“Юнивишн”, “SPS” суваг хэрэглэгчийг хохироосон гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

“Юнивишн”, “SPS” суваг хэрэглэгчийг хохироосон гэв

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хоёрдугаар сарын 1 буюу өнөөдрөөс “Юнивишн” компани интернетийн хязгааргүй багцаа хязгаарлагдмал болгож буйгаа мэдэгдсэн. Энэ шийдвэр бол “Юнившин” хэрэглэгчтэйгээ хийсэн анхны гэрээний нөхцөлийг тухай компани дангаараа шийдэн өөрчлөх болсон нь хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл  гэж хуульч О.Батхүү ШӨХТГ-т гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл,  тус компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээ хийхэд танилцуулж байсан суваг, үйлчилгээг үзүүлж чадахгүй хэрэглэгчийг хохироож эхэлжээ. Жишээлбэл кино багцад багтсан HBO Signature, HBO Family, HBO Hits зэрэг суваг гарахгүй болсон байна. Харин  SPS спортын сувгийн тухайд Premier League-ийн дөрвөн тоглолтыг гаргана. Full HD форматаар албан ёсны эрхтэйгээр хүргэнэ гэж анх контент дамжуулах эрхийг авч, иргэдээс нэмэлт төлбөр авах болсон байна. Гэвч тус суваг тоглолтыг дуу дүрсний чанарын шаардлага хангахгүйгээр  /Stream/-ээр үзүүлж эхэлсэн нь мөн л хэрэглэгчийг хохироосон зөрчил гэж сэтгүүлч Э.Амарсайхан үзэж, ШӨХТГ-т гомдол гаргажээ.

Ийнхүү иргэдийн гомдлын дагуу ШӨХТГ-аас ажлын хэсэг байгуулагдан “Юнивишн”, “SPS” спортын сувгийн үйл ажиллагаанд шалгалт хийж эхэлсэн байна. Байцаагчдын хяналт шалгалтын явцад “Юнивишн” компани сүүлийн гурван жилийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд гуравласан үйлчилгээ буюу IPTV-ийн үндсэн үйлчилгээ болох үзүүлэх сувгийн мэдээллийг гэрээнд тусгаж өгөөгүй зөрчил илэрчээ. “Юнивишн” компанийн хэрэглэгчтэй байгуулж буй гэрээнд “Юнивишн гэрээ, гэрээний хавсралт болон үйлчилгээний тарифт нэмэлт өөрчлөлт оруулах бол боломжит мэдээллийн хэрэгслийн аль нэгийг ашиглан 10 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш нэмэлт өөрчлөлт орсонд тооцно” гэж заасан нь Иргэний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулиудыг тус тус зөрчсөн байжээ.

“Юнивишн” компани “Эс пи эс эйч ди” компанитай SPS WORLD HD төлбөргүй, SPS PRIME HD, SPS ACTION HD, SPS PLUS HD  гурван сувгийг төлбөртэй дамжуулахаар 2014 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд “Нийлүүлэгч нь гэрээнд дурдагдах дөрвөн сувгаар гарах нэвтрүүлгийн контентыг чанарын шаардлага хангахуйц түвшинд, шууд дамжуулалт болон тоглолтыг монгол дуу оруулга, хөтлөлтэйгөөр тасралтгүй нийлүүлнэ” гэж заажээ.  Энэ нь нэвтрүүлгийн контентыг чанарын асуудлыг дамжуулагч талд хариуцахгүй  гэсэн үг юм. Иймээс спортын мэдээллийн бэлтгэн түгээж буй ”SPS” сувагт цагаан сараас өмнө хэрэглэгчийг хохироосон зөрчлөө арилга гэсэн албан шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж