Монгол дэлхийд нэвтрэх гарцаар Хойд Солонгосыг сонгоно

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Монгол дэлхийд нэвтрэх гарцаар Хойд Солонгосыг сонгоно

   Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ”Манай улс Хойд Солонгосын боомтоор дамжуулан эрдэс баялгаа тээвэрлэх талд хараагаа чиглүүлж байна” гэж Блүүмбергт өнгөрсөн баасан гаригт мэдээлжээ.

Түүнчлэн тэрбээр “Хоёр орны сайн харилцаа нь тус улсын боомтоор дамжуулан Монголыг далайд гарцтай болоход дөхөм үзүүлнэ. Монголын хувьд уул уурхайн төслүүд рүү хошуурахын хэрээр далайн тээвэрлэлтээ баталгаажуулах нь зайлшгүй юм” гэжээ. Тэрбээр мөн Монголын гол экспорт нүүрс, зэс боловч  газрын тос, төмрийн хүдэр, газрын ховор элемент, поташ, ураны баялагтай” хэмээжээ.

Ерөнхий сайд дэлхийн зах зээлтэй холбогдохын тулд Хойд Солонгосыг түшиглэхээр зорьж буйгаа илэрхийлэхийн сацуу Хятад, Орос, барууны орнуудтай харилцаагаа тэнцвэртэй хадгална гэснийг Блүүмберг онцолсон байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосын тал 2009 оны тавдугаар сард цөмийн зэвсгийн туршилт хийснээс нь үүдэн тус улсад худалдааны болон санхүүгийн хориг арга хэмжээ авсан билээ.

Ерөнхий сайд энэ талаар  “Хойд Солонгос тусгаарлагдахыг бид хүсэхгүй байна. Тус улсыг дэлхийн  бусад оронтой холбох үйлсэд оролцохыг бид хичээх болно” гэжээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж