АНУ-ын эдийн засаг өнгөрсөн дөрөвдүгээр улиралд 0,7 хувиар, жилийн дүнгээр хоёр хувийн өсөлттэй гарсныг Худалдааны яамны мэдээлэв. “Bloomberg” агентлагийн асуулгад хамрагдсан шинжээчид өсөлтийг 0,8 хувьтай гарна гэж хэлж байсан юм.
АНУ-ын улсын эдийн засаг 2015 оны дүнгээр 2,4 хувийн өсөлттэй байсан нь өмнөх жилийнх шиг үзүүлэлт юм. Эдийн засгийн өсөлт нь 2005 оноос хойш гурван хувиас дээш тоог харуулж чадаагүй явна. Хэрэглээний зарлагын өсөлт нь арван жилдээ хамгийн өндөр болсон байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр улиралд АНУ-ын ДНБ-ний 70 хувийг эзэлдэг хэрэглээний зарлагын хэмжээ 2,2 хувиар нэмэгдсэн нь дүгнэгдэж байснаас илүү гарчээ. Гэхдээ III улирлынхаас (3%) бага байлаа. Хэрэглээний салбар эдийн засгийн өсөлтөд 1,46 хувийн пунктыг нэмэв.
Үүний зэрэгцээ, нефтийн дэлхийн эрэлтийн болон үнийн бууралт нь компаниудын хөрөнгө зарцуулалтыг бууруулжээ. Өнгөрсөн улиралд үйлдвэрүүдэд оруулсан хөрөнгө оруулалт жилийн үзүүлэлтээр 1,8 хувиар багассан байна. Америкийн корпорациудын шинэ тоног төхөөрөмжийн зарлага 2,5 хувиар , барилга багууламжийн зарлага 5,3 хувиар, нефть, хийн өрөмдлөгийн төхөөрөмжийн зарлага 38,7 хувиар буужээ.
Худалдааны тэнцвэрийн баланс IV улиралд 566,1 тэрбум доллар хүртэл алдагдан, ДНБ-ний өсөлтийг 0,47 хувийн пунктээр бууруулсан байна. Инфляцийн эрсдлийн үнэлгээг тооцдог Холбооны нөөцийн системийн Core PCE (Personal Consumption Expenditures, Excluding Food & Energy) индекс IV улиралд 1,4% -1,2% болтол доошиллоо.
Америкчууд тус орноор өмнө нь дайран өнгөрсөн цасан шуурганы дараа үлдсэн хунгарыг гаталж байгаа нь. Энэ 11 мужийг дайрсан байгалийн гамшгийн хохирол нь гурван тэрбум доллар гаруй болжээ. Гэхдээ энэ хохирол нь дараагийн улирлын тооцоонд орно.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР