Францын “Гран-При” тэмцээнээс Л.Төртогтох, Ж.Чулуунбат нар, Дан Коловын тэмцээнээс Б.Номин хүрэл медаль авчээ
Франц улсын нийслэл Парис хотын "Centre d’entrainement Olympique" спортын ордонд уламжлалт “Гран-При” олон улсын III дахь тэмцээн гурван төрлөөр болж, сүүлийн өдөр буюу өчигдөр/01,31/ эрэгтэй 61, 70, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.
61 кг-ын жинд 10 бөх барилдсанаас “Алдар” спорооны бөх, олон улсын хэмжээний мастер Б.Хаш-Эрдэнэ нэгдүгээр тойрогт Ираны бөх Мухтар Садехикукандентэй таарч 2:12 онооны харьцаагаар дийлджээ.
70 кг-ын жинд 13 бөх барилдсанаас “Хилчин” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Д.Алтангэрэл нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Францын бөх Жонни Жюст Буртай барилдаж 4:4 онооны харьцаагаар хожигджээ.
86 кг-ын жинд 15 бөх барилдсанаас “Хилчин” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатар нэгдүгээр тойрогт Унгарын бөх Иштван Веребтэй барилдаж, 0:10 онооны харьцаагаар ялагджээ. ”Хүч” спорт хорооны бөх Б.Бат-Эрдэнэ нэгдүгээр тойрогт Францын бөх Сейфедейна Алекмад 2:12 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.
“Хилчин” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Л.Төртогтох нэгдүгээр тойрогт бельгийн бөх Абдулла Омаровыг 7:0 онооны харьцаагаар хожиж, хоёрдугаар тойрогт Унгарын бөх Иштван Веребт 1:6 онооны харьцаагаар дийлдэн дагах барилдааныг П.Өсөхбаатартай хийж, 4:3 онооны харьцаагаар дийллээ. Тэрээр хүрэл медалийн төлөө барилдаанд Шведийн бөх Найб Илалдаев Итаевыг цэвэр даржээ. Өнгөрсөн жил ОХУ-ын Якут улсад болсон нэрт дасгалжуулагч Д.Коркиний нэрэмжит тэмцээнд мөн түрүүлж байсан билээ.
125 кг-ын жинд 12 бөх барилдсанаас “Хүч” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Н.Золбоо нэгдүгээр тойрогт Унгарын бөх Даниэль Лигетид 0:10 онооны харьцаагаар хожигджээ.
“Сүлд” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Вэнэсуэлийн бөх Луис Филипп Урбанижед 5:9 онооны харьцаагаар хожигдон хүрэл медалийн төлөө Бразилийн бөх Антуан Брага Абоутай хүч үзэж 10:0 онооны харьцаагаар хожжээ.
Болгар улсын нийслэл Софи хотын "UNIVERSIADA” SPORT HALL" спортын ордонд алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 53 дахь удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болж тэмцээний сүүлчийн өдөр дэвжээнд ганцаараа гарч 65 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Б.Номин нэгдүгээр тойрогт словакийн бөх Мукола Болотнякийг, хүрэл медалийн төлөө барилдаанд македоны бөх Дежан Митровыг ялжээ.
Манай эрэгтэй бөхчүүд 2016 оны хоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Турк улсын Стамбул хотын “Ahmet Cömert Sports Hall” спортын ордонд болох туркийн алдарт бөх Я.Догугийн нэрэмжит 44 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээнд оролцоно.
МЧБХ. Д.Өлгийсайхан