“Эвслийг одоохондоо задлахгүй”

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

“Эвслийг одоохондоо задлахгүй”

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарч Засгийн газрыг унагахаар төлөвлөж байна гэх мэдээлэл цацагдаад буй. Хуулиараа УИХ дахь нам, эвслийн бүлэг нь 8-аас дээш гишүүнтэй байх ёстой. Хэрвээ тэд бүлгээсээ гарвал гишүүдийнх нь тоо бүлгийг төлөөлөх чадамжгүй болж, Засгийн газар унах эрсдэл үүсч байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү нарын хамтаар таныг бүлгээсээ гарч, эвслийн бүлгээ задлах нь гэх мэдээлэл цацагдаад эхэллээ. Энэ үнэн үү?

-МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл нь анх дэвшүүлж гарч ирсэн зарчмын байр суурин дээрээ байж чадаагүй алдаа олон бий. Тухайлбал, Оюутолгойн ашгийн 51 хувийг монголчуудад хүртээх амлалт өгч УИХ-д сонгогдчихоод тэр ашгийг нь 2037 он хүртэл хойшлуулж, хэзээ авах нь мэдэгдэхгүй байхад бүлгээс хэд, хэдэн шаардлагыг хүргүүлсэн байтлаа “Шударга ёс” эвсэл Засгийн газрыг хамгаалж үлдлээ.

“Шударга ёс” эвсэл шударга ажиллаж чадахгүй байгаа. “Шударга ёс” эвслээс томилогдсон сайд элдэв асуудалд орооцолдож нийгэмд шуугиан үүсгэж байна. “Шударга ёс” эвслийн дарга өөрөө Шадар сайдаар барьцаалж зарчмын асуудлаа хөсөр хаяж байгаа.

Бид гурав юу, юугүй эвслийг задалъя гэдэг шийдвэр гаргаагүй. Гэхдээ 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө бамбай болгож байсан асуудлаа хамгаалахгүй байхад яах ёстой вэ гэдгийг бид гурав ярих ёстой болж байгаа.

Ямар ч тохиолдолд хаяж гарна гэдэг хэзээд бэлэн хамгийн хялбар сонголт. Хамгийн хялбар сонголтоос би эхлэхгүй. Аргаа ядсан үед орхиж гарах сонголт хэзээд байх сонголт.

Уг нь бүлэгтэй байна гэдэг хүчтэй субьект. Зөв юм руу залах ёстой. Харамсалтай нь ийм үйл ажиллагаа хийхгүй байна. Бүлгийн хурлаа хийхээ больсон. Бүлгийн дарга маань сайд, дэд дарга мөн сайд болсон учраас завгүй байдаг байх.

-Н.Батцэрэг гишүүн сайдаар томилогдсоноос хойш олон сар өнгөрлөө. Энэ хугацаанд бүлгийн бүлгийн даргаа солих асуудал яригдсан уу. Бүлгийн даргын хувьд өөрөө өгөх сонирхолгүй байдаг юм уу эсвэл?

-Н.Батцэрэг сайд бүлгийн даргаа өгөх байр суурин дээр байгаа. Намуудын дарга нар, бүлэг хороондоо ярих л асуудал. Аль нам нь бүлгийн даргаа авах вэ гээд асуудал үүсдэг юм билээ.

МҮАН-ын зүгээс нэгэнтээ Н.Батцэрэг дарга бүлгийн дарга байсан МҮАН авах ёстой гэж үздэг, МАХН-ын дарга “Манай нам авах ёстой” гэдэг. Аль нам нь авах вэ гэдэг жижиг зовлон бий. Тэгж байгаад шийдэгдэх байлгүй дээ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж