“Уран тогоо” бүсийн өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

“Уран тогоо” бүсийн өдөрлөг болов

Нар хур тэгширсэн дэлгэр зуны өдрүүдэд Булган аймгийн Тэшиг сумын нутаг дахь Харгал хэмээх үзэсгэлэнт нуурын хөвөөнд Булган аймгийн Тэшиг, Баян-Агт, Сайхан, Хутаг-Өндөр сумын боловсрол, соёлын байгууллагуудын “Уран тогоо” бүсийн “Харгал 2011” тайлант өдөрлөг боллоо. 2010-2011 оны хичээлийн жил өндөрлөж, сургалт, хүмүүжлийнхээ үйл ажиллагааг дүгнэх үетэй давхцсан энэ тайлант өдөрлөг нь бүсийн боловсрол соёлын байгууллагууд бие биенийхээ туршлагаас судлах, санал бодлоо солилцох, урлаг спортоор өрсөлдөх боломж олгож байгаа төдийгүй багш мэргэжилтнүүдийн хувьд зуныхаа амралтыг сайхан эхлүүлсэн, алжаал тайлсан хэрэг боллоо.

Дөрвөн жилийн өмнө байгуулагдсан “Уран тогоо” сургууль, соёлын бүсийн байгууллагууд өмнөө тавьсан 33 зорилтоо биелүүлж, өнөөдөр нэгдмэл нэг удирдлага, зохион байгуулалттай, нэгдсэн сургалтын хөтөлбөр программтай, багш солилцооны бие даасан өвөрмөц хөтөлбөртэй, “Нийт нь нэгнийхээ төлөө, нэг нь нийтийнхээ төлөө” гэсэн уриан дор “Бид Уран тогоо бүсийн багш, ажилтан” гэсэн ганцхан хаягийн дор ажиллаж байгаа нэгдмэл хамт олон болж чаджээ.
  
“Харгал 2011” тайлант өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын ирүүлсэн мэндчилгээндээ “Монгол Улсыг хөгжүүлэх бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг орон нутгийн түвшинд боловсрол, соёлын салбарт хөгжүүлэх анхны алхам болсон Булган аймгийн хоймор дөрвөн сумын “Уран тогоо” бүсийн үйл ажиллагаа өнөөдөр аймаг орон нутагтаа төдийгүй улс орны хэмжээнд үлгэр жишээ болохуйц олон сайхан туршлагыг хуримтлуулж чадсанд баяртай байна” гэж дурджээ.

“Уран тогоо” бүсийн үйл ажиллагааг байнга дэмжиж байдаг салбарын яам, аймаг, орон нутгийн удирдлагуудад өдөрлөгт оролцогчид талархал илэрхийлээд цаашид сургууль, соёлын бүсийн үйл ажиллагааг сайжруулахын тулд удирдлага, санхүүжилтийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв.
Энэ удаагийн өдөрлөгийг зохион байгуулахад багш мэргэжилтнүүд бүгд хувиасаа хөрөнгө санхүүгээ жигд гарган оролцсон нь сургууль, соёлын бүсээ хөгжүүлэх хамт олны чин хүсэл эрмэлзэл хэчнээн өндөр байгааг нотолсон хэрэг боллоо.
Өдөрлөгийн үеэр зарим нэгэн багш, удирдах албаны хүмүүсийн санал сэтгэгдлийг та бүхэнд хүргэе.

Т.Дэлгэрмаа /Булган аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтэн, “Уран тогоо” бүс хариуцсан зохицуулагч/

– “Боловсролын хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд анх 2007 онд Хөвсгөл аймагт, Хөвсгөл, Булган аймгуудын нийт сургуулийн менежерүүдийн “Хамтын ажиллагаа хөгжлийн үндэс” зөвлөгөөнөөс уриалга гаргаж  ойролцоо сум сумаараа сургууль, соёлын байгууллагууд нэгдэж бүсийн зохион байгуулалтад орж ажиллахаар шийдвэрлэсэн юм.

Ингээд Булган аймгийн Тэшиг, Баян-Агт, Сайхан, Хутаг-Өндөр сумын боловсрол, соёлын байгууллагуудын төлөөлөл 2007 оны тавдугаар сард Тэшиг суманд “Уран тогоо” бүсийг зохион байгуулах хурлыг хийж, ирэх дөрвөн жилийн хөтөлбөрөө боловсруулсан. Энэ хөтөлбөртөө 33 ажил хийхээр төлөвлөсөн. Одоо энэ ажлын маань биелэлт өнөөдөр 80-90 хувийн хэрэгжилттэй байна.

Бүсийн зохион байгуулалтад орж ажилласнаар ямар ч байсан бүгд бид бие биенээ таньдаг болж, хийж бүтээж байгаа зүйлсийг нь мэддэг болж хамтын ажиллагаа, туршлага солилцох уур амьсгал бий болсон. Үндсэндээ манай бүсээс улсын тэмцээн уралдаанд манай нутгийн сургууль гэхгүй, “Уран тогоо” бүсийн тийм багш, тийм ажилтан тийм амжилт гаргалаа гэж нэрлэдэг болсон. Энэ бол бидний том ололт гэж боддог юм.

Л.Түмэндэмбэрэл / “Уран тогоо” бүсийн багийн ахлагч/

-Манай бүсийн сургуулиуд бүгдээрээ хичээлийн нэгдсэн хөтөлбөртэй байдгаараа онцлог. Энэ нэгдсэн хөтөлбөрийг жигд хэрэгжүүлэхэд орчин үеийн мэдээллийн шинэ технологийг ашиглаж байж л хэрэгжүүлнэ шүү дээ. Манай хойд бүсийн дөрвөн сургууль материаллаг баазын хувьд маш их сайжирсан шүү дээ. Би ч ер нь юм их гуйдаг. Хол ойр явдал суудал гарахад ямар нэгэн хүсэлтийг заавал уламжилж хөөцөлдсөний үр дүнд манай бүсийн сургуулиуд материаллаг баазын хувьд их сайжирсан. Ер нь ганц нэг сургууль ажил хөөцөлдөж явснаас  бүсийн сургуулиуд гээд явахад бүтэх нь амар байдаг юм. Бид чинь зохион байгуулалтад ороод хойд бүсийн 15 мянган хүнд боловсрол соёлын үйлчилгээг 250 гаруй багш мэргэжилтнүүд үзүүлж байна. Хоёр гурван зуун хүүхдийн төлөө нэг сумын сургууль гэхийн оронд бүхэл бүтэн 15 мянган хүний өмнөөс ярихаар анхааралтай сонсдог юм.

Д.Энхтуяа /Булган аймгийн Тэшиг сумын Бүрэн дунд сургуулийн захирал/

-“Уран тогоо бүс”-ийнхэн маань хоёр жил тутамд тайлан тавьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Тэшиг сумын нутагт Харгал нуурын хөвөөнд “Харгал-2011” тайлант өдөрлөгөө зохион байгууллаа.

Байгууллага болон өөр өөрсдийнхөө үйл ажиллагааны тайланг тавьснаар бие биенийхээ туршлагаас судлах, суралцах боломж бүрдэж байна. МАнай бүсийн дөрвөн  сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвд 260-аад хүн ажилладаг. Нэг сум ойролцоогоор 3000-аад хүн амтай гэж бодоход 12 мянга орчим хүнд бид үйлчилгээ үзүүлж байна.  

Манай бүсийн ажлын амжилт нь байнга хамтарч ажилладаг учраас аймаг, бүс, улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд байнга эхний байрыг эзэлж, өндөр амжилт үзүүлж байгаагаараа илэрхийлэгдэнэ.

Булган аймгаас явуулж байгаа уралдаан тэмцээнүүдэд тэргүүлэн, улсын чанартай багшлах ур чадвар, сурган хүмүүжүүлэх, уншлага, мэргэжлийн олимпиадуудад тогтмол тэргүүлж явна.

Манайхан боловсон хүчний хувьд намар, хавар багш нарын баг гаргаад багш солилцоог зохион байгуулдаг. Тэдгээр солилцооны багш нар маань тухайн сургууль багш миний нүдээр гэсэн дүгнэлт хийдэг, хамтарч ажиллаад хичээл заадаг, соёл олон түмнийхээ ажлыг зохион байгуулаад дараа нь дүгнээд манай сургууль дээр ийм зүйл байдаг, танай сургууль дээр ийм зүйл дээр анхаармаар юм байна гээд ярилцаад тайлагнаад явдаг. Үүгээрээ бусад сургуулиудаас бид тухайн сургуулиас туршлага судлаж байна мөн цаашид ингэж ажилламаар байна гэсэн санаа зорилгоо тодорхойлдог юм.

Бид санаа зорилгоороо нэгдээд хамтын үйл ажиллагаагаа тодорхой хэмжээнд явуулж байгаа ч цаашдын үйл ажилд маань хөрөнгө санхүүгийн дэмжлэг дутагдалтай байна. Бүсийн үйл ажиллагааг цаашид сайжруулахын тулд санхүүжилтийг нэмж өгөх хэрэгтэй. Бидэнд бүсийн үйл ажиллагааг явуулахад зориулсан тусгайлан төсөв гэж байдаггүй. Бид өөрсдийнхөө зүрх сэтгэлээр байгууллагаасаа, багш ажилчид маань хувиасаа тодорхой хэмжээний санхүүжилт хийгээд үйл ажиллагаагаа явуулж байна. Бүсчилсэн хөгжлийг хөгжүүлье шинэ шатанд гаргая, сургуулиудаа дэмжье хөгжүүлье гэвэл санхүүжилт, хөрөнгө оруулалтыг цаашид  нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Ийнхүү “Уран тогоо” бүсийн хамтын ажиллагааны сайн жишээ олон хүний талархлыг хүлээж улсын хэмжээний нэгдсэн тайланд дурдагдах боллоо. Сүүлийн жилүүдэд багш нарын ур чадварын уралдаанд “Уран тогоо” бүсийн багш нар аймагтаа тогтмол шалгарч байна. Улсын ур чадварын уралдаанд “Уран тогоо бүс”-ийн 8 багш оролцож, Тэшиг сумын багш Нансалмаа зургадугаар байранд оржээ. Мөн мэдээлэл зүйн улсын олимпиадад Хутаг-Өндөрийн сумын сургууль багаараа оролцож, багш нь түрүүлж, сурагч нь мөнгөн медаль хүртэж, улсад багаараа хоёрдугаар байрт оржээ.

Энэ бүх амжилт бол хамтын ажиллагаа бүсийн хөгжлийн үр дүн гэж “Уран тогоо”-гийн хамт олон дүгнэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж