-Тогтонги усанд хэдэн саяараа өндгөө шахдаг шумуулыг устгах аянд Бразил морджээ. Харамсалтай нь хорлонтой үйлдэл хийсэн улстөрчдийг авлах аянд мордож болохгүй юм даа-
Америк тив Зика вирусийн халдварт автан бужигнаж байна. Өмнөд Америк тивийн арав гаруй улсын заримд нь голомтлон тархаж, өнгөрсөн долоо хоногт АНУ болон Европын зарим улсад вирусийн халдвар илэрлээ. Шумуулаар тархан халдварлаж байгаа энэ вирусын хамгийн хөнөөлтэй нь жирэмсэн эх халдварласан тохиолдолд хүүхэд нь жижиг гавалтай төрж, үүнийгээ дагаад тархины хэмжээ бага байгаа нь улмаар уг хүүхэд оюуны хомсдолтой болох аюултай. Жирийн хүүхэд хөнхөр духтай байдаг бол Зикагаар халдварласан хүүхдүүдийн дух урагш бөмбийн гарч ирээгүй шинжээр нь эхний ээлжинд оношилж байна. Энэ вирус 40-өөд жилийн өмнө анх Африк тивд бүртгэгдэж байсан ч ингэж аюулын хэмжээнд очтолоо тархаж байгаагүй юм. Хамгийн их тохиолдол илэрсэн улсаар Бразил тодроод байна. Тус улсад жилд дунджаар 200 орчим оюуны хомсдолтой хүүхэд төрдөг бол өнгөрсөн оны аравдугаар сараас хойш оюуны хомсдолтой, тэр дундаа Зикагаар халдварласан байх магадлалтай хүүхдийн тоо 4000 хүрсэн учраас Бразилийн Засгийн газар улс орнуудад хандан хамтран тэмцэхийг энэ халдвартай уриалаад байна. Бразил даяар гавлын тойрог нь 33 см-ээс бага төрсөн бүх хүүхдийг бүртгэсэн нь ийнхүү 4000 болоод байгаа юм. Гэсэн ч хамгийн сүүлийн мэдээгээр энэ дунд зүгээр л жижиг гавлын ястай төрсөн 700 гаран эрүүл хүүхэд бүртгэгдсэнийг илрүүлжээ. Гэсэн ч үлдсэн 3000 гаруй тохиолдол бол их тоо юм. Энэ вирусийг устгах вакцин хараахан гараагүй учраас эмч нар эмэгтэйчүүдийг жирэмслэхгүй байхыг л уриалахаас өөр хийж чадах юмгүй байна.
МАН-ын гишүүд голдуу, мөн бие даагчид, бас эрх баригч Ардчилсан намын нэг гишүүний гарын үсэг зурсан алга дарам цаас Зика вирусаас илүү хор хөнөөлийг Монголын эдийн засагт, нэр хүндэд авчирсан.
Ертөнцийн нөгөө бөөрөнд ийнхүү Зика хэмээх вирус бужигнуулж байгаа бол Монголд засаг огцруулах уламжлалт бөгөөд хорлонтой бужигнаан өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Монголын эдийн засгийн нэг гол хөдөлгөх хүч болох учиртай Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг Дубай хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай зурсан. Энэ төлөвлөгөө нь Монголын эрх ашигт харшилсан гэж УИХ-ын 20 гишүүн үзэн Ерөнхий сайдыг албан тушаалаас нь огцруулах тогтоолын төслийг хоёр долоо хоногийн өмнө өргөн барьсаныг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригийн шөнө дөлөөр УИХ эцэслэн шийдлээ. Уул уурхайн аливаа олборлолтын эсрэг байнга дуугардаг УИХ-ын гишүүн Г.Уянга гэрээ зурагдсан цагаас хойш Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зуруулахаар хөөцөлдөж огцруулах үндэслэл бүрдэх 20 гишүүний тоо хоёр долоо хоногийн өмнө бүрдсэн. МАН-ын гишүүд голдуу, мөн бие даагчид, бас эрх баригч Ардчилсан намын нэг гишүүний гарын үсэг зурсан алга дарам цаас Зика вирусаас илүү хор хөнөөлийг Монголын эдийн засагт, нэр хүндэд авчирсан.
2012 онд тангараг өргөснөөсөө хойш УИХ анх удаа элэг бүтэн цуглаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахгүй хэмээн олонхийн саналаар шийдлээ. Угаасаа огцруулах, томилох асуудлыг хэлэлцэх үед ирц өндөр байдаг уламжлал Монголын парламентад бий. Өөр нэг ирц бүрдүүлдэг сэдэв нь мэдээж мөнгөтэй холбоотой асуудлыг шийдэх үед. Харин улс орны хөгжил, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлын үед уг асуудлыг хариуцсан хүмүүс болон хурал даргалагчаас өөр хүн танхимд байдаггүй эмгэнэлт дүр зургийг хэр удаан сонгогч бид харахыг хэн ч хэлж мэдэхгүй. Магадгүй ийм дүр зургийг харахаас өмнө Зикагийн эсрэг вакцин гарна биз.
Засаг огцруулах санал тун хорлонтой байсан. Мөнгөний хомсдолд ороод байгаа Монголын Засгийн газар дэлхийн зах зээл дээрээс дахин бонд босгох боломж хайж байгаа үед засаг огцруулах бужигнаан явагдсаныг хорлонтой гэж хэлэхээс өөр аргагүй. Мөн улсын Ерөнхийлөгч нь Давосын эдийн засгийн ээлжит форумд оролцож, Монголын эдийн засаг удахгүй сэргэнэ, та бүхэн нүүрээ битгий буруулаарай хэмээн ярьж явах үед гарсан энэ бужигнаан хорлонтой биш гэж үү. Давост хамгийн их гуйлга гуйсан нь Монгол улс байсан гэдэг нийтлэлийг барууны нэгэн сэтгүүлч бичсэн хэмээн монголын хэвлэлүүд шуугисан. Эх оронч хэмээн өөрсдийгөө илэрхийлсэн хийрхсэн улстөрчид эдийн засгаа нураагаагүйсэн бол өдийд ингээд бадар барьсан гуйлгачин болохгүй л байсан. Эх оронч үг хэлдэг улстөрчид улс орныг хөгжүүлэх санал, гарц хэлж байсан тохиолдол бийсэн билүү. 20 гишүүний гарын үсэг чухам энэ цаг үед бүрдсэнийг бодолцох хэрэгтэй. Улс орны эдийн засаг эгзэгтэй ийм үед засаг огцруулах санал хорлонтой гэдгийг гарын үсэг зурсан 20 мэдэхгүй биш мэдэж байгаа. Гагцхүү энэ нь жижиг чулуугаар том чулуу хөдөлгөдөг улс төрийн төрийн наймааных нь нэг байсан. Ардчилсан намын гаргаж тавьсан хүн амын тоонд дүйцүүлэн сонгуулийн тойргийг байгуулах санал хэрвээ явсан бол хамгийн их хохирлыг МАН амсах байсан. Хэзээ ч цэнхэртэж байгаагүй улаан аймгуудын тойргоос нэгийг сугалж хотод нэмэх Ардчилсан намын санал ч бас зэвүүн. Гэвч үндэслэл бий. Ардчилсан намын энэ санал Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар унасан явдлыг Ардчилсан нам засгаа авч үлдсэнтэй холбон ойлгох учиртай.
Тогтонги усанд хэдэн саяараа өндгөө шахдаг шумуулыг устгах аянд Бразил морджээ. Харамсалтай нь хорлонтой үйлдэл хийсэн улстөрчдийг авлах аянд мордож болохгүй юм даа.
Д.НАРАНТУЯА