Урьдчилгааг хэвээр үлдээнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Урьдчилгааг хэвээр үлдээнэ

Урьдчилгааг хэвээр үлдээнэ

Ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувь болгон бууруулахаар болсон талаар Засгийн газар, Монголбанкнаас мэдээлсэн. Иргэдийн дунд энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ гэсэн хүлээлт багагүй бий. Ялангуяа өмнө нь найман хувийн зээл авсан хүмүүсийн хувьд зээл нь таван хувийн хүү рүү шилжих болов уу хэмээн найдаж байгаа билээ.

Орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулахаар 16 журам, гэрээнд өөрчлөлт оруулахаар төв банкнаас Засгийн газар болон банкуудтай хамтран ажиллаж байгаа юм байна. Дээрх ажлыг ойрын хугацаанд дуусгаснаар таван хувиар зээл олгох, өмнө нь олгосон зээлийн хүүг таван хувьд шилжүүлэх ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх боломжтой болж байгаа аж.

Харин Барилга хот байгуулалтын сайдаар МАН-ын гишүүн Д.Цогтбаатар ажиллаж байхдаа санаачилсан ипотекийн зээлийн урьдчилгааг 30 хувиас 10 хувь болгох асуудал бүтэхгүй болжээ.

Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар “Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулахаар 16 журам, гэрээнд өөрчлөлт оруулахаар Засгийн газар болон банкуудтай хамтран ажиллаж байна. Энэ ажлыг ойрын хугацаанд дуусгаснаар таван хувиар зээл олгох, өмнө нь олгосон зээлийн хүүг таван хувьд шилжүүлэх ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх боломжтой юм. Урьдчилгаа төлбөрийн хувьд анх хөтөлбөрийг эхлүүлэх үед баримталж байсан 30 хувийн урьдчилгаатай байна гэсэн бодлого хэвээр байгаа. Энэ нь нэг талаас иргэдийг орон сууцтай болохын тулд илүү их хөдөлмөрлөж, хуримтлал бий болгох, нөгөө талаас зээлийн эрсдэлийг бууруулан банкны системийн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой. Харин Засгийн газраас ипотекийн зээлийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг харгалзан үзэж, урьдчилгаа төлбөрийн тодорхой хувьд татаас өгөх нь тусдаа асуудал юм. Тухайлбал, Засгийн газраас олон жил, үр бүтээлтэй ажиллаж нийгэмдээ хувь нэмрээ оруулсан, татвар хураамж, нийгмийн даатгалын санд шимтгэлээ тогтмол төлж ирсэн иргэдэд орон сууц худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого бусад улс орнуудад байдаг. Энэ талаар ямар бодлого, зарчим баримталж байгааг Засгийн газраас тодруулах нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хүүг бууруулах нь мөнгөний бодлогын, урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэх эсэх нь төсвийн халамжийн бодлогын асуудал юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

О.САР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж