АНУ-д хоргодох байр худалдаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

АНУ-д хоргодох байр худалдаж эхэлжээ

Сүйрлийн тохиолдол, цөмийн довтолгоо, солирын бороо орох үед хаана очиж нуугдахаа мэдэхгүй айж байна уу? АНУ-ын нэгэн аж ахуйн газар түүнийг шийдвэрлэх арга замыг хайж олжээ. Бүх тохилог орчныг бүрдүүлэн төхөөрөмжилсөн газрын гүнд байрлуулсан хоргодох байр худалдан авч болох гэнэ. Юмыг яаж мэдэхэв!

“Ирээдүйг бид урьдчилан таамаглан мэдэрч чадахгүй гэхдээ бид түүнд бэлтгэлтэй байж чадна” гэж Вивос группийнхэн/www.terravivos.com/ интернетэд байрлуулсан өөрийн вебсайтад дурдаад  цөмийн довтолгооноос хамгаалан хоргодох 20 бункер тус бүрт 200 хэсэг, нийт 4000 байрны багтаамжтай хоргодох байруудыг АНУ-ын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тараан байгуулсныг мэдэгдээд худалдан авахыг санал болгож байгаа ажээ. Нэг байрны үнэ 50000 доллар болох бөгөөд хүүхдүүд тал үнээр харин дагалдан яваа тэжээвэр амьтад үнэгүй байрлаж болох гэнэ.

 Уг нийгэмлэгийн захирал  Роберт Висино AFP агентлагийн сурвалжлагчид хандан “Нэгэн л өдөр биднийг хоргодох байр луу очих хүсэл рүү түлхэх болно” гээд “бид айдас хүйдэс төрүүлэх гэж байгаа юм биш зүгээр л асуудлыг шийдвэрлэхийг санал болгож байгаа юм” гэж өөрийгөө зөвтгөн ярьжээ. Уг сайтад Майачуудын цаг тооллын календарь болон Нострадамусын зөгнөсөн 2012 оны 12 дугаар сарын 21-нд болох дэлхийн сүйрлийн тухай эргэн дурджээ.Хэдийгээр хүн төрөлхтөн энэ сүйрлийг даван туулах боломж /NASA тэр цаг мөч ирэхэд юу ч болохгүй гэж тангараглаж байгаа/  гарах боловч террористуудын цөмийн довтолгоо,  галт уулын асар хүчтэй дэлбэрэлтүүд, нарны идэвхжилт, үхлийн сүүлт од, хими, бактеорологийн довтолгоо гээд гарч болох олон сүйрлүүд үлдэж байгаа.

“Заавал ч үгүй 2012 он гээд байх шаардлагагүй. Магадгүй маргааш ч юм уу 20 жилийн дотор ч болж болох юм” гэж Висино анхааруулаад түүний гол айж байгаа зүйл нь “нийгэм, эдийн засгийн анархизм” гэж сэтгэлээ дэлгэжээ. Тэр цааш нь ярихдаа “Засгийн газар иймэрхүү төрлийн зүйлд бэлтгэлээ базаагаад нэлээд хэдэн жил болж байгаа, тэд газар дор байрлуулсан хоргодох байртай болсон байгаа. Гэвч та элит хэсэгт хамааралгүй бол энэхүү хамгаалах байрнуудын ач тусыг хүртэж чадахгүй” гэжээ.

Түүний санал болгож буй эдгээр байруудын нэг хэсэг нь шинээр баригдсан ба үлдсэн хэсэг нь хүйтэн дайны үеийн цөмийн довтолгооноос хамгаалах зорилготой баригдсан хуучин байрууд бөгөөд сэргээн засварлах ажил хийж байгаа гэнэ. Эдгээр байрууд усан автагдвал 500 цаг усан дор байх, гадна талд болж буй 700 градусын халууныг тэсвэрлэх, 700 км/цагийн салхи, рихтерийн шатлалын10 баллын хүчтэй газар хөдлөлтийг даван туулах чадвартай гэжээ.

“Вивос-ын хамтран эзэмшигчийн хувьд нэгэн хоргодох байртай болсон. Зөвхөн хүрээд очиход л болоо. Хоол хүнс, ус, хувцас хунар, эм тариа, харилцаа холбоо болон төхөөрөмж бүгд бэлэн, тохилог сайхан” гэж  ярьсан байна.

Анхны хоргодох байрыг Калифорнийн цөлд барьж байгаа бөгөөд энэ есдүгээр сард ашиглалтад орох юм байна. Висино-гийн ярьснаар “өдөрт хэдэн зуун захиалга” хүлээн авч байгаа гэнэ.

Эх сурвалж: AFP

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж