Орос дахиад Туркийн хилийг зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2016.01.31-нд нийтлэгдсэн

Орос дахиад Туркийн хилийг зөрчсөн гэв

 

Оросын байлдааны онгоц Туркийн хилийг дахиад зөрчсөн гэж Анкара мэдээлэв. “Хэрэв ОХУ үргэлжлүүлэн хил зөрчсөөр байвал хариу арга хэмжээ авна” хэмээн Туркийн гадаад хэргийн сайд мэдэгджээ. Оросын СУ-34 байлдааны онгоц өнгөрсөн баасан гаригт /I.29/  орон нутгийн цагаар 11.46 цагт Сиритэй залгаа орших хилийг зөрчсөн гэж Туркийн албаныхан мэдээлж байна. Харин ОХУ-ын зүгээс үүнийг ор үндэсгүй худал суртал ухуулга хэмээн няцаажээ.

 

Өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Оросын СУ-24 байлдааны онгоцыг Туркийн арми сөнөөсөн нь хил зөрчсөнөөс болсон хэмээн Анкара мэдэгдсэн юм. Харин ОХУ-ын зүгээс Туркийн хилийг зөрчөөгүй байхад байлдааны онгоцыг нь отож сөнөөсөн гэж буруутгажээ. Энэ хэргээс үүдэн ОХУ болон Туркийн харилцаа муудаж, Москва Анкарагийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан билээ. Оросын хоригийн улмаас Турк 10 тэрбум ам.долларын хохирол амсах урьдчилан тооцоо гарсан. Түүнчлэн ОХУ Туркийг Исламын улс бүлэглэлээс нефть худалдан авч, террористуудыг санхүүжүүлдэг хэмээн буруутгажээ.

 

ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас хойш Сирийн хойд хэсэгт “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгч байгаа билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж