УИХ дахь уяач гишүүдийн гал

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

УИХ дахь уяач гишүүдийн гал

Айсуй наадмыг угтан УИХ дахь уяач гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхимд тогтож ядаж байна. Тааралдсан газраа "Морь хурдан уу", "Айраг иссэн үү" хэмээн мэндлэх төрийн түшээ цөөнгүй. Тэдний гал хаагуур гарахыг хамтдаа сонирхъё.

Ц.Цэнгэл, Г.Батхүү нар манлай уяач Д.Ононг түшнэ

УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл өнгөрсөн жил манлай уяач Д.Ононтой нэг гал болсон. Тэдний багт УИХ-ын дэд дарга Г.Батхүү багтдаг. "Шунхлай" групп хээрийн вагончиг, орон сууц, "00" гэх мэт нүүдлийн нүсэр бүтээн байгуулалтыг шийдчихдэг учраас энэ галынхан тансаг хэрэглээтэй. Хүй долоон худагт морь үзэхээр очсон Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд тэднийд зочилдог болохоор хөл ихтэй. Түүнээс гадна Ц.Цэнгэл гишүүн өөрийн гараар хийморийн туг хийж, уяан дээрээ залсан нь сүрлэг харагддаг. Энэ жил хэн хэнээ түшиж, ойрын үед галдаа гарах бэлтгэлээ базааж, морьдоо Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт авчирчээ.

Д.Дондог, Су.Батболд, М.Энхболд нарын морьд Төв аймагт

Нэг тойргоос УИХ-д сонгогдсон болохоор ч тэр үү, эсвэл Төв аймаг хурдтай учраас хобби нь ижил байдаг юм уу Д.Дондог, Су.Батболд, М.Энхболд нар морь уях сонирхолтой, хэн хэн нь шаггүй уяач. Тэдний гал энэ жил ойрхон гарах сурагтай.

Ч.Улаан алдарт уяач Д.Хэнмэдэх, манлай уяач Д.Сундуйжав нарыг бараадна

УИХ-ын гишүүн Ч.Улааны морьдыг жилийн жилд манлай уяач Д.Сундуйжав уяж ирсэн. Энэ жил тэрээр Д.Сундуйжав болон алдарт уяач Д.Хэнмэдэх нартай хамт галд гарах бөгөөд морьдоо Налайх орчим авчраад байгаа юм байна.

Р.Раш гишүүний морьд Өлзийт хороололд…

УИХ-ын гишүүн Р.Рашийн багийнхан Өлзийт хороололд төвлөрчээ. Давхар уяатай байлгаж ирсэн ч морьд энэ жил өнгө зүс сайтай орсныг уяачид онцолж байна. Галынхан наадам дөхүүлээд Хүй долоон худаг руу гарах бөгөөд тэдэнтэй Дундговь аймгийн уяачдын гал айлсдаг уламжлалтай.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж