ослын үед дагаж мөрдөх ёстой журмуудыг бүгдийг зөрчсөн нь тогтоогдсон тухай мэдээлж байгаа юм. Хэдий тийм ч аюултай нөхцөл байдалд аз туршин зоригтой, шургуу ажилласан Японы цөмийн мэргэжилтэн, ажилтнуудыг сайшаасан байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж