Фукушима АЦС-ын хоёр дахь реактор нь газар хөдлөлт, цунамийн гамшигт сүйдсэн гурван реакторын нэг. Цунами АЦС-ын хөргөлтийн системийг ажиллагаагүй болгосноос хэт халалт үүсээд байгаа юм.
Япончууд өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр дахь реакторын байгууламж руу робот илгээж, доторхи температур цельсийн 41 градус, чийглэгийн төвшин 94- 99 хувьтай байгааг тодорхойлсон байна. АЦС-д осол гарснаас хойш реакторыг хөргөхийн тулд инженерүүд хэдэн мянган тонн ус хэрэглэж байгаа бөгөөд цацраг идэвхит бодис шингэсэн усыг яахаа мэдэхгүй байгаа ажээ. Фукушима АЦС-аас алдагдаж буй цацраг идэвхит бодисын хэмжээ осол болсны дараах үеэс эрс нэмэгдсэнийг инженерүүд тогтоож, цэвэрлэх ажиллагааг түр зогсоох болсноо саяхан мэдэгдсэн юм. Хоёр дахь реакторын цацраг идэвхит бодисын хэмжээ нэг, гуравдугаар реактороос харьцангуй бага байгаа бөгөөд чийглэгийн төвшин, температурыг хянах боломжтой болсон үед ажилчид дотогш орж, эвдрэл гэмтлийг засах ажээ. АЦС-ын ослоос болж амь үрэгдсэн хүн байхгүй ч Фукушима Даичигийн 100,000 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн билээ.